Монголд анх удаа цэцгийн үзэсгэлэн боллоо


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2019-10-21

Өнгөрөгч амралтын өдөр буюу 2019 оны аравдугаар сарын 19-ний өдөр "Цэцэгт Мэндчилгээ ХХК" 10 жилийн ойн хүрээндээ цэцгийн урлаг сонирхогч болон цэцгэнд дуртай бүх хүмүүстээ зориулан Монголд анх удаа гоёлын цэцгийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Уг үзэсгэлэн Бльюмон дахь “Норфэй арт” галерейд болж өнгөрсөн юм. 


Реппер Цэцэ

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр урлаг соёлын төлөөллүүд (Реппер Цэцэ, “Take off” хамтлагийн ахлагч Э. Сүхжаргал болон сонгодог хөгжмийн хамтлагууд ) хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд уран сэтгэмж, урлагийн мэдрэмж шингэсэн 5 бүтээлээс 2 шилдэг бүтээл шалгаруулан шагнал гардуулсан билээ. 


“Take off” хамтлагийн ахлагч Э. Сүхжаргал

Уг бүтээлийн тэмцээнд Ч. Эрдэнэчимэг, Д. Азжаргал, М. Энхтүвшин, Б. Мөнхтуяа, Б. Рагчаасүрэн гэх таван цэцэгчин бүсгүй өөрсдийн бүтээлээр оролцсоноос Б. Мөнхтуяагийн “Эхлэл”, Ч. Эрдэнэчимэгийн “Дөрвөн улирал” зэрэг бүтээлүүд шилдгээр шалгарлаа.


Цэцэгт мэндчилгээ ХХК-ны захирал Б. Баттөр

"10 жилийн ойгоо зүгээр л тэмдэглээд өнгөрүүлье гэхээсээ илүүтэйгээр бүгдэд нээлттэй гоёлын цэцгийн үзэсгэлэн гаргаж, олон нийттэйгээ тэмдэглэхийг хүслээ. Энэхүү үзэсгэлэнд өөрийн гэсэн өнгө утга агуулгатай БНХАУ, БНСУ, Эквадораас импортлогдсон 80 гаруй төрлийн цэцэг байрласан. Мөн бид дотооддоо 4-5 төрлийн цэцэг ургуулж тариалдгийг хэрэглэгчид маань мэдэх байх. Түүнчлэн 10 жилийн хугацаанд нэлээдгүй нийгмийн ажил зохион байгуулж, оролцож байсан түүхтэй. Үзэсгэлэн дээр зарим ажлуудын маань зураг байршсан байна. Гоёлын цэцэг хүний амьдралын бүхий л дурсамжит өдрүүдэд хамт байдаг учраас бид нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийнхөө хэмжээнд хичээж ажилладаг."


Цэцэгт мэндчилгээ ХХК-ны ахлах менежер С. Энх-Амгалан

"Цэцгийн үзэсгэлэн маань Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Манай компанийн гол зорилго бол цэцгээр дамжуулан соёлыг түгээн дэлгэрүүлэх билээ. Бид цаашдаа ч уг үзэсгэлэнгээ жил бүр уламжлал болгон зохион байгуулах болно."

Ингээд бүтээлийн тэмцээнд оролцсон шилдэг 5 бүтээлийн эзэдтэй ярилцсан ярилцлагаасаа ишлэн хүргэе.


Цэцэгчин, дизайнер Б. Мөнхтуяа

""Би Цэцэгт мэндчилгээ ХХК"-д 4 дэх жилдээ ажиллаж байна. Манай компанийн гол зорилго бол цэцгийн соёлыг бусдад түгээх. Мөн би энэ компанид ажилдгаараа маш их бахархдаг. Гоё биш гэж үү? Харахад дандаа гоё цэцгүүдээр дүүрэн байдаг. Тийм ч учраас өглөө ажилдаа ирэхдээ их сэтгэл хангалуун байдаг байх."


1-р байр “Эхлэл” бүтээл

"Эхлэл бүхэнд цэцэг хамт байдаг. Гэр бүлийн шинэ гишүүн төрөх үед, аливаа албан байгууллагын арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд гэх мэт. Мөн түүнчлэн өндөг хагарснаар бяцхан дэгдээхий гарч ирж шинэ амьдрал биеждэг. Түүнийг төлөөлүүлэн шар өнгийн мини сарнайгаар дэгдээхийг илтгэн бүтээлээ урласан."


Цэцэгчин, дизайнер Ч. Эрдэнэчимэг

"Шагнал авсан бүтээл маань жилийн 4 улирлыг илэрхийлсэн. Ягаан цэцэг нь зуныг, цагаан цэцэг нь өвлийг, хар цэцэг нь хаврыг, шар цэцэг нь намрыг илэрхийлнэ.
Хоёр дахь бүтээл маань “Тогос”. Тогос нь өөрөө их олон өнгөөс бүрддэг шувуу. Манай цэцгүүдийн дийлэнх нь хүмүүсийн өмнө харж байгаагүй, сайн мэдэхгүй цэцгүүд байдаг. Тогосонд ямар өнгийн цэцгүүд байна вэ? Тэр нь "Цэцэгт мэндчилгээ ХХК"-д байж л байна гэсэн утгыг илэрхийлэхийг зорьсон."


2-р байр “Дөрвөн улирал”


Цэцэгчин Д. Азжаргал

"Хүмүүсийг номонд дурлаасай гэсэн үүднээс энэ бүтээлээ урласан. Ном хүмүүсийг очиж үзээгүй газартаа очсон юм шиг, уулзаж үзээгүй хүнтэйгээ уулзсан юм шиг тийм амьд мэдрэмж төрүүлдэг учраас амьд цэцгээр илэрхийллээ."


“Ном” бүтээл

"Зэрлэг сарнай, мини сарнай, бөөрөнхий ромашка гэх мэт нэг ишнээс олон салаалдаг жижиг цэцгүүд сонгож хийсэн. Энэ нь  нэг номоос олон утга агуулга, хэрэгтэй зүйлс гардаг гэдэг утгыг ч бас илэрхийлнэ."


ЦЭЦЭГЧИН Б. РАГЧААСҮРЭН

"Би "Цэцэгт мэндчилгээ ХХК"-д ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Би өмнө нь цэцгийн талаар огт мэддэггүй байсан. Энэхүү компанидаа ажилд орсондоо маш их сэтгэл хангалуун байдаг. Маш олон зүйлсийг шинээр мэдэж, суралцсаар байна."


“Уураг тархи” бүтээл

Хүн гадаад өнгө үзэмжээрээ биш дотоод сэтгэл, оюун ухаанаараа бусдаас ялгардаг. Хэдий гаднаа өнгө үзэмжгүй ч оюун ухаанаараа гэрэлтэж болно гэдгийг илтгэсэн. 


Цэцэгчин М. Энхтүвшин - “Төгөлдөр хуур”

"Төгөлдөр хуурын аялгуу эгшиг цэцэг шиг урган гардаг гэсэн утгыг илэрхийлэхийг зорьсон. Хиймэл цэцэг, амьд сарнайг ашигласан."

Ингээд та бүхэнд үзэсгэлэнг үзэж сонирхсон үзэгчдийн сэтгэгдлийг хүргэж байна. 


С. Даваасүрэн, 60 настай

"Ийм гоё үзэсгэлэн гаргаж байгаа хүүхдүүддээ маш их баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Ийм үзэсгэлэн гаргаж байвал ер нь их гоё юм байна. Хэлэх үг ч олдохгүй байна."


Б. Мандах, 12 настай

"Би цэцгэнд үнэхээр их дуртай. Аав маань энэ компанийн захирал. Тийм ч учраас би цэцэгтэй их ойрхон байдаг. Цэцэг намайг илэрхийлэгч гэж хэлж болно. Ялангуяа лили цэцгэнд илүү дуртай. Аавынхаа компанид очихоор би маш их жаргалтай болдог. Цэцэг бол миний амьдралын нэг хэсэг."


Ц. Цэвээнравдан, 19 настай

"Би өмнө нь энэ байгууллагын үйл ажиллагааны талаар огт мэддэггүй байсан. Сая дэргэдүүр нь өнгөрч яваад өвөрмөц, олон өнгө алагласан цэцгүүд хараад орж ирлээ. Тухайн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан чинь нийгмийн хариуцлагын хүрээнд олон хүмүүнлэгийн болон нийгмийн олон ажлууд хийдэг юм байна. Цэцэгт мэндчилгээнээс эгчдээ цэцэг авахаар шийдлээ."

#Цэцэг