Коронавирустай холбоотой таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ


О.Хандмаа | YOLO.MN
2020-01-24

ШУУРХАЙ: ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ГУРАВДУГААР САРЫН 2-НЫГ ХҮРТЭЛ ХААХААР БОЛЛОО

Улсын онцгой комиссын шийдвэрийн талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өгч байна. Тэрбээр:

- "ДЭМБ-ын Номхон далайн бүсийн ерөнхий захирал Такиши Касайтай албан ёсны ярилцлага хийлээ. Өнөөдөр өглөөний 10.30 цагт БНХАУ-д коронавирусийн халдвар 844, нас баралт 25 болсон тухай мэдээлэл өгсөн. Тэгвэл сая Улсын онцгой комисс хуралдах үеэр халдварын тохиолдол 887, нас баралт 26 болсон байна. Бид Хятад улстай хиллэдэг учир эрсдэл өндөр. Дээр нь томуугийн тархалт өндөр байна. Амбулаторийн үзлэгийн 9.5 хувийг эзэлж байна. 10 хувь хүрвэл тодорхой хэмжээний хязгаарлалт хийх дүрэмтэй. Томуугийн дэгдэлттэй байгаа энэ үед коронавирусийн эрсдэл орж ирвэл хүүхэд төдийгүй хүн амын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учрах аюултай учир Улсын онцгой комисст ЭМЯ-наас гурван санал орууллаа. 

ЭМЯ-наас:

  • Нэгдүгээрт - Сургууль цэцэрлэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах,
  • Хоёрдугаар - Эм тариа бусад нөөц бүрдүүлэх төсвийг шийдвэрлүүлэх,
  • Гуравдугаарт - Урд хөрштэй хиллэдэг хилийн боомтуудын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах тухай саналыг Улсын онцгой комисст оруууллаа.

Ингээд Улсын онцгой байдлын комиссын шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн өмчийн байдал үл харгалзан гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах шийдвэр гаргалаа"

17 цаг 18 минут
2020.01.24

2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР:

Манай улс коронавирусын голомттой бүсээс 2020 оны нэгдүгээр сарын 07-23-ны хооронд 75 агаарын хөлгийн 10282 зорчигчоос эрүүл мэндийн тодорхойлолт хурааж тандалт судалгаа хийсэн. Үүнээс зөвлөгөө өгч хил нэвтрүүлсэн 97, тусгаарласан 23, мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн 4 тохиолдол байна.

Нэгдүгээр сарын 22-ны өдрийн Бээжин-Улаанбаатар-Москвагийн чиглэлийн 3 дугаар галт тэрэгт Эрээний Гаалийн газраас хяналт хийж сэжигтэй 2, 11 хавьтлыг тусгаарласан мэдээллийн дагуу уг галт тэргэнд Замын-Үүд боомт дахь ХМХА-наас хяналт хийж, халууны болон ямар нэгэн шинж тэмдэггүй тул Улаанбаатарт буух 15 Монгол, 3 тайланд 1 Итали иргэний мэдээг ирүүлсэн. Галт тэргийг 16:50 минутад Улаанбаатарт буух үед Төмөр замын хяналтын алба, ХӨСҮТ-тэй хамтран хяналт хийж, үзлэг хийн, БНХАУ-ын 1 сэжигтэй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, бусад иргэдийг ажиглалтад авсан байна.

2020.01.23-ны өдөр БНХАУ-аас ирсэн 19 иргэнтэй автобусанд Замын-Үүд боомт дахь ХМХА-наас  хяналт хийж, Шилийн гол аймгаас ирсэн 2 сэжигтэй өвчтөнийг тусгаарлан, БНХАУ-руу буцаах арга хэмжээг авсан.  

  • Өнөөдрийн байдлаар
  • БНХАУ-д 449 хүн өвчилж, 9 хүн нас барсан,
  • Тайваньд 1,
  • Тайландын Вант Улсад 4,
  • АНУ, Япон, БНСУ-д тус тус нэг тохиолдол зөөвөрлөгдөж, 16 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн  байна. /ДЭМБ болон ЭМЯ-ны 01 сарын 23-ны өдрийн 12 цагийн мэдээ/. 

ДЭМБ-ын Онцгой байдлын хороо хуралдаж, БНХАУ-д бүртгэгдсэн шинэ Коронавирусийн халдварын талаар ярилцсан бөгөөд  “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” мөн эсэхийг зарлахаа  ээлжит хурлаар шийдвэрлэхээ мэдэгдсэн.

14 цаг 30 минут
2020.01.24


ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ БОЛ ЦАГААН САРЫН SHOPPING АЯЛАЛД ЯВАХААСАА ӨМНӨ ДАХИН НЭГ БОД

Коронавирусын халдвар хүнээс хүнд амьсгалын болон ахуйн замаар халддагийг тогтоосон. Урд хөрштэй хил залгаа оршдог, бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнх хэсгийг импортолдог улс орны хувьд шинэ төрлийн вирус дэгдэхгүй гэх баталгаагүй. БНХАУ-ын Эрээн хотыг зорих иргэдийн тоо нэмэгдсээр галт тэрэгний билет ч ховордоод буй. Сар шинийн баяр дөхсөн энэ үед цаашид хөл хөдөлгөөн улам ихсэх нь тодорхой.

14 цаг 15 минут
2020.01.24


УУШГИНЫ ХАТГАЛГАА ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДГИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ...

Уушгины хатгалгаа гэдэг нь амьсгалын замын хамгийн жижиг хэсэг гэмтэж, тэр хэсгүүд амьсгалд оролцож чадахгүйд хүрснээс үүсдэг уушгины үрэвсэл юм. Дараах шинж тэмдэг нь уушгины үрэвслийн үед гол төлөв ажиглагддаг.

Хамгийн түгээмэл шинж тэмдгүүд:

  • Амьсгаадах, амьсгалын тоо олшрох
  • Цээж хонхолзох
  • Өндөр халуурах
  • Чичрүүдэс хүрэх
  • Амьсгалын замын вирусын хурц халдвар, томуугийн үед огцом халуурах
  • Хамрын ханиад туссан үед удаан хугацаанд хуурай, эсвэл цэртэй ханиалгах
  • Идээ, эсвэл цустай цэрээр ханиалгах
  • Гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх
  • Тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх
  • Бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх.

14 цаг 15 минут
2020.01.24


ЭМЯ: ХЯТАДАД ГАРСАН УУШГИНЫ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Коронавирусын халдвар авсан өвчтөнд өндөр халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд ихэвчлэн мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн худалддаг захад ажилладаг хүмүүс байсан юм.

ЭМЯ-ны зөвлөмж:

  • Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;
  • Амьтны аж ахуй, захаар явахгүй байх;
  • Амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй, үхсэн амьтны сэг зэмтэй харьцахгүй байх;
  • Түүхий болон дутуу боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;
  • Амны хаалт тогтмол хэрэглэх;
  • Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
  • Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

14 цаг 08 минут
2020.01.24


"МАНАЙ УЛСАД КОРОНАВИРУСЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ"

Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар тэргүүтэй албаныхан цаг үеийн байдлаар мэдээлэл хийж, манай улсад коронавирус  бүртгэгдлээ гэх мэдээлэл худал гэв. 

Гэхдээ Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор ээж нь толгой өвдсөн, 6 настай охин нь халуурсан байдалтай Өвөрмонголын хоёр хүн нэвтэрсэн ба тэднийг хилийн журмын дагуу тусгаарласан. Эхний шинж тэмдэг энгийн ханиад шиг байдаг учир шинжилгээний хариуг хүлээж байна гэв. Шинжилгээний сорьцын хариу өнөөдөр гарах аж.

Хил хаах тохиолдол ховор ч бүх нийтийг хамарсан аюулт өвчлөлийн тохиолдолд хаана хэмээв.

14 цаг 08 минут
2020.01.24


ХЯТАДЫН УХАНЬ ХОТОД СУРАЛЦДАГ МОНГОЛ ОЮУТНЫ ХОЛБОО МЭДЭГДЭЛ ГАРГАВ

2019-2020 оны хичээлийн жилд БНХАУ-ын Ухань хотод Монгол улсын нийт 253 оюутан суралцдаг гэсэн албан ёсны бүртгэл мэдээлэл байна. Үүнээс хичээлийн жилийн эхний хагас жилийн байдлаар 204 оюутан тогтмол суралцаж байна.

Халдварт өвчний вирус тархахаас өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард (ихэнх оюутан) 100 гаруй оюутан эх орондоо ирсэн байсан. Коранавирусын шинж тэмдэг анх илэрч, нийтэд зарлагдсанаас хойш буюу 2020 оны нэгдүгээр сард 70 орчим Монгол оюутан эх орон руугаа болон бусад гадаадын улс руу амарч, аялахаар явсан байна.

14 цаг 07 минут
2020.01.24


ХӨСҮТ: БЭЭЖИН-УБ-МОСКВА ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРГЭЭР ЗОРЧИЖ БАЙСАН 1 ХҮНИЙГ ТУСГААРЛАЖ, ҮЛДСЭН 16-Г НЬ ГЭРТ НЬ БУЦААСАН

ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг "Мэдээллийн дагуу ХӨСҮТ-ийн дуудлага болон эмч нарын баг, тархвар судлаачид  Улаанбаатар төмөр замын буудалд ирсэн "Бээжин-Улаанбаатар-Москва" чиглэлийн галт тэргэнд үзлэг хийсэн. Уг галт тэргээр зорчиж явсан орчуулагч эмэгтэйг галт тэрэгнээс авчран тусгаарлаад байна. Харин бусад 16 иргэнийг үзээд ямар нэг эмнэлзүйн шинж тэмдэггүй, халуунгүй, тухайн бүс нутгаас өгүүлэмжтэй ирээгүй тул гэр гэрт нь буцаасан. Тусгаарлаад байгаа өвчтөнд зовиур илрээгүй" гэсэн юм.

Шинэ коронавирусын нууц үе 14 хоног байх магадлалтай гэж үзэж буй бөгөөд эдгээр гэрт нь буцаасан иргэдийн мэдээллийг авч үлдсэн гэдгийг тэрбээр онцолсон.

14 цаг 07 минут
2020.01.24


ЭМЯ: ХИЛ ХААХ, ХӨЛ ХОРИО ТОГТООХ ХЭМЖЭЭНИЙ НОЦТОЙ БАЙДАЛ ҮҮСЭЭГҮЙ

Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж буй юм.

ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д нэг эмэгтэй тусгаарлагдаад байна. Энэ хүний биед ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Өнөөдөр 17.00 цагийн үед шинжилгээний хариу гарна.

Хятадад баталгаажсан коронавирусын халдварын 14 тохиолдол хүнээс хүнд дамжсан нь тогтоогдсон. Өвчтэй хүнтэй ажилласан эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд байна. Коронавирусын халдвар аваад, эмчлэгдэж эрүүлжсэн тохиолдол олон бий. Бид өвчилсөн, нас барсныг л мэдээлж байна. Архаг хууч өвчтэй, 40-өөс дээш насны, эмнэлэгт оройтож хандсан хүмүүс нас барах тохиолдол өндөр байна гэж мэдээлсэн.

14 цаг 05 минут
2020.01.24


БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ДАГУУЛЖ ОЛОН НИЙТИЙН ГАЗРААР БИТГИЙ АВЧ ЯВ

ЭХЭМҮТ-ийн эмч Оюунчимэг, Шинэ төрлийн коронавирусын халдвар гэхээс манай улсын хувьд илүү хүйтэн сэрүүний улиралд томуугийн тархалт ихэссэн. Ийм үед бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар битгий яв. Яах аргагүй эмнэлэгт ирэх бол

Нэгдүгээрт, хүүхдэдээ болон өөрөө амны хаалт зүү.
Хоёрдугаарт, гараа маш сайн савандаж угаа
Амьсгалын замын өвчин бохир гараар дамжина. Болж өгвөл шингэн саван хэрэглэ. Хүүхдэд чанартай, шөлтэй хоол өг. Эрт унтуул, сайн унтвал хүүхдийн дархлаа сайжирна, өсөлтөд сайнаар нөлөөлнө. Хүүхдээ дулаан хувцасла.

Айл бүхэн халууны шил хэрэглэж, хүүхэд 39 хэмээс дээш халуурвал шууд харьяа дүүргийн өрхийн эмнэлэгт хандана. Халуун бууруулах эмийг эмчийн заалтаар хэрэглэнэ. Парацематолыг болгоомжтой хэрэглэх ёстой. 

14 цаг 05 минут
2020.01.24


КОРОНАВИРУСТЭЙ ТЭМЦЭХ ГОЛ АРГА НЬ ХӨЛ ХОРИО ТОГТООХ

Хамгийн ноцтой нь өндөр зэрэглэлийн тусгаарлах хувцастай байсан эмнэлгийн ажилтан ч уг халдвараар өвчилжээ. Хятадын халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн “Вирус хэдийнэ анхны илрэлтийн үе шатаа давсан” гэж мэдэгдсэн бол тус төвийн эрдэмтэн “Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ганц арга нь хөл хорио тогтоох” гэж хувийн байр сууриа илэрхийлснийг Вашингтон пост сонин нийтэлжээ.

14 цаг 03 минут
2020.01.24


BBC: ВИРУСЫН ШИНЖ ТЭМДЭГ НУУЦ ҮЕДЭЭ БАЙХ МАГАДЛАЛТАЙ ОЛОН МЯНГАН ХҮН УХАНЬ ХОТООС ГАРСАН

Коронавирусын халдвараас сэргийлэхээр Бээжин болон Хонг Конгод зохион байгуулахаар төлөвлөсөн байсан үйл ажиллагаануудыг цуцалж, олон хүн нэг дор цуглахаас сэргийлж арга хэмжээ авч эхэлсэн. Мөн Ухань болон Хубэй дахь бусад хотууд коронавирусын улмаас нийтийн тээвэрт хязгаарлалт тогтоожээ.

Хятад улсад коронавирусын тохиолдол 830 болж, нас барагсад 25-д хүрсэн харамсалтай мэдээ байна.

Бээжингийн засаг захиргаа цагаан сар зэрэг томоохон тэмдэглэлт баяруудаа цуцлав. Сүм хийдэд олноор цуглахыг хориглож, шинэ киноны нээлтүүд хойшлогдож, алдарт “Хуучин хот”-ыг олон нийтэд хаалттай болгов.

Хонг Конг олон улсын карнивал наадам болон жил бүр зохион байгуулдаг хөлбөмбөгийн тэмцээнээ цуцаллаа.

Мөн Хубэй дахь 20 сая хүнд хөл хорио тогтоож онгоц, машин зэрэг ямар ч тээврийн хэрэгслээр Уханиас гаргахыг хориглосон. Кафе, кино театр болон үзэсгэлэнгүүд үүдээ барив.

14 цаг 03 минут
2020.01.24


УХАНЬ ХОТЫГ “СҮНСНИЙ ХОТ” ГЭЖ НЭРИЙДЭХ БОЛОВ

Ухань хотод хүнсний захад хүмүүс хоол хүнсэнд урт дараалал үүсгэн зогсох болжээ. Хүн бүр маск зүүх шаардлагатай учир иргэд “сүнсний хот” гэж нэрийдэх болсон аж.

Бээжинд ажиллаж буй BBC агентлагийн сурвалжлагч Стефан МкДонел “Олон зуун мянган хүн цагаан сарын баяраа тэмдэглэхээр Ухань хотыг аль хэдийн орхиж гарсан. Тэд коронавирусын халдвар авсан ч вирусын шинж тэмдэг нууц үедээ байсан байх магадлалтай” тухай мэдээлжээ.

БНХАУ-ын өвчний шинжээч мэргэжилтнүүд тус вирус нь далайн бүтээгдэхүүний захад хууль бусаар зэрлэг амьтан худалдаалснаас үүдсэн байх магадлалтай хэмээн үзэж буй аж.

14 цаг 03 минут
2020.01.24


КОРОНАВИРУСЫГ ХҮНЭЭС ХҮНД ХАЛДДАГИЙГ ТОГТООЛОО

БНХАУ-ын засгийн газрын судалгааны баг Ухань хотод анх илэрсэн коронавирусыг хүнээс хүнд халддагийг тогтоосон талаар мэдэгдэл хийв. Шинэ төрлийн вирус хүнээс хүнд дамждаг нь эмнэлгийн ажилтнууд өвчилж эхэлснээр тодорхой болжээ. Мөн шинэ төрлийн “коронавирус”-ээр халдварласан тохиолдол АНУ-д бүртгэгдсэн байна. Халдвар авсан 30 гаруй настай, АНУ-ын иргэн өвчний голомт болох БНХАУ-ын Ухань хот руу аялсан байжээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэхүү вирусыг “2019-n CoV” хэмээн төлөөлүүлэн нэрлээд байгаа бөгөөд БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны ахлах шинжээчдийн баг “шинэ төрлийн вирус хүнээс хүнд халдварладаг гэдэг нь тодорхойлов.

13 цаг 04 минут
2020.01.24

#Коронавирус #Эрүүл мэнд #Зөвлөгөө