"Blackpink" хамтлагийн гишүүн Лиса бол хөөрхөн царай, гуалиг бие, бүжгийн чадвараараа алдаршсан нэгэн. Бид өмнөх дугаарт тус хамтлагийн гишүүн Ким Жэнигийн талаар танилцуулсан бол өнөөдөр та бүхэндээ Лиса Манабоны талаарх сонирхолтой бүхнийг хуваалцах гэж байна.
БАГА НАС
Лиса 1997 оны гуравдугаар сарын 27-нд Тайланд улсад төрсөн. Айлын ганц хүүхэд бөгөөд ээж, хойд аавтайгаа амьдардаг байв. Тэрээр бусдын л адил Кпопын могулууд болох "Big Bang", "2NE1" зэрэг хамтлагуудыг сонсдог байлаа.
Ингээд 2009 оноос эхлэн маш олон бүжгийн тэмцээнд оролцож, байр эзэлсээр удалгүй "Wee Zaa Cool" хэмээх бүжгийн хамтлагт элссэн. Сонирхуулахад энэхүү бүжгийн хамтлагт "GOT7" хамтлагийн BamBam ч мөн бүжиглэдэг байжээ.
Удалгүй Тайланд улсад "YG" энтертайнментийн сонгон шалгаруулалт явагдаж, нийт 400 гаруй залуус оролцсоноос Лиса л тухайн шалгаруулалтад тэнцсэн байдаг. Ингэж л тэрээр 2011 онд албан ёсоор "YG" энтертайнментийн бэлтгэгдэгч болсон байна.
K-POP-Д ХӨЛ ТАВЬСАН НЬ
Нийт 5 жил 3 сарын хугацаанд бэлтгэгдсэний эцэст 2016 онд "Blackpink" хамтлагийн гишүүнээр сонгогдож, "Boombayah" дуугаараа шүтэн бишрэгчидтэйгээ анх удаа уулзаж байлаа. Тус хамтлаг анх гарч ирэхэд Лиса л олны анхаарлын төвд байсны зэрэгцээ өвөрмөц царай, бүжгийн чадвар зэрэг нь ч сайшаагдаж байв.
2018 онд “Real man 300” хэмээх шоунд хамтлагаасаа ганцаараа оролцсон. Уг нэвтрүүлэгт олны танил, алдартай эрхмүүдийг цэргийн бааз дээр аваачиж, "одууд" хэмээн ялгалгүйгээр яг л эгэл цэргүүдийн адил дасгал хийлгүүлж, манаанд гаргаж, хүнд хүчир даалгавруудыг өгдөг билээ.
Нэвтрүүлгийн үеэр тэрээр нүүрээ будаагүй, өөрийнхөө "имиж" болсон чёлкоо хойшлуулж үсээ боосон нь шүтэн бишрэгчдийнх нь хайрыг ихээхэн булаасан гэнэ шүү. Мөн уг нэвтрүүлгийн дараагаас олон нийт түүнийг арай өөрөөр хүлээн авах болсон байна.
СОЛО АМЖИЛТ
Лиса 2018 онд өөрийн "Lilifilm Official" нэртэй Youtube сувгийг нээсэн. Уг суваг нь нээгдсэн дариудаа асар их хандалт авч байсан бөгөөд өдгөө 2.1 сая гаруй Subscribers-тай болжээ.
Тэрээр уг сувагтаа өөрийн хийсэн сонирхолтой аялал, хамтлагийн гишүүдийн хөгжилтэй мөчүүд зэргийг нэгтгэн влог хийдэг бөгөөд аль хэдийнээ 1 сая Subscribers-тай болсон тул Youtube-ээс "Gold Play Button" шагналыг гардуулжээ. /Энэ юун муур вэ гэж үү? Энэ муурны талаар сүүлд ярьж өгнө өө./
Лиса 2019 оны аравдугаар сард "Idol Producer" хэмээх Хятадын томоохон шоунд бүжгийн багшаар /ментор/ орсон. Уг нэвтрүүлэгт оролцогчдын дунд амьд өрсөлдөөн өрнөдөг бөгөөд түрүүлсэн оролцогчид нэгэн хамтлаг болж мөрөөдлөө биелүүлэх замдаа гардаг. Мөн ялагчдыг цэвэр үзэгчдийн санал хураалтаар сонгодог тул уг нэвтрүүлгийн үзүүлэлт их өндөр байдаг.
АЛДАРТ ХҮРЭВ
Тэрээр Солонгосын “Moonshot” хэмээх алдартай брендийн нүүр царай бөгөөд Хятад улс дахь албан ёсны төлөөлөгч нь юм. "Лисагийн сонголт" хэмээн зарласан бүтээгдэхүүнүүд хэдхэн цагийн дотор зарагдаж дуусдаг гэнэ шүү.
Мөн 2019 оны эхээр “Samsung Galaxy 10” утасны нүүр царай болсон. Лиса маш олон жилийн турш iPhone-г сонгосоор ирсэн тул энэ үйл явдал шүтэн бишрэгчдийг нь нэлээдгүй гайхшруулсан гэж хэлж болно.
Лиса Инстаграм дээрх хамгийн их дагагчтай K-POP од бөгөөд одоогоор 27.3 сая дагагчтай байна.
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Тайзны нэр: Лиса (Lisa)
Жинхэнэ нэр: Лалиса Манабон (Lalisa Manabon)
Төрсөн өдөр: 1997 оны гуравдугаар сарын 27
Орд: Хонь
Өндөр: 166см
Төрсөн газар: Тайланд
Жин: 44кг
Хамтлагт гүйцэтгэх үүрэг: Бүжигчин, реппер
Инстаграм: @lalalalisa_m
СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
Лисагийн хойд аав нь маш алдартай тогооч.
Тэрээр Солонгост Тайланд будааны гоймонгийн ресторан нээхийг хүсдэг.
Бага байхаасаа л "French Fries" буюу нарийн хэрчиж шарсан төмсөнд дуртай байсан бөгөөд одоо ч дуртай хэвээрээ.
Тэрээр хамтлагийнхаа хамгийн балчир нь бөгөөд хамтлагийн гишүүд нь түүнийг хамгийн эгдүүтэй нь гэж өхөөрддөг.
Түүний тайзан дээр байгаа төрх энгийн үеийнхээс нь тэс өөр. Тайзан дээр хүчирхэг, ширүүн дүр төрхийг гаргадаг бол амьдрал дээрээ илүү эгдүүтэй, хөөрхөн байдаг байна.
Лиса эрэгтэй байсан бол Жэнитэй үерхэх байсан гэнэ.
Лиса нүүр будалт, гоо сайхны бүтээгдэхүүнд "нугасгүй" бөгөөд хамтлагийнхаа хамгийн их гоо сайхны бүтээгдэхүүнтэй гишүүн нь гэнэ шүү.
Тэрээр "YG" энтертайнментийн анхны гадаад иргэншилтэй уран бүтээлч юм.
Тэрээр зураг маш сайн дардаг учир хамтлагийн гишүүдийнхээ зургийг байнга авч өгдөг.
Эцэг эх нь түүнд Пранприяа гэсэн нэр өгсөн ч мэргэн хүнд /манайхаар бол лам юм уу даа / үзүүлтэл нэрээ соль гэсэн учир Лалиса болгосон гэдэг.
Тэрээр өөрөөсөө ах, сайхан сэтгэлтэй, гоё хоол хийж чаддаг залууд дуртай. Учир нь энэ төрлийн залуус өөрийг нь сайн халамжилж чадна гэж боддог байна.
Тэрээр Лео, Лука гэх хоёр мууртай.
Лисагийн хувьд хамгийн чадварлаг бүжигчин бол "TWICE" хамтлагийн MOMO.
Бүжгийн машин, бүжгийн хатан хаан, бүжигчин робот гэх зэрэг хочтой. Мартсанаас тэрээр хамтлагийнхан дундаа хамгийн их хочтой нь гэсэн шүү.
Ингээд түүний хөөрхөн, хөгжилтэй бичлэгүүдээс үзэцгээе.
Эх сурвалж: Black-pink Fandom
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх