Ирина Шейк: Хөдөөгийн сургуулийн сурагч дэлхийн загварын тайзнаа алхсан түүх


YOLO.mn | YOLO.MN
2019-10-28

Ирина Шейкийн нэрийг сонсоогүй хүн цөөн гэхэд хилсдэхгүй биз ээ. Тиймдээ ч түүний амжилт, намтар түүхийг Үнсгэлжингийн үлгэртэй жиших нь бий. Гэхдээ түүний амьдралд ид шидийн гэхээр зүйл байгаагүй, харин уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрч зан, өөртөө итгэх тууштай итгэл найдвар байсан аж. 

Челябинскаас 150 км зайтай, 30 мянган оршин суугчтай Еманжелинск  гэдэг жижиг хотоос гаралтай бүсгүй  Парис, улмаар дэлхийн загварын тайзыг хэрхэн эзэмдэж чадсан юм бол?

Ирина “Орос эмэгтэйчүүд бид хөдөлмөрт дуртай. Ажил хийж чаддаг хүмүүс” хэмээн ярих дуртай. Барууныг шүтэж, эх орноосоо хол хөндий байхыг хүсэх загварын бизнесийн бусад нөхдөө бодвол тэрээр орос гаралтай гэдгээ онцолдог.

ДАРЖИН ГЭР БҮЛИЙН ДАРУУХАН ОХИН

Ирина Шайхлисламова Челябинск мужийн Еманжелинск хэмээх жижигхэн хотод төрсөн. Ээж нь хөгжмийн багш, аав нь уурхайчин. Хойд зүгийн бөглүү хязгаар нутгийн хувьд бор царайтай охины гадаад төрх содон байсан бөгөөд түүнийг гоочилж шоолдог байв. Ялангуяа зузаан уруул нь түүнийг бусдаас илүү шоглуулах нэг бай болдог байж. Гэхдээ тэр уруул хожим нь ямар алдар цуунд хүргэхийг ангийн нөхөд нь мэдэж байсан бол...

Иринаг 14 настай байхад аав нь зуурдаар нас барж, ээж нь давхар ажил хийх шаардлага гарчээ. Хоёрын хоёр охиныг тэжээж өсгөх амаргүй байсан аж. Татьяна (Иринагийн эгч), Ирина хоёр ч сайн сурахыг хичээж, гэр орны ажилд ээждээ чадахын хэрээр тус нэмэр болж байв. Ирээдүйн загварын од маань тэр үед ганган чамин эд хэрэглэлийг огт мөрөөдөж байгаагүй гэдэг.

ХУВЬ ТАВИЛАН ХЭНИЙГ СОНГОХОО МЭДНЭ

Сургуулиа дүүргээд Ирина Челябинскийн их сургуулийн маркетингийн ангид элсэв. Удалгүй орон нутгийн имиж-клубын төлөөлөл бүсгүйг анзаарч загварын “Светлана” агентлагт ажиллахыг санал болгожээ. Чухамхүү энэ л сонголт Шейкийн амьдралд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна.

Удалгүй тэрээр “Супермодель-2004” тэмцээнд оролцсон бөгөөд үзэсгэлэн гоо бүсгүйг Гия Жикизе анзаарч нүдэлжээ. Наталья Водянова, Евгения Володина, Полина Куклина, Елена Мельник, Ольга Шерер болон амжилтад хүрсэн бусад загвар өмсөгчдийг загварын эрэл хайгуулч (скаут) энэ залуу л дэлхий ертөнцөд таниулжээ. Тэмцээний дараа Гиягийн тавьсан саналаас татгалзах шалтгаан Иринад байсангүй.

АМЬДРАЛ ҮЛГЭРТ ГАРДГААС ТЭС ӨӨР

Парист ирснийхээ дараа Ирина дуудахад төвөгтэй овгоо товчилж, Шейк болгов. Шинэ хүмүүсийг сурталчилж таниулах чиглэлээр дагнаж ажилладаг Францын нэгэн агентлагтай түүний хамтын ажиллагаа эхлэв. Иринагийн цалин долоо хоногт ердөө 50 евро байв. Энэ нь бүсгүйн орон байрны зардалд л арай ядан хүрэлцэх бөгөөд хоол ундны талаар заримдаа санахын ч хэрэггүй байв. Гэхдээ махруу зантай Ирина бууж өгсөнгүй. Сонгон шалгаруулах уралдаан тэмцээнүүдэд оролцож, хэл сурч байсан бөгөөд бүх зүйл бүтнэ гэдэгт итгэсээр.

Түүний уйгагүй хичээл зүтгэл тун удалгүй үр шимээ өгч, Шейк загварын тавцнаа гарав. Эхний ялалтын дараа хоёр дахь нь залгаж, улмаар олон амжилт үргэлжлэв. Хэвлэлүүд Оросын гоо бүсгүйтэй хамтарч ажиллахын тулд дугаарладаг болов. Шейк өөрийн хамгийн гол амжилтыг "Sports Illustrated" сэтгүүлийн хавтасны зураг гэж үздэг. Тэрээр тус сэтгүүлд гарсан анхны рос эмэгтэй болсон. Сэтгүүлийн ердийн дугаарын хавтасны зураг төдий биш, жил бүр дэлхийн шилдэг тамирчид, загвар өмсөгчид гардаг тусгай дугаарт түүний зураг заларчээ.

ХӨЛБӨМБӨГЧИНТЭЙ ХОЛБОГДСОН ХАЙР СЭТГЭЛ

Хачирхалтай нь энэ үеэр Иринагийн талаар Орост хэн ч мэддэггүй байв. Түүний хүрсэн бүхий л ололт амжилт хаа нэгтээ холын хол үлддэг байж. Харин бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэгч, хөлбөмбөгийн од Криштиану Роналду загвар өмсөгч бүсгүйг сонирхсоноос Шейкийн нэр хэвлэлээр ч, эх оронд нь ч гарах болсон.

Хүүхнүүдийн сэтгэл зүрхийг булаагч эр Иринагийн статусыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, түүнд ухаангүй дурласнаа мэдэгдсэн. Гэрлэх саналыг хосуудын дэмжигчид бүтэн таван жил хүлээсэн. Хязгааргүй хайр сэтгэл, заримдаа чин үнэнч гэдгээ харуулж байсан хэдий ч нэрт хөлбөмбөгчин Иринатай гэрлээгүй. Харин түүнийг хуурч мэхэлдэг тухай цуу яриа улам бүр газар авсаар байлаа.

ОХИНТОЙ БОЛОВ

Хувийн амьдралынхаа талаар нэг хэсэг таг дуугүй байсан Ирина тамирчинтай тогтоосон харилцаандаа тодоос тод цэг тавьж, дэмжигчдийнхээ шүтээн нь болсон кино найруулагч Брэдли Купертэй олны өмнө ил гарлаа.

Холливудын “Казанова” эцсийн эцэст бөглүү хойд нутгийн орос бүсгүйд сэтгэл алдарна чинээ жүжигчний хөгжөөн дэмжигчид итгэж чадахгүй байлаа. Гэвч Купер, Шейк нарын харилцаа улам тодорхой болж,  хосууд 2017 онд охинтой болов. Лея охины аз жаргалтай, үзэсгэлэн төгс эцэг эх нь дэлхийн хамгийн их анхаарал татсан хосууд байлаа. Тэднийг үлгэр дуурайл болгож, шагшин магтахын зэрэгцээ атаархдаг хүмүүс ч олон болсон нь мэдээж.

Хайрлаж дурласан нөхөртөө борщ чанаж, давсалсан өргөст хэмхээр дайлж, нөхөр нь Орос, зөвлөлтийн хүүхэлдэйн киноны хүүхдийн дууг охиндоо хөгжилтэйхөн аялж, Лея охин хоёр өөр соёлоор өсч байгаа хэмээн Орост наргиан болгож байв. Энэ аз жаргал өнө удаан үргэлжлэх юм шиг л байв. 

Купер ч удалгүй найруулагчийнхаа ажлыг эрхэлж, гол дүрд нь Леди Гага тоглохоор уригдсан “Од төрлөө” хэмээх шинэ киноны зураг авах ажилд дарагдав.

ҮЛГЭР ШИГ ЖАРГАЛТАЙ ТӨГССӨНГҮЙ

Ихэмсэг бардам дуучин бүсгүй /Леди Гага/ ихэнх цагийг Купертэй хамт өнгөрөөж, Ирина дэлхийг тойрон нисч, ээжийн журамт үүргээ биелүүлсээр. Нэг мэдэхэд хэвлэлээр Брэдли Гага нарын хайр сэтгэлийн тухай шуугиж эхэллээ.

ИРИНА ШЕЙК ЭЭЖТЭЙГЭЭ

Цуу яриаг няцааж, Гага өөрийнхөө агенттай сүй тавьснаа зарлав. Гэвч тэд удалгүй хоёр тийшээ болжээ. Харин зураг авалтын талбай дээр түншүүдийн хооронд оч үсэрсэн харилцаа үнэхээр байсныг, хий хоосон наргиан биш байсныг Оскарын шагнал гардуулах ёслол харуулжээ. Иринагийн тэвчээрийг үнэлэх хэрэгтэй. Охиных нь эцэг түүний нүдэн дээр өөр хүнд хайр сэтгэлээ илэрхийлж байгааг хараад тэр хөмсөг ч зангидалгүйгээр тэвчээр гаргав. Шаардлагатай хэсэг хугацаа өнгөрч, аяндаа дуулиан шуугиан намжмагц өөрөө орхиж одсон.

ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ТУУШТАЙ ЗОГСОНО!

Шейкийг Куперээс салж явсны дараа Леди Гагаг жүжигчний гэрт нэг мөр нүүж очин засвар хийж эхэлсэн тухай мэдээ шил даран гарч эхлэв. Энэ үед л харин Орос зангийн тэвчээр барагдсан бололтой. Америк дуучинд хаягласан сая сая хилэгнэл нийгмийн сүлжээгээр нэг тархав. 

Бүгд л Иринаг хамгаалж, харин дуучныг гэр бүл үймүүлсэн “хулгайч” хэмээн нэрлэв. Нэр цуутнууд ч хол хөндий байсангүй. Оросын олон одод өөрсдийн сэтгэгдлээ үлдээсэн. Яваандаа ард олны уур хилэн хошигнол болон хувирч, улмаар поп дива руу цэлцэгнүүр, борщ, банш бэлтгэх жорыг илгээх болов. 

Загварын бизнесийн хажуугаар Шейк буяны үйл ажиллагаа явуулж, төрөлх Еманжелинскийн хүүхэд асрах газруудад тусламж үзүүлж, ээж, эгч, эмээтэйгээ уулзахаар тийшээ байн байн нисч очдогийг мэдэх хүн тийм ч олон биш биз ээ.

Ирина Ололт амжилтаа бусадтай хуваалцах хэрэгтэй” хэмээн үздэг. Харин эх орон нэгтнүүд, дэмжигчид нь түүний ололт амжилтыг сэтгэл ханамжтайгаар ширтэн хардаг болжээ. 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

#Inspiration #Model