"Тэнгэрээс дээш 3-н метрийн өндөр"-т болсон бидний мэдэхгүй зүйлс


Заяц | YOLO.MN
2016-03-16

Баби: Би аз жаргалтай байна
Ачэ:Би бүр илүү
Баби: Хэр их
Ачэ:Тэнгэрээс дээш 3 метрт...

"Үзэж байсан кинонуудаасаа хамгийн их сэтгэл хөдөлгөж байсныг нь нэрлээч" гэвэл олон залуус Испанийн алдарт “Тэнгэрээс дээш 3-н метрийн өндөрт” киног хэлэх байх. Моторт дугуйнд гарамгай, хурдлах дуртай, бардам залуу Аче болон сэхээтэн айлын даруу, хөөрхөн охин Баби хоёрын хайрын түүхийн төгсгөлийг үзээд гүйцэд дуусгаагүй аягатай цайгаа орхиод гарсан мэт "нэг тийм" сонин мэдрэмж төрүүлдэгээрээ олны сэтгэлд хүрдэг байж болох юм.



Тэгвэл Испанийн төдийгүй дэлхийд алдартай уран бүтээл болох “Тэнгэрээс дээш 3-н метрийн өндөрт” киноны сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Италийн зохиолч, найруулагч Федерико Моччиягийн 2004 онд хэвлэн гаргасан “Tre metri sopra il cielo” буюу  “Тэнгэрээс дээш 3-н метрийн өндөрт” нэртэй зохиолоос сэдэвлэж хийсэн.

2004 онд италичууд анх энэ киног бүтээсэн ч испанийн хувилбарыг амжилтаараа гүйцэж чадаагүй юм.



Киноны зураг авалт Испанийн Барселона болон Жирон хотод 2010 оны тавдугаар сараас долдугаар сар хүртэл үргэлжилж арванхоёрдугаар сард нээлтээ хийжээ.

Гол дүрүүдэд испанийн залуу жүжигчид болох Марио Касас (Аче) болон Мария Вальверде (Баби) нар тоглосон.

Нээлтээ хийсэн анхны долоо хоногтоо л 2 сая еврогийн ашиг олсон.

“Чи миний аз жаргал, тэнгэрээс дээш 3-н метрийн өндөрт” гэсэн бичигтэй гүүр Испанийн Барселона хотод байхгүй. Учир нь хотын өнгө төрхөд нөлөөлнө хэмээн гүүрэн дээр бичүүлээгүй бөгөөд кино зураг авалтын монтаж хийхдээ программаар бичиж янзалжээ.

Зохиол дээр гол дүрийн эрэгтэйг Стефано Манчини гэдэг бол кинон дээр Хюго Оливьера Кастро “Аче гэсэн нэрээр гардаг.

Шөнийн клубт авсан зураг авалтын үеэр Марио Касасын маш олон фен нь цугларсан ба фен охид нь түүний футболкыг хүртэл уржээ.

Мотоциклтой уралддаг хэсгүүдийн зураг авалтыг Барселоны усан боомт дээр авчээ.

Гол дүрийн жүжигчдийн амьдрал дээрх жинхэнэ хайр дурлал кино зураг авалтын үеэр эхэлж Испанийн хамгийн төгс хос хэмээгдэж байсан юм. Харамсалтай нь 2010 оноос эхэлсэн тэдний харилцаа 2014 онд дууссан юм.

Тэд 2013 онд “La Mula” хэмээх кинонд мөн л гол дүрүүд бүтээцгээсэн.

2012 онд дээрх киноны  үргэлжлэл болох “Тэнгэрээс дээш 3-н метрийн өндөрт-Би чамайг хүсэж байна” кино нээлтээ хийсэн.

“Тэнгэрээс дээш 3-н метрийн өндөрт-Би чамайг хүсэж байна” киноны гол дүр болох Жин бүсгүйн дүрд жүжигчин Клара Лаго тогложээ. Клара Лаго анх киноны нэгдүгээр ангийн Бабигийн дүрд шалгуулж байжээ.

Боксоор тулалддаг хэсгүүдийн зураг авалтыг хийхийн тулд Марио Касас, Клара Лаго нар хоёр сарын турш бэлтгэл хийсэн.

Кино зураг авалтын үеэр Клара Лаго унаж явсан  жижиг машинаа нэг бус удаа онхолдуулж байжээ.

Кинон дээр жуулчид болон Барселона хотынхны хамгийн их очих дуртай газар болох “Туро-де-ла-Ровира” гэдэг газар гардаг. Энэ нь манайхаар бол "Зайсан Толгой" бөгөөд эндээс Барселона хотыг бүхэлд нь харж болдог.

Хоёрдугаар анги нь нээлтээ хийсэн өдрөө л 1,628,000 евроны ашиг орлого олж нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 3,197,446 еврог олсон нь эхний анги болох “Тэнгэрээс дээш 3-н метрийн өндөрт” киног хол хаяжээ. Нийтдээ 12,100,892 евроны ашиг олж тухайн үед тус киног 1,939,145 хүн үзсэн гэсэн судалгаа бий.


 

Гол дүрийн жүжигчдийн талаар товчхон
 

Аче дүр нь хамгийн алдартай нь

Испанийн жүжигчин Марио Касас 1986 оны зургадугаар сарын 12-нд Испанийн Ла-Коруньяд төрсөн. Анх 2006 онд жүжигчин Антонио Бандерасын найруулсан “El camino de los ingleses” кинонд тоглож кино дэлгэцийн карьераа эхэлж байжээ.

“SMS” телевизийн олон ангит кино"Тэнгэрээс дээш 3-н метрийн өндөрт” кинонд тоглохоосоо өмнө 2006 онд “SMS” телевизийн олон ангит кино, 2009 онд Brain Drain буюу “Fuga de cerebros”, “Mentiras y gordas” зэрэг кинонуудад тоглосон.

Гэхдээ түүнийг олонд таниулж алдар нэр авчирсан дүр бол яалт ч үгүй Ачегийн дүр юм.

Түүний хувийн амьдралын талаар гэвэл тэрээр хамтарч кинонд тоглосон ихэнх бүсгүйчүүдтэй нэр холбогджээ. Хамгийн эхлээд “SMS” кинонд хамт тоглосон жүжигчин Амайя Саламанка.

2010 онд “Carne de neon” хамтран тоглосон Бланка Суарез. Мөн "Тэнгэрээс дээш 3-н метрийн өндөрт-Би чамайг хүсч байна” кинонд хамт тоглохоосоо өмнө жүжигчин Клара Лаготой ч нэр холбогдоод амжжээ.

Зүүн гар талаас Бланка Суарез болон Берта Васкез нар

Ингээд 2010 онд "Тэнгэрээс дээш 3-н метрийн өндөрт” кинонд хамт тоглосон жүжигчин Мария Вальвердетэй эхэлсэн хайр дурлалын түүх нь хамгийн их буюу 4 жилийн турш үргэлжилсэн. Энэ хугацаанд түүнийг жинхэнэ хайраа олж, “томоожжээ” хэмээн хэвлэлүүдээр бичиж байв. Гэвч тэд 2014 онд салсан юм. 2014 оноос эхлэн Марио “Palmeras en la nieve” кинонд хамт тоглосон жүжигчин Берта Васкезтэй болзож байгаа.

Мария: Тэр зүгээр л нэг өдөр алга болчихсон

Мария Вальверде 1987 оны гуравдугаар сарын 24нд Испанийн Мадрид хотноо төржээ. Багаасаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан тэрээр 10 настайдаа анх театрын жүжигт тогложээ. Мөн 2003 онд буюу 16 настайдаа анх “La flaqueza del bolchevique” кинонд тоглож түүний кино карьер эхэлсэн. Тэрээр энэхүү киноныхоо дүрээр испанийн кино дэлгэцийн дээд шагнал болох Гойяг шилдэг залуу жүжигчин ангиллаар хүртэж байжээ.

Түүний хайр дурлал, хувийн амьдралын тал дээр Марио Касастай 2010-2014 оны хооронд үерхэж байсан гэдгээс өөр мэдээлэл хомс юм. Марио, Мария хоёр 4 жил үерхэх хугацаанд тэднийг удахгүй гэрлэх гэж байгаа, Марияг бие давхар гэж “цуурч” байсан ч энэ хугацаанд тэд хэзээ ч хариу мэдэгдэл хийж хувийн амьдралынхаа талаар ярьж байгаагүй юм.

Тэдний 4 жилийн харилцаа дуусгавар болсны дараа тэрээр Marie Claire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Марио Касасын талаар ярихдаа “Марио бол миний хайрлаж байсан хүн. Гэтэл одоо бодоход би түүнийг огт мэддэггүй байж” гэж ярьжээ. Мөн Марио Касас тэр хоёрын хооронд яг юу болсон талаар сэтгүүлч асуухад “Яг юу болсон гэдгийг хэлж чадахгүй байна. Тэр зүгээр л нэг өдөр алга болчихсон” гэж хариулжээ.

#3MetresAboveTheSky #ThreeStepsAboveHeaven #LOVE #MarioCasas #MaríaValverde