2020 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-нд эхэллээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат, захирал Ж.Ган-Эрдэнэ мэдээлэл өглөө.
БҮТ-ИЙН ЗАХИРАЛ Ж. ГАН-ЭРДЭНЭ ХЭЛЭХДЭЭ:
- "ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Мөн Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлсэн. Энэ хоёр шалгалт өөр гэдгийг онцолмоор байна. Монгол хэлбичгийн шалгалтын цахим бүртгэл өнөөдөр эхлээд гуравдугаар сарын 16-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Монгол хэлбичгийн шалгалт гуравдугаар сарын 28-нд зохион байгуулагдана. Ялангуяа өмнөх оны төгсөгчид уг шалгалтыг ЭЕШ-тай хамт өгдөг хэмээн ташаа ойлгосноос өгч чадаагүй шалгуулагчид олон бий. Хэрэв Монгол хэлбичгийн шалгалт өгч чадаагүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй байдаг. Энэ жил 32 мянган шалгуулагчид байгаа гэж тооцоолон улсын хэмжээнд 50 шалгалтын байрыг бэлтгэнэ"
ХАРИН БҮТ-ИЙН ДАРГА Л. ГАНБАТ ХЭЛЭХДЭЭ:
- " Монгол хэлбичгийн шалгалтын хувьд энэ жил 12-р ангиа төгсөж байгаа шалгуулагчдын мэдээллийг БҮТ-өөс БСШУСЯ-ын нэгдсэн системээс автоматаар татаж бүртгэлийг баталгаажуулж, эрх үүсгэнэ. Өөрөөр хэлбэл энэ жилийн төгсөгчид сургуулийн захиргаагаар дамжуулаад Монгол хэлбичгийн шалгалтад орох эсэх эрх нь үүсэх юм. Тэрнээс биш тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд өмнөх жилүүдэд төгссөн хүмүүс тусгайлан бүртгүүлэх шаардлагатайг анхаарна уу.
Бүртгэлийн хугацааг сунгах, багасгахгүй. Шалгуулагч ямар мэргэжлээр, аль сургуульд суралцах талаараа шийдвэрээ гаргасан болон ингэхийн тулд ямар шалгалтууд өгөх талаараа өөрсдөө ойлголттой байх ёстой. Хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгсөн байх ёстой.
Бүртгэл хуучин зарчмын дагуу хийгдэнэ. Өөр ямар нэгэн өөрчлөлт ороогүй. ЭЕШ өгөх сурагчдад зориулсан заавар, зөвлөгөөг онлайнаар хүргэх ажлыг системтэйгээр хүргэнэ
Бүртгэлтэй холбоотойгоор шалгуулагч 10 хичээлээс хүссэн тоогоор өгөх боломжтой. Зарим удирдлага, багш хүүхдийн эрхийг зөрчиж шалгалт өгөх хичээлийн шаардлагыг тулгадаг. Тухайн хүүхэд өөрийн хүссэн хичээлээрээ шалгалтаа өгөх эрхтэй. Өнгөрсөн жилийн ЭЕШ-д 4-5 шалгалт сонгож өгсөн хүүхдүүдийн дүн бусдаасаа харьцангуй өндөр байсан.
Бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг ба өгөх хичээлийн шалгалт бүрийн тоогоор батламж хуудсаа авах юм. Харин бүх шалгуулагчаас авах Монгол хэлбичгийн шалгалт хураамжгүй.
Онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-нд 18:00 цагт дуусна. Шалгалтуудыг зургаадугаар 12-15-нд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жил мөн шалгалтын материалын шууд засалтыг хийх ба нэгдсэн жагсаалтыг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулна.
Монгол хэлбичгийн шалгалт босго оноо 400 бөгөөд өмнө жилүүдэд уг шалгалтад унасан бол энэ жил дахин өгөх эрхтэй" гэлээ.
Энэ жил ирцийг царай таних технологи ашиглаж хэрэгжүүлж аж. Учир нь бичиг баримтаа мартсан, эсвэл шалгалтад өөрийнхөө оронд өөр хүн оруулдаг гэх тохиолдол их байдаг учир энэ жил туршилтаар уг технологийг ашиглана.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх