Дуучин Selena Gomez өөрийн гоо сайхны брэндийг нээнэ


Миау | YOLO.MN
2020-02-06

АНУ-ын алдарт дуучин, дуу зохиогч, жүжигчин, продюсер Selena Gomez тун удахгүй өөрийн гоо сайхны брэндээ олон нийтэд танилцуулах гэж буйгаа мэдэгдлээ. 10 настайгаасаа хойш өдийг хүртэл урлагийн салбарт тасралтгүй зүтгэж байгаа тэрээр өөрийгөө цоо шинэ салбарт сорих гэж буй нь энэ юм. 

Дуучин бүсгүй маань хоёрдугаар сарын 4-нд албан ёсны Инстаграм хуудсаараа дамжуулан сонсогч фенүүддээ өөрийн "Rare Beauty" хэмээх гоо сайхны брэндийн нээлтийн талаарх мэдээллийг дараах тайлбартайгаар хүргэсэн. Үүнд:

- "Залуус аа, миний бие өөрийн гэсэн гоо сайхны брэндийг байгуулах хүндтэй төсөл дээр ажиллаад хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Ингээд эцэст нь энэ зун "Rare Beauty" хэмээх гоо сайхны брэндээ "Sephora"-гийн Хойд Америк дахь салбаруудад нээхээ албан ёсоор мэдэгдэх гэж байгаадаа туйлын их баяртай байна. Брэндийн албан ёсны Инстаграм хуудас болох @rarebeauty-г дагаж бидэнтэй нэгдээрэй"

Уг бичлэгт тэрээр: 

- "Ховор нандин байна гэдэг нь өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. Би төгс байх гэж хичээхийн оронд өөрийнхөөрөө байхыг л хүсэх болсон. Миний хувьд "Rare Beauty" бол зүгээр ч нэг гоо сайхны брэнд биш. Би та бүхнийг өөрийгөө бусадтай харьцуулахгүйгээр өөрсдийн энэ ховор нандин, өвөрмөц байдлыг хүлээн зөвшөөрөөсэй хэмээн хүсэж байна. Чи бол ямар нэгэн зураг, лаяк, эсвэл бусдын сэтгэгдлүүдээр тодорхойлогдох нэгэн биш. Үүний адилаар "Rare Beauty" брэнд маань бусад хүмүүс чамайг яаж харах бус, чи өөрийгөө яаж харахад л оршиж байгаа юм"

Брэндийн танилцуулах бичлэг дээр Selena бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийнхантайгаа хэд хэдэн өнгийн уруулын будгийг туршиж үзэж буй хэсэг гардаг ч нээлтийн хүрээнд яг ямар бүтээгдэхүүн гарах нь тодорхойгүй байна. 

Мэдээж түүний гоо сайхны брэндээ нээх гэж буй явдал шүтэн бишрэгчдийнх нь хувьд цоо шинэ мэдээлэл биш. Тэрээр сүүлийн хэдэн сард болж өнгөрсөн үйл ажиллагаануудад оролцохдоо нүүр будалтын хурц шийдлүүдийг гаргаад байсан нь үнэн билээ. 

Мөн өнгөрсөн зун дуучин Selena өөрийн нэр дээр "trademark" буюу барааны тэмдгийг бүртгүүлсэн. Шүтэн бишрэгчид нь энэ талаарх мэдээллийг сонсоод хэсэгтээ л шуугьцгаасан билээ. Хэдийгээр ямар бүтээгдэхүүнүүд худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа ч дуучин бүсгүй маань өөрийн энэхүү брэндээрээ дамжуулж бусдад эерэг мессэжийг түгээх гэсэн бололтой. 

Мартсанаас та бүхэнд "Rare" хэмээх үг их дотно санагдаж байгаа байх. Selena Gomez энэ оны эхээр буюу нэгдүгээр сарын 10-нд 13 дуу бүхий "Rare" цомгоо гаргасан билээ. Уг цомгийн хамгийн эхний дуу нь мөн л "Rare" гэх нэртэй бөгөөд энэхүү дууны клип нь цомог нээлтээ хийсний маргааш буюу нэгдүгээр сарын 11-нд Youtube-д байршсан билээ. 

Эх сурвалж: E Online

#Selena Gomez #Make up