ЗАХИДАЛ: Яаж хичээлдээ сайн болох вэ?


ССҮТөв | YOLO.MN
2019-10-10

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Яаж хичээлдээ сайн болох вэ? 

Сайн байна уу? Би 13 настай, 8-р ангийн сурагч байна. Дунд ангиасаа л хичээлдээ их муудсан.

Одоо хичээлдээ сайн больё гэж хичээсэн ч сайжрахгүй юм. Яаж хичээлдээ сайн болох вэ?

 

ЗӨВЛӨГӨӨ: Удаан хугацаанд, өдөр болгон, тогтмол, зөв давтаж байж сайжирна.

Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Өөрийгөө хөгжүүлэх гэж хичээж, тусламж хүсч байгаад нь баярлаж байна. Хүн нэг өдөр дасгал хийгээд булчинтай болдоггүй. Хааяа нэг санахаараа л дасгал хийдэг бол бас л булчинтай болохгүй. Дасгалаа буруу хийгээд эсвэл дасгал хийсэн ч буруу хооллоод байвал бас л булчинтай болохгүй. Хичээлдээ сайжрах нь яг үүнтэй адил. Удаан хугацаанд, өдөр болгон, тогтмол, зөв давтаж байж сайжирна. Чамд үүн дээр туслах хүн байгаа юу? Ангийн хүүхэд ч юм уу, багш, эсвэл ах эгч байж болно. Хэрвээ үнэхээр байхгүй бол өөрөө төлөвлөгөө гаргаад өдөр бүр, тогтмол цагаар давтаад үзээрэй. Өөрөө давтсан ч ойлгохгүй бол багшдаа, гэрийнхэндээ хэлэх хэрэгтэй.

“Би сайжирмаар байна, гэхдээ ойлгохгүй байна, надад туслаач” гэж тодорхой хэлбэл хэн ч байсан туслах болов уу.

Гол нь чамд хичээлдээ сайжрах хүсэл эрмэлзэл байгаа цагт арга барилаа хэсэг хугацааны дараа олж л таараа. Битгий бууж өгөөрэй. Амжилт хүсье. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Сэтгэл судлаач

Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

 

#Захидал #Letter