Монгол улсад "Youtuber" хэмээх нэршлийг түгээж олон сонирхолтой видео контентуудаараа бидний мэлмийг мялаадаг цөөнгүй хүмүүс бий. Тэдний нэг бол цахим орчинд Gremix нэрээрээ алдаршсан М. Ганбаяр билээ. Тэрээр Youtube-д 619к subscribers, Instagram-д 100к, Facebook-д 259к дагагчтай. Ингээд өөрийн хичээл зүтгэлээр Youtube-ээс "Silver Button" /100'000 subscribers-тай болсон сувагт олгодог шагнал/ шагналыг хүртсэн, Монголын залууст видео тоглоомын талаар мэдээлэл хүргэдэг, хөгжилтэй бичлэгүүдээрээ биднийг хөгжөөдөг Gremix-тэй өрнүүлсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
YOLO: Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Ярилцлагаа хүүхэд насны тань талаарх асуултаар эхлүүлье гэж бодлоо. Өсвөр насандаа одоо байгаагаасаа хэр өөр хүүхэд байсан бэ?
- Би багадаа хичээлээ ч сайн хийдэггүй, гадуур ч бараг гардаггүй, томоотой, дуугүй хүүхэд байсан. Одоо байгаагаасаа ч илүү "дотогшоогоо" байсан санагддаг. Ер нь томоотой хүүхдүүд хичээлдээ сайн байдаг бол миний хувьд эсрэгээрээ байсан.
YOLO: Багадаа том болоод ямар хүн болохыг мөрөөддөг байсан бэ?
- Надад бусад хүүхдүүдийнх шиг цагдаа болно, эмч болно гэх мэт "яг тийм хүн болно доо" гэсэн бодол байгаагүй. Энэ талаар нэг их боддоггүй байсан. Ганц төсөөлдөг байсан мэргэжил нь хошин шогийн жүжигчин байсан юм. Гэхдээ ээж "Чи хүн инээлгэж чадахгүй. Хэцүү шүү дээ" гэдэг байсан болохоор больсон доо.
YOLO: Ямар мэргэжилтэй вэ? Цаашид мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?
- Бакалаврын зэргээ ШУТИС-д "IT инженер" мэргэжлээр хамгаалсан. Тааруу дүнтэй сурдаг байсан ч дөрвөн жилээр төгссөн шүү /инээв/. Их сургуулиа төгссөнөөс хойш мэргэжлээрээ огт ажиллаагүй. Угаасаа төгсөхөөсөө өмнө видео хийдэг байсан учраас видеондоо л гол анхаарлаа хандуулж эхэлсэн. Цаашид ч мэргэжлээрээ ажиллах бодол байхгүй байгаа ч ирээдүйд юу болохыг таамаглашгүй шүү дээ.
YOLO: Гэр бүлийнхэн чинь видео хийх сонирхлыг тань хэр дэмждэг вэ?
- Би ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж маань миний видео хийх сонирхлыг ер нь их дэмждэг.
Youtuber Gremix өөрийн Silver Button-тойгоо
Youtuber Gremix өөрийн Silver Button-тойгоо
YOLO: Ирээдүйд заавал биелүүлэхийг хүсч байгаа зорилго?
- Ойрын таван жилдээ хийж буй бичлэгүүдийнхээ чанарыг илүү сайжруулж гадаад үзэгчидтэй болно. Надтай адилхан "Game Player" төрлийн видео хийдэг "Youtuber"-үүд олон улсад их бий. Хэрвээ үнэхээр хийж бүтээж чадвал дэлхийн зах зээл рүү гарахыг зорьж байна. Баттай биш ч миний одоогийн хийж байгаа бичлэгийн төрөл тэр чигээрээ өөрчлөгдөж магадгүй. Чанартай бичлэг хийхийн тулд баг бүрдүүлж кино хийх хэмжээний хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог.
YOLO: Сэтгэлээр унасан үедээ юу хийдэг вэ?
- Унтаад сэрэхээр бүх зүйл зүгээр болчихдог.
YOLO: Ямар төрлийн дуу, хөгжим сонсох дуртай вэ?
- Төрөл жанраар нь ялгахгүйгээр тухайн үед таалагдсан бол мэдрэмжээ дагаад сонсож эхэлдэг. Голдуу рэп, хип хоп төрлийн дуунд дуртай. Энэ нь дандаа сонсдог гэсэн үг биш. Янз бүрийн төрлийн дуунууд сонсдог.
YOLO: Өнгөрсөнд очих боломж олдвол өөртөө хандаж хэлэх үг бий уу?
- Хэрвээ тийм боломж олдвол сурагч насан дээрээ очоод хэрэггүй зүйлсээ орхиод англи хэл, физикийн хичээлээ маш сайн хийгээрэй гэж хэлмээр байна.
Зургийг түүний Фэйсбүүк хуудсаас
Зургийг түүний Фэйсбүүк хуудсаас
YOLO: Арван жилийн дараах Gremix ямар байх бол?
- Ямартай ч арван насаар хөгширсөн байх болно /инээв/. Бодит байдал дээр ямар байхыг сайн хэлж чадахгүй ч сая дурдсан зорилгоо биелүүлчихсэн дараагийн зорилго, төлөвлөгөөгөө бодож байх болно. Одоогийн “би”-дээ магадгүй талархаж ч байхыг үгүйсгэхгүй шүү дээ.
YOLO: Анхны хайрынхаа талаар яриач?
- Арван жилийн сурагч байхдаа доод ангийнхаа охинд сайн байсан. Би тэр үед аравдугаар анги байсан санагдаж байна. Хэсэг хугацаанд чатаар харьцдаг байж байгаад нэг л мэдэхэд би сургуулиа төгсөх болсон. Намайг төгссөний дараа нөгөө охин маань өөр хүнтэй үерхчихсэн байсан. Одоо бодоход би их зориггүй байжээ. Миний анхны хайр бусдын л адил бүтэлгүйтсэн дээ.
YOLO: Хийж үзэхийг хүсдэг хамгийн галзуу үйлдэл?
- Онгоцноос шүхэртэй үсэрч үзэхийг хүсдэг. Хэдий айж байгаа ч гэсэн энэ үйлдлийг хийгээд үзчих юмсан гэсэн сонирхол төрдөг.
YOLO: Та цахим орчинд их идэвхтэй байдаг шүү дээ. Хүмүүс сүүлийн үед цахим орчинд маш их донтож байгаа. Үүний зохистой хэрэглээний талаар та юу гэж боддог вэ?
- Миний бодлоор магадгүй над шиг сонирхолтой хүмүүс цахим, сошиал медиагаас хэрэгтэй мэдээллээ авах, шинэ содон сонирхолтой бичлэг олж үзэх шаардлага гардаг бол үзэж болно шүү дээ. Гэхдээ хэрэгтэй хэрэггүй маш олон хуудас, хүмүүс дагахаа болиод эмх цэгцтэй байлгах хэрэгтэй. Зарим хүний Фэйсбүүк хогийн сав шиг болчихсон байдаг шүү дээ. Тиймээс зөвхөн өөрт хэрэгтэй гэсэн зүйлсээ дагаад бусад хэрэггүй хуудас, мэдээллийн эх үүсвэрүүдийг хасах нь зүйтэй гэж боддог. Тэгвэл стрессдэх, бухимдах нь бага байдаг.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх