Ингэхэд би өөртөө хайртай бил үү? гэж чи өөрөөсөө нэг асуу даа... Их сонин мэдрэмж төрж байгаа биз? Тэгээд яаж өөрийгөө хайрлах болж байна?
Хүмүүс ихэвчлэн бусдыг л хайрладаг, тиймдээ ч яаж хайраа илэрхийлэх тал дээр, бас бусад хүмүүс надад яаж хайраа илэрхийлж байгаа дээр илүү их анхаардаг. Гэтэл юу гээч, хайр л хайрыг татдаг. Хэрэв бусад хүн чамайг хайрлаасай, бас хүндлээсээ гэж хүсч байвал өөрийгөө хайрлаж чаддаг байх ёстой, бүр заавал шүү.
Харин нэг зүйлийг сануулахад өөрийгөө хайрлана гэдэг амиа бодох /“амиатах”/, хувиа хичээх, хамраа сөхөх, өөрийгөө хэт үнэлэхтэй огт адилгүй. Учир юу гэвэл эдгээр нь бусдыг үгүйсгэх болон үл тоомсорлох, үл таалж байгаагаараа өөрийгөө хайрлахаас ялгаатай юм.
Өөрийгөө хайрлаж чаддаг хүн бусдыг хайрлаж, бас хүндэлж чаддаг. Тэгэхээр энэ нь нэг төрлийн чадвар гэж хэлж болох нь байна.
Өөрийгөө хайрлахад саад болдог хамгийн том зүйл бол хэт даруу зан буюу өөрийгөө үнэлж цэгнэхгүй байх. Өөрийгөө бусдаас хэт доогуур үнэлж, байнга бусдад бууж өгч, өөрт байгаа давуу талууд, чадваруудаа үл тоомсорлодог нь бидний хамгийн сул тал юм. Үүнийг маань ажигласан муу санаатай нөхдүүд энэ байдлыг ашиглаж улам л биднийг доош нь хийж, өөрийгөө хайрлах замаас маань холдуулж байдаг.
Тиймээс юун түрүүнд өөрийн давуу талуудыг олж харан, түүндээ маш ихээр итгэж, бас тэдгээрийгээ хөгжүүлэх нь чухал. Хүн бүрт давуу хүчтэй тал байдаг.
ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАСНААР:
Чамайг хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг хүмүүс ихээр хүрээлнэ. Магадгүй ээж аавын хамгийн сайн хүүхэд, ах эгчийн хамгийн сайн дүү, хамгийн сайн найз, багшийн сайн шавь, цаашлаад нийгмийн сайн иргэн болох болно.
Чи өөртөө ямагт сэтгэл хангалуун амьдарна.
Чи бусдын зовлон жаргалыг зөв мэдэрч чаддаг, жинхэнэ хүн чанартай хүн болно /мэдрэмжтэй хүн гэж их ярьдаг даа/.
Амжилт чамайг байнга дагах болно. Учир нь чи юуг чадах, чадахгүйгээ мэддэг тул өөртөө дандаа зөв сонголт хийх болно.
ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАДАГГҮЙ ОХИД, ХӨВГҮҮДИЙН ШИНЖ ЧАНАР:
Толинд өөрийгөө харангуут л өөрт таалагдахгүй зүйлсээ хамгийн түрүүнд харж, ажихаас биш давуу талаа огт анзаардаггүй.
Өөрийгөө хэн нэгний өмнө буруутай юм шиг мэдэрч, байнга л өөрийгөө зөвтгөхийг хичээдэг.
Байнга “би азгүй хүн” гэсэн бодол толгойд эргэлдэж, байнга л амьдралдаа гомдоллож, ямар нэгэн зүйлийн золиос болсон мэт аашилдаг.
Ихэвчлэн хөдөлгөөн нь хөшүүн, дурамжхан, тааламжгүй царайтай байдаг.
Өөрийгөө байгаагаар нь илэрхийлэхээс айдаг.
Эдгээрээс аль нэг нь чамд илэрч л байвал өөртөө хандах хандлагаа өөрчлөх талаар нухацтай бодох хэрэгтэй гэсэн үг.
Харин ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХЫН ТУЛД:
-Өөрт байдаг давуу талуудаа нэрлэ. Хэрэв санаанд чинь шууд буухгүй байвал ээж ааваасаа, эсвэл ах эгчээсээ асуугаарай л даа. Гэхдээ тоглоом шоглоомоор бус нухацтай гэгч нь асуугаарай. Бас сайн найзуудаасаа асуу. Заримдаа өөрөөсөө харж чадахгүй зүйлсийг хөндлөнгийн хүмүүс сайн хардаг юм.
Чи өөрийгөө их залхуу гэж боддог бол өөртөө: “Тиймээ, би залхуу, гэхдээ арай ч дандаа биш ээ. Одоо залхуурдаг цагаа жаахан л багасгачихъя” –гэж хэлээд оролдоод л байгаарай, нэг л мэдэхэд залхуу нэгэн байхаа больчихсон байх вий.
- Долоо хоногт хэдэн цагийг зөвхөн өөрт таалагддаг зүйлээ хийхэд зориул. Зурах дуртай бол зур, дуулах дуртай бол дуул. Өөрийнхөө хувийн орон зайг бий болгож, түүнийгээ хадгалж чаддаг байх нь их чухал.
- Давуу талаа мэдэж авсан бол одоо хүлээн зөвшөөр. Ингэхэд юу гээч өөрийгөө байгаагаар нь хүлээж авч чадсан хүмүүс л жинхэнэ утгаар нь өөрийгөө хайрлаж чаддаг. Өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг нь өөрийгөө сайн муу талуудаа ойлгож ухамсарлахыг хэлнэ. Муу талаа засахыг хичээж, хэрэв засагдахгүй юм шиг санагдвал шууд л үгүйсгэлгүй, энэ чинь бас л өөрийн минь нэг хэсэг хэмээн ойлгож, харин аль болох бага илэрхийлэхэд л болоод явчихна. Тэгж чадвал нэг мэдэхэд тэр чинь алга болчихсон байх вий.
- Өөрийгөө уучил. Хүн бүрт алдах эрх бий. Алдаа гаргадаггүй төгс хүн гэж энэ хорвоод үгүй. Их бага ямар нэгэн хэмжээгээр алдаж л байдаг. Гол нь алдаагаа ухаарч, бас засахыг эрмэлздэг л байх нь чухал. Өөрийгөө алдаа гаргасанд байнга гутарч, үүн дээр л төвлөрөөд байвал чамд сайн сайхан талаа мэдрэх зай үлдэхгүй. Өөрийгөө уучилснаар чиний сэтгэл санаа эрх чөлөөтэй болсон мэт мэдрэмж төрж, улам сайн сайхан зүйлсийг хийх хүслээр дүүрэх болно.
Бусад хүмүүст ч гэсэн өөрийгөө хайрлах шаардлага мөн байдгийг санаж, тэдний өөрийгөө үнэлэх, цэгнэх, товчхондоо хувийн орон зайнд1 нь бүү халдаарай.
1Хувийн орон зай – Энэ нь бусадтай харилцаж байхдаа өөрийгөө илүү тав тухтайгаар мэдрэх зайг хэлнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх