“13 Reasons Why” цуврал өсвөр насныхны амиа хорлолтыг нэмэгдүүлсэн үү?


Э.Цовоо | YOLO.MN
2020-01-29

Дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт зэрэг нь өсвөр насны хүүхдүүдийн амьдралыг хэрхэн сүйтгэж болдог болон амиа хорлолтын үр дагавар нь үлдсэн хүмүүст хэрхэн нөлөөлдөг зэрэг хүндхэн сэдвийг хөндсөн цуврал бол "13 Reasons Why" билээ. Энэхүү цуврал цацагдсанаас хойш олон нийт уг цувралыг өсвөр насныхны, ялангуяа хөвгүүдийн амиа хорлолтыг нэмэгдүүлсэн, амиа егүүтгэх сэдлийг төрүүлсэн гэх маш олон шалтгаанаар буруутгаж байлаа. 

Харин "Plos One" сэтгүүлийн хамт олон энэ талаар судалгаа хийж дараах шалтгаануудын улмаас “13 Reasons Why” цуврал өсвөр насны хөвгүүдийн амиа хорлолтын тоо нэмэгдсэнтэй холбоогүй гэж үзжээ. 

1. ХӨВГҮҮДИЙН ДУНДАХ АМИА ХОРЛОЛТЫН ТОО 2008 ОНООС ЭХЛЭН ТАСРАЛТГҮЙ ӨССӨН

Тус сэтгүүлийн судлаач Dan Romer-ийн үзэж буйгаар:

- " "13 Reasons Why" цуврал цацагдсаны дараа эмнэлэгт өөрийгөө гэмтээсэн, амиа егүүтгэх гэж оролдсон хүүхдүүдийн тоо өссөн. Гэвч энэ тоо сүүлийн хэдэн жилийн турш тасралтгүй өсч байгаа буюу цуврал цацагдахаас өмнө ч ирээдүйд өсөх төлөвтэй байсан. Тиймээс уг цуврал нөлөөлсөн гэхээс илүүтэйгээр ар гэрийн байдал, санхүүгийн асуудал зэрэг бэрхшээлүүд нь уг үйлдлийг хийхэд нөлөөлж буй томоохон хүчин зүйлс болдог. 

Бүгд л сайн их сургуульд орж, сайхан амьдрах хэрэгтэй гэсэн ойлголтыг толгойдоо шингээсэн байдаг учир тэтгэлэг авахын тулд хэт их хичээж, эргэн тойрноосоо дарамт шахалтыг маш их хэмжээгээр мэдэрдэг тул өөрийгөө "гэмтээх" тохиолдол 2008 оноос хойш тасралтгүй өссөөр байна" гэжээ. 

2. ЦУВРАЛ АМИА ХОРЛОЛТЫН ХЭСГИЙГ ДЭЛГЭРЭНГҮЙ ХАРУУЛААГҮЙ

Олон нийт "13 Reasons Why" цувралын гол дүр Hannah Baker-ийн угаалгын өрөөнд амиа егүүтгэж буй хэсгийг хэтэрхий "дэлгэрэнгүй" байсан бөгөөд өсвөр насныханд хэрхэн амиа хорлохыг зааж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж байна хэмээн багагүй шүүмжлэлтэй хандаж байсан. Гэвч судлаачдын үзэж буйгаар: 

- "Бодит байдал дээр зурагтаар гарч буй нэвтрүүлэг, киног үзээд амиа хорлох тохиолдол тийм ч түгээмэл биш. Ялангуяа "13 Reasons Why" цувралын гол дүрийн аргаар амиа хорлосон тохиолдол болон амиа хорлохыг завдсан үйлдэл бүртгэгдээгүй" гэжээ. 

3. АМИА ХОРЛОЛТЫН ДҮР ЗУРАГ ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ

Амиа хорлолтын дүр зургийг харах нь зарим тохиолдолд эерэг нөлөө үзүүлдэг. Жишээлбэл уг цувралын гурван бүлгийн туршид гол дүрийн залуу Clay Jensen нас барсан охины араас маш ихээр гашуудаж эгэл амьдралдаа эргэн ороход сэтгэл санааны хувьд маш их хэмжээний бэрхшээлтэй нүүр тулгардаг. Дан ганц Clay-ийн дүр ч гэлтгүй бусад дүрүүдийн амьдралд ч мөн Hannah-гийн үхлээс үүдэн томоохон өөрчлөлтүүд орсон байдаг. Тиймээс сэтгэлзүй болон бие махбодын хувьд зовлон бэрхшээлийг туулж буй, амиа егүүтгэхээр төлөвлөж буй залуус уг цувралыг үзээд амиа егүүтгэхээс илүүтэйгээр ард үлдэж буй хүмүүст ямар мэдрэмж төрөх, хэр их зовлон гуниг дагуулах зэргийг эргэцүүлэн бодох боломжтой болдог байна. 

Үзэгч та бүхэн ч бас аливаа зүйлд авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй гэдгийг санаарай. 

Эх сурвалж: Insider

#13 Reasons Why #Өсвөр үе #Залуус