Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Тэр намайг тоохгүй юм, би яах вэ?
Сайн байна уу? Би асуудлаа бүр эхнээс нь тайлбарлая. Манай сургууль 10-н сарын эхээр биеийн тамрын спартакиад болдог. Тэгээд тэр спартакиаданд би орохоор болсон юм л даа. Гэтэл манай дээд ангийн хүүхэд хамгийн урт харайж хамгийн хурдан гүйж яг л нэгэн супер баатар шиг л байлаа л даа тэгээд тэр үед би тэр хүүхдийг хараад:
-Ямар лаг, ямар мундаг хүүхэд вэ? гэж тэрүүхэн тэндээ зэрвэсхэн бодож бага зэрэг шохоорхсон юм. Гэтэл хэд хоногийн дараагаар сургуулийн дунд ангийнхан маань хөдөөний амьдралтай танилцахаар аялалд явахаар боллоо.Тэгээд яг тэр өдөр түүнийг би дахин харж хамаг бие минь зарс гэх шиг л болсон доо. Би эхэндээ анхны харцаар дурлах гэдэгт итгэдэггүй байсан л даа. Гэхдээ яг тэр зүйл надад тохиолдсон юм. Би 10-р сарын 14-ны өдөр анхны хайр анхны дурлалаа олсон юм. Тэр надаас 3 эсвэл4 см хэрийн өндөр, нэгээр ах, сагс сайн тоглодог, нүдэнд дулаахан даруухан хөвгүүн юм л даа.
Би сайн болоод 100 дахь хоногийн ой дээрээ сэтгэлээ илчилсэн л дээ. Гэтэл надад “Үгүй” гэсэн их таагүй хариуг надад өгсөн.Тэгээд хэдэн сарын дараа би өдрийн хэрэглээнийхаа хагас мөнгөөр зөвхөн түүнд юм авч өгөхийг хүсэж түүнд л бүхнээ зориулахийг хичээж байсан юм. Өдөр бүр юм өгөх эвгүй учир долоо хоногийн гурван өдөрт л юм авч өгье гэж бодсон. Гэхдээ би өөрөө өгч чаддаггүй дандаа найз нараараа өгүүлдэг байсан л даа. Дахиад тав дахь удаа найзaараа өгүүлэхэд авсангүй. (Энэ дашрамд, үргэлж намайг зоригжуулж тусалцгаадаг байсанд найз Х..,Э..,Н... гуравтаа их баярлалаа)
За тэгээд би нэг удаа ч болтугай өөрөө өгч үзье гэж бодоод өөрийн биеэр зориг гарган өгтөл бас л “Үгүй ээ” гээд авсангүй.Тэр үед миний гаргасан зориг тэвчээр бүр амьдрах хүсэлгүй болж хувирсан. Тэгээд гэртээ хариад чатаар ганц хоёр үг бичээд чатласны дараа ахаа гэж бичтэл “ахаа гэж дахиад дуудаад үзээрэй” гээд блоклочихсон. Би тэр өдөр нилээд хэдэн цаг уйлсан байх. Маргааш өглөө нь босоод (Би их тааруу зурдаг л даа) яагаад ч юм түүнийг зурмаар санагдаад зуртал бүхэл бүтэн 5-н цаг өнгөрч аргагүй л хайраар зурсан болохоор ч тэр үү гэлтэй яагаад ч юм их л сайхан зураг болсон юм шиг санагдсан. За за тэгээд дахиад бичвэл дуусахгүй юм шиг байна.
Одоо би яах ёстой вэ? Мартъя гэхээр мартаж чадахгүй цаг минут хором бүхэнд бодогдоод байна. Би яахаа ч мэдэхгүй байна, надад туслаач?
ЗӨВЛӨМЖ: Эхлээд энгийн харилцаа үүсгэ
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Хүн бүхэн болж байгаа зүйлийг өөрөө өөрийнхөөрөө хүлээн авч хариу үйлдэл үзүүлдэг. Магадгүй чиний бодож байснаас өөр үйлдэл үзүүлсэн нь цаанаа ямар нэгэн учир шалтгаантай байж болно. Магадгүй та 2 анх танилцаж, чи өөрийгөө таниулсан үгүй нь захианд нь тодорхойгүй байна.
Тийм учраас 100 дахь хоног гэдэг нь зөвхөн чиний хувьд л чухал цаг хугацаа болж байна гэсэн үг. Харин нөгөө хөвгүүний зүгээс шууд гүнзгий утгатай зүйл ярьсанд тулгамдсандаа хийсэн ч үйлдэл байхыг үгүйсгэхгүй. Бүхнийг өөрийнхөө дураар байлгах гэсний оронд тэр хөвгүүнтэй энгийн харилцаа үүсгэж илүү таньж мэдэх нь хамгийн чухал шүү. Энэхүү харилцааны үйл явцад чи өөрийгөө ч бүрэн танилцуулах боломжтой шүү дээ. Хэдий чиний зүгээс зориг гарган аливаа үйлдлийг тухайн хүний төлөө хийж байгаа хэдий ч нөгөө хүндээ бас бодох боломж олгох хэрэгтэй байдаг. Тиймээс яаран бүх зүйлийг өөрийн зүгээс хийхээсээ өмнө тухайн хүнд хэрхэн тусах бол, яаж хүлээж авах бол гэдэг зүйлийг бодож үзэж хэвшээрэй.
Эцэст нь хэлэхэд энгийн харилцаа үүсгэж эхлээгүй тохиолдолд хоёр биетэйгээ тохирох шинж байгаа гэдгийг яаж мэдэх билээ. Тиймээс хамгийн чухал зүйл болох харилцаа бий болгох юм. Танд амжилт хүсье.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх