Та Японы зочид буудалд 1 доллароор буух уу?


Д.Нямханд | YOLO.MN
2019-11-21

Японы бүх юм үнэтэй. Гэвч та 1 доллар ч хүрэхгүй үнээр Японы нэгэн зочид буудалд байрлах боломжтой гэнэ. Та уг зочид буудалд ердөө л 100 иэн буюу 92 цент төлөөд 1 шөнийг өнгөрүүлэх боломжтой. 

ТАНЫГ LIVE-Р ДАМЖУУЛНА.

Хамгийн гол, сонирхолтой нөхцөл нь гэвэл таныг тухайн буудалд орохоос гарах хүртэлх бүхий л хугацаанд Youtube-н "Live Stream"-р дэлхийн өнцөг булан бүрд дамжуулна. 

Youtube суваг нь "One Dollar Hotel" хэмээх нэртэй бөгөөд одоогоор 4 мянга гаруй дагагчидтай байна. 

Япон улсын Фүкүока хотын Риокан Асахи хэмээх зочид буудлын зөвхөн 8 номерын өрөөнд л энэхүү үйлчилгээг авах боломжтой аж. 

Татами шал, гудас, кофены ширээ, зурагт, данх гээд л яг л Япон хэв маягийг илэрхийлсэн өрөө байгаа биз? Харин камер нь өрөөний голд байрлан 24 цагийн турш таныг олон нийтэд шууд дамжуулах юм. 

Хамгийн гол нь садар самуун зүйлсийг сурталчлахыг хориглодог тул камерын өмнө нүцгэн биеэ харуулж болохгүй шүү. Мөн өөрийн картын дугаар, нууц дугаар гэх мэт хувийн мэдээллээ камерын өмнө харуулахгүй байхыг анхааруулдаг.

Таны өрөөндөө юу хийж буйг дэлхий дахинд дамжуулж байна гэхээр тухгүй санагдаж байна уу? Тэгвэл өөрийнхөө бичлэгийг хийлгэж олон нийтэд цацуулах нь зарим хүмүүст таалагддаг бөгөөд үзэгчидтэйгээ санал бодлоо хуваалцдаг хүмүүс ч цөөнгүй байдаг. 

Эх сурвалж: www.insider.com

#Япон