Н. Хулан: Буруу сонголт хийсэн минь өөрийгөө олоогүй байсантай шууд холбоотой байх


Б.Мишээл | YOLO.MN
2019-12-27

Бид “Year to remember” номын зохиолч, “Gumuda store”-ийн үүсгэн байгуулагч, “Khulan Nemekhbayar” Youtube хуудсыг хөтлөгч, “4 төмс” контентийн нэг төмс Н.Хулан-г Yolo.mn сайт энэ удаагийн ярилцлагын дугаартаа урьж оролцууллаа. 

YOLOСайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сайт өсвөр үе, залуучуудад зориулсан мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэдэг учраас энэхүү ярилцлагаа таны өсвөр насаар эхлүүлье. Өсвөр насандаа ямар зан ааштай, юунд сонирхолтой, ямар хичээлүүддээ дуртай хүүхэд байв?
Сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ ярилцлагыг унших өдрийн мэнд. Би төмөр замын 6-р сургуулийг төгссөн. Нийгмийн ухаан, монгол хэл, уран зохиол гэх хичээлүүдийг илүү сонирхон судалдаг байсан. Харин математик болон томьёоны хичээлдээ сонирхол муутай байсан. Өсвөр насандаа их дуу цөөнтэй, даруухан, өөрийгөө илэрхийлж чаддаггүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаадаа бухимддаг, ичимхий охин байсан. Уул нь дотроо их зүйл боддог хирнээ ил гаргахдаа тааруу. Гэхдээ өөртөө итгэлтэй болон нээлттэй байх зан чанаруудыг найзууд буюу хүрээллээсээ эзэмшсэн. Найз охид маань өөртөө их итгэлтэй, цоглог охид байсан болохоор надад их нөлөөлсөн байх. Ингэж л зөв хүмүүсийн үлгэр дуурайл, хүрээллийн хүчийг мэдэрсэн.

YOLOӨсвөр насандаа өөрөөсөө салгалгүй байнга авч явдаг зүйл байсан уу?
- Тэмдэглэлийн дэвтэр. Өсвөр нас гэлтгүй одоо ч байнга тэмдэглэл хөтөлдөг. Энэ нь миний бичгийн чадварт бас нөлөөлсөн байх. Бичих чадвар бол хөгждөг авьяас шүү дээ.

YOLO: Сургуулиа төгсөөд мэргэжлээ хэрхэн сонгосон бэ? Өөрийнхөө хүслээр сонгож чадсан уу?
- Би төгсөөд хамгийн буруу сонголт хийсэн минь мэргэжил сонголт байсан. Учир нь би Анагаахын их сургуульд орчихсон. Тухайн үедээ юу бодож байсан юм бүү мэд. Эхний нэг жил сураад энэ мэргэжил надад тохирохгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Надад эмчийн цагаан халаад л гоё зохидог байснаас бусад зүйлс нь зохиогүй. Тэгээд сургуулиасаа гарч байсан. Буруу сонголт хийсэн минь өөрийгөө олоогүй байсантай шууд холбоотой байх. Хэрвээ би өөрийгөө олчихсон, өөрийнхөө чаддаг зүйлсийг мэдчихсэн байсан бол хэзээ ч ийм сонголт хийхгүй. Сургуулиасаа гарсны дараа “Би юу сайн чаддаг билээ?” гэж их бодсон. Монгол хэл, уран зохиолын хичээлдээ сайн, мөн бичих чадвар гайгүй байсан болохоор сэтгүүлч болохоор шийдээд сэтгүүлч мэргэжлээр сурах болсон.
YOLO: Мэргэжлээ сонгоод сургуульдаа орчихлоо. Таны оюутан нас нэлээн завгүй өнгөрсөн байх. Оюутан байхдаа UBS телевизэд ажиллаж эхэлсэн шүү дээ. Энэ талаар?
- Тийм ээ. Оюутнууд зуныхаа амралтаар эсвэл хичээлийнхээ хажуугаар өөр сургууль дээр эсвэл ямар нэгэн телевизэд дадлага хийдэг байсан. Нэг өдөр манай ангийн багш намайг UBS телевизэд дадлага хийх үү гэж асууж байсан. Тэр үед нь зөвшөөрөөд дадлага хийхээр болсон. Нэг сар дадлага хийх ёстой байсан ч би 3,4 сар дадлага хийгээд хичээлийнхээ хажуугаар ч бас очиж ажилладаг байсан. Тэгээд намайг нэг өдөр дуудаад “Чи UBS телевизэд ажилд орох уу?” гээд санал тавихад нь би зөвшөөрөөд ажиллах болсон. Гэхдээ би зөвхөн мэдээ бэлтгэж бичдэг сэтгүүлчээр ажилд орчихлоо гэж бодсон чинь эхний 7 хоног л мэдээ бичүүлсэн. Харин хоёр дахь долоо хоногоос нь намайг эфирт гар гэсэн. Их гайхаж балмагдсан даа. Ингэж л  оюутан байх үедээ анхны албан ёсны ажилдаа орсон.

YOLOОюутан байхдаа сонгосон мэргэжлийнхээ чиглэлээр ажилладаг байхын давуу болон сул тал?

- Давуу тал нь маш их. Сургууль дээрээ онолын мэдлэгээ аваад, ажил дээрээ практикт суралцсан. Их цаг хугацаа хэмнэсэн гэж хэлж болно. Сул тал нь оюутан цагийн дурсамж, найзууд их хомс. Бас оюутан байхдаа мөнгөний төлөө ажиллаад хэрэггүй гэдгийг ойлгосон. Өсвөр үе, залуу нас гэдэг өөрийгөө маш сайн хөгжүүлэх ёстой нас. Хөгжих ёстой насан дээрээ мөнгөний төлөө ажиллавал ирээдүйд муугаар нөлөөлөх магадлалтай. Оюутан байх үедээ л өөрийгөө тултал нь хөгжүүлээрэй гэж залуучуудад зөвлөе.

YOLOАжлаасаа хуримтлуулсан туршлага?

- Би UBS телевизээс их зүйлийг сурч авсан. Ганц туршлага ч гэлтгүй миний карьерын минь эхлэл байсан болохоор дараа нь бизнес эрхлэхэд ч бас тус болсон. Багадаа их даруухан хүүхэд байсан гээд хэлсэн харин UBS телевизэд ороход хамт олон минь намайг илүү задлаж, илүү нээлттэй, камер болон бусад хүмүүстэй харилцах харилцаанд хүртэл их зүйлсийг сургасан. Одоо бол би хэр баргийн зүйлээс айж, сандраад байдаггүй. Хувь хүний минь хувьд их сайн хөгжүүлж өгсөн учраас хамт олондоо их талархдаг.

YOLOОдоогоор яг ямар ажилд төвлөрч байна?
- Одоогоор сэтгүүлчийнхээ ажлыг арай өөр төрлөөр хийж байгаа. Онлайн ертөнцөд өөрийн Youtube хуудсаар дамжуулж контентууд хүргэж байгаа. Бас дараагийн номоо бичээд эхэлсэн.  
YOLOЯмар гоё мэдээ вэ? Анх “Year to remember” номын санаа хаанаас төрсөн бэ?
- Манай нэг найз 7 хоног бүр өөртөө challenge хийж түүнийгээ өөрийн medium блогтоо бичиж нийтэлдэг байсан юм. Гэхдээ найз маань 52 долоо хоног гэж төлөвлөчхөөд 15,16 долоо хоног л хийсэн. Тэрийг нь уншаад би ч бас ийм сорилтуудыг өөртөө хийж үзье гэсэн бодол төрсөн. Ном бичих санаа үүнээс л эхэлсэн. 52 долоо хоногийн сорилтыг интернетээр хайгаад үзвэл маш олон хүмүүс хэрэгжүүлсэн байдаг. Өөртөө хэрэгжүүлээд ном болгон гаргасан нь л би. /инээв/ Гэхдээ анхнаасаа ном бичих зорилготойгоор сорилт хэрэгжүүлж эхлээгүй л дээ.

YOLOСорилтуудын санаа хаанаас гарсан бэ? 52 долоо хоногийн сорил гаргах хэцүү байв уу? Жагсаалтуудаа хэрхэн гаргасан бэ?
Надад сорилтуудынхаа жагсаалтыг гаргах их амархан байсан. 52-оос илүү санаа гаргаад тэр дундаасаа сонгосон. Санаагаа олж цуглуулахын тулд эхлээд интернетээр маш их хайлт хийсэн. Үхэхээсээ өмнө хийж үзэх зүйлсийн жагсаалт, заавал хийх 100 зүйлсийн жагсаалт гэх мэт олон жагсаалтууд уншиж байгаад санаануудаа гаргаад төлөвлөсөн. Миний зорилго 1 удаагийн зүйл туршихаасаа илүүтэйгээр зуршил тогтоох, амьдралын хэв маягаа олох зорилготой байсан болохоор 7 хоногийн турш хэрэгжүүлж болохуйц сорилтуудыг сонгосон.
YOLOХамгийн хэцүү сорилт нь юу байв?
- Хамгийн хэцүү бөгөөд хамгийн гоё сорилт нь хүйтэн шүршүүрт орох байсан. /инээв/
YOLOБаярлалаа. Өглөө, өдөр, оройны дэглэм ?
Өглөө босоод эрүүл тос буюу өрөм заавал иддэг. Өрөм миний арьсанд их сайн нөлөөлдөг болохоор өглөө болгон өрөм идэх дуртай. Мөн 2 аяга ус уухыг хичээдэг. Өдөр бүр 10,000 алхам алхаж байгаа. Орой болгон биеэ тосолдог.

YOLO20 наснаас өмнө заавал хийж үзэх эсвэл сурсан байх ёстой зүйлс?
- 20 наснаас өмнө заавал хайр дурлалын амтыг ямар нэгэн байдлаар мэдэрч үзээрэй. Мөн их ч бай, бага ч бай мөнгө хуримтлуулж, мөнгөтэй харьцаж сур. Хамгийн сүүлийнх нь заавал нэг улсын хэлийг маш сайн сурч эзэмшээрэй. 
YOLOХамгийн том сургамж ?
Хүн бүр өөрсдийн цаг хугацаандаа амьдарч байгаа. Анагаахын их сургуульд ороод үеийнхнээсээ нэг жилээр хоцорчихсон юм шиг, миний үеийнхэн надаас түрүүлээд явчихсан юм шиг санагдаж байсан. Гэхдээ үгүй байсан. Хоцорч байгаа юм шиг санагдаж болно. Гэхдээ чи хэдхэн сарын дараа л гүйцчихэж болно. Яараад хэрэггүй. Хоцорчихлоо гэж гутраад хэрэггүй. Олон хүмүүсийг хараад өөрийгөө хоцорчихлоо гэж бодож байж магадгүй. Гэхдээ битгий тэгээрэй. Учир нь хүн бүр өөрсдийнхөө цаг хугацаанд л амьдарч байгаа шүү.
YOLO4 төмс контентийн санаа анх хэнээс гарав?
- Санаа нь анх Пүрэвсүрэнгээс /Пүүжээ/ гарсан. Тэр өдөр Ану манай оффис дээр ирчихсэн байсан. Тэгсэн Пүүжээ гэнэт "Хамт нэг бичлэг хийе" гээд тэр өдрөө бид 4 миний камер дээр бичлэгээ биччихсэн. Хэдэн биендээ зориулаад дурсамж маягийн бичлэг болгоод өөрийнхөө сувагт оруулсан. Тэгсэн чинь хандалт нь их сайн байхаар нь маш их гайхсан. Бид 4 хоорондоо ярилцаад 10'000 хүн үзвэл дараагийн дугаараа бичье гэсэн чинь 2 хоногийн дотор 10'000 хүрчихсэн. Тэрнээс хойш нийт 15 дугаарын ард гарсан байна.

YOLOОдоогийн өсвөр насныхныг ямар байх ёстой гэж бодож байна?
- Би өрөөнд байгаа хамгийн залуухнаас нь хамгийн их зүйл хүлээдэг. Тэд маш өвөрмөц, шинийг сэтгэгчид байх ёстой. Хэрвээ чи бид 2 нэг зүйл хийвэл бид хоёрын хийсэн зүйл адилхан байх ёсгүй. Чинийх минийхээс сайн байх ёстой. Яагаад гэвэл чи чинь шинэ үеийн залуу хүн. Шинээр сэтгэж, олон зүйлсийг санаачилж байж ирээдүй гэрэлтэй байх болно.
YOLOТаны мөрөөдөл?
- Нээх алдартай биш мөртлөө гаргасан ганц хоёр бүтээлээрээ хүмүүсийн амьдралыг өөрчилж чадсан зохиолч болмоор байна. Нээх олон хүн мэддэг биш гэхдээ мэддэг цөөхөн хүмүүс нь маш их хайрладаг тийм л хүн болмоор байна.
YOLOЯрилцсанд маш их баярлалаа. Таны мөрөөдөл биелэх болтугай.

#4 төмс #Gumuda