Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Надаас "Чи надад сайн юм уу?" гэж асуусан.
Би 18 настай. 2-р курсийн оюутан. 1 охинд сайн болоод 3 жил болж байна. Би өөрөө ичимхий, дуу цөөнтэй, хүнтэй нэг их юм яриад байдаггүй болохоор ч тэр үү, тэр охиндоо одоо хүртэл сэтгэлээ илчилж чадаагүй л байна. Харин тэр охин надаас шал өөр. Нээлттэй, өөрийгөө илэрхийлж чаддаг, ямар хүнтэй яаж ярихаа мэддэг, маш эелдэг охин байдаг юм. Би 11-р ангид ордог жил хичээл сонголтоор өөр анги руу шилжиж ороод түүнтэй танилцаж, анхны харцаар л сайн болсон. Түүнд сайн болсноо хэнд ч хэлээгүй байгаа. Сэтгэлээ илчилж чадахгүй явсаар л байсан.
Тэгээд л зуны амралт эхэлж 3 сар ямар ч холбоогүй байсан. Хичээл орсны дараа тэр хоёрыг салсан гэж сонссон. 12-р ангидаа ЭЕШ-даа бэлдэнэ гээд орой гэгээ тасартал ангиараа сургууль дээр сууж хичээлээ бэлддэг байсан. Заримдаа тараад гэрт нь хүргэж өгнө, заримдаа чадахгүй. Ингэж явсаар 12-р ангиа төгсөх үед бид хоёр үнэхээр сайн найзууд болцгоосон байлаа. ЭЕШ-аа өгөөд өөр өөрсдийн хүссэн мэргэжлээрээ хүссэн сургуульдаа орцгоосон. 1-р курсдээ өөр өөр сургуульд сурдаг, гэр ч хол байсан болохоор нэг их уулзаж чадахгүй явсаар төгссөн. Зуны амралт эхлэхэд тэр хотод ажил хийх гэж үлдэж, би аймаг руугаа буцсан. Саяхан 2-р курсдээ ороод бид хоёр ойрхон амьдардаг болсон учир би хичээлээ тараад байнга очдог болсон. Тэр саяхан над руу чатаар "Чи надад сайн юм уу?" гэж асуухад нь би яг юу хэлэх учраа олохгүй байсан учраас хариу бичээгүй. Залгахад нь ч утсаа авахгүй байхаар шийдсэн. Би яавал дээр вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Ямар ч хариу ирж болох учраас сэтгэл санаагаа бэлдээрэй.
Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Удаан хугацаанд нэг охинд сэтгэлтэй явсан, тэр чиний хувьд үнэхээр чухал хүн гэдгийг ойлголоо. Харин сэтгэлээ илчлэхээс яагаад айгаад байна вэ? Хүлээж авахгүй бол яана гэдгээс үү? Эсвэл тэр охин чамд “би чамтай зөвхөн найзын хувиар харилцана” гэж хэлж анхааруулдаг байсан юмуу? Ямар ч шалтгаантай байсан тэр охин одоо үнэнийг мэдэхийг хүсч байна.
Тиймээс юу гэж хэлж тайлбарлахаа эргэцүүлж байгаад түүнд хэлээрэй. Мөн ямар ч хариу ирж болох учраас сэтгэл санаагаа бэлдээрэй. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол тухайн асуудлаа yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх