Коронавирусийн халдвар дэлхий нийтийг цочроож буй энэ цаг дор БНСУ-д ажиллаж, амьдардаг Монгол залуус нэгдэн 10 мянган амны хаалт цуглуулж эх орон руугаа илгээх аян эхлүүлжээ.
Тэднийг Ч.Сүрэнжав, Ира, С.Оюунгэрэл, С.Амгалан, Б.Солонго, Б.Чинбат, Г.Хонгорзул, С.Амгалан гэдэг.
Эмийн сангуудаар амны хаалт ховордоод байгаа энэ нөхцөл байдал зөвхөн Монгол улсад л тохиолдсон юм биш. БНСУ-д ч мөн амны хаалт ховордож нэг хүнд олныг худалдаалахгүй байгаа учир манай залуус олуулаа нэгдэн нэг хүний нэр дээр 50-100 амны хаалт захиалж, 10 мянган амны хаалт цуглуулах талаар бидэнтэй хуваалцав.
БНСУ-аас 10 мянган амны хаалт Монгол руу авчрах санаачилгыг МИАТ компани дэмжин үнэгүй тээвэрлэж, гаалийн татваргүй оруулахаар болжээ. С. Амгалан хэлэхдээ:
- "Эхний 3'700 амны хаалтыг хүлээж авсан тул өнөөдрөөс түгээлт хийнэ. Хүний нутагт хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө монгол хүний эрүүл мэндэд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулахыг хүсэж байна. Үүнд нэгдэж, хамтдаа эрүүл мэндээ хамгаалъя" хэмээн уриалав.
Тэд амны хаалтыг олон нийтийн төлөө ажилладаг цагдаа, онцгой байдлын албан хаагч болон сэтгүүлчдэд тараахаас гадна захын хорооллын иргэд, ЭХЭМҮТ-д буй ээжүүдэд хүргэх юм байна.
Сайхан сэтгэл, сайн үйлсээр нэгдсэн залуус “Хамтдаа гүйж, алхацгаая” фэйсбүүк группийн гишүүд аж.
Монгол улсад амны хаалтын ганц үйлдвэр ажилладаг. Тус үйлдвэр нь БНХАУ-аас түүхий эдээ авдаг. Түүхий эд нь Хятадын Хубэй мужид байрладаг учир хөл хорио тогтоосон талаар ЭМЯ-наас мэдээлсэн.
БНХАУ-д коронавирусийн халдвар авсан хүн өнөөдөр буюу баасан гарагийн байдлаар 9692, нас барсан хүний тоо 213 боллоо. БНХАУ-аас гадна дэлхийн 21 улсад 100 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн ДЭМБ-аас шинэ коронавирусийн халдвартай холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарласан юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх