Найзуудтайгаа бөөндөө уулзчихаад тоглоом тоглоё гэхээр өнөө л нэг улиг болсон үг таадаг, хулгайч цагдаа болдог, худлаа ярьдаг тоглоом тоглодог. Тэгвэл та энэхүү нийтлэлийг дуустал нь уншаарай. Эдгээр тоглоомыг огт танихгүй хүмүүстэйгээ, эсвэл бүр дотны найзуудтайгаа тоглосон ч хөгжилтэй байх болно гэж амлаж байна.
1. ЯМАР ӨНГӨТЭЙ БАЙНА?
Бэлдэх хугацаа: 10-15 минут
Хэрэг болох зүйлс: M&M's /эсвэл Skittles/, үзэг, цаас.
Заавар: M&M's-ийнхээ өнгө бүрд асуулт зохиож бичнэ. Жишээ нь: Бор - Үзэх дуртай кино, Улаан - Хамгийн сайн хийж чаддаг зүйлс, Цэнхэр- Сонсох дуртай дуучин гэх мэт. /Хамгийн гол нь энэхүү тоглоомыг хамт тоглох гэж буй хүмүүс хоорондоо хэр дотно вэ гэдгээс шалтгаалаад асуух асуултаа өөрчилж болно шүү./
Дараа нь бүгдээрээ тойрч суугаад M&M's-ээ задална. Хүн бүр нүдээ аниад дотроос нь нэг ширхгийг авч, өнгөнд харгалзах асуултад хариулах зарчмаар тоглоно. Сонирхолтой бөгөөд амттай байх болно шүү.
2. ШООГОО ХАЯАРАЙ!
Тоглоом бэлдэх хугацаа: 10 минут.
Хэрэг болох зүйлс: Шоо, үзэг, цаас.
Заавар: Цаасан дээр 12 ширхэг асуулт бичиж тэмдэглэнэ. Хүн бүр эхний тойрогт нэг удаа шоо хаяж, дараагийн тойрогт хоёр удаа шоо хаяж, шоо буусан тооны харгалзах асуултад хариулна.
Асуултад хариулдаг төрлийн тоглоомууд биднийг улам дотно болгодоггүй гэж үү? Зохиосон асуулт чинь сонирхолтой байх тусмаа тоглоомын уур амьсгал халуухан байх болно гэдгийг анхаараарай. /6 нүдтэй шоо олдоц ихтэй байдаг тул 12 асуултад хариулахын тулд шоогоо 2 удаа хаяж байгаа юм шүү. 12-оос олон асуулт бэлдээд шоогоо 3, бүр 4 удаа хаясан ч болно./
3. ЭНЭ ҮҮ? ТЭР ҮҮ?
Тоглоом бэлдэх хугацаа: Хэдэн асуулт бэлдэхээс шалтгаална.
Хэрэг болох зүйлс: Үзэг, цаас.
Заавар: Тоглоомд оролцох гэж буй хүмүүс бүгд нэг, нэг асуулт бэлдэнэ. Жишээ нь: Чи хамгийн дуртай киногоо ганцхан хүнтэй л үз гэвэл Гэрлээтэй үзэх үү? Болороотой үзэх үү? гэх мэт. Мөн тоглоом тоглох хүний тоогоор жижигхэн цаасан дээр дугаар бичиж, хүн бүрд нэг, нэгийг өгнө. Өөрт оногдсон цаасан дээрх дугаарын харгалзах асуултад хариулаарай. Үзэг, цаас, найзууд... Өөр юу ч хэрэггүй.
4. АМЬДААРАА "ХО"-ДОХ
Залуу хүмүүс юугаар баян билээ? Тийм ээ. Эрч хүчээр баян. Биеийн чилээгээ гартал хөгжилдмөөр байна уу? Тэгвэл дараах тоглоомыг туршаад үзээрэй.
Тоглоом бэлдэх хугацаа: 5 минут.
Хэрэг болох зүйлс: 9ш сандал.
Заавар: 9 сандлыг тус бүр 3 сандал бүхий 3 эгнээнд байрлуулаарай. Тоглоомд оролцох хүүхдүүдийг хоёр багт хуваарилна. Яг л цаасан дээр XO тоглодог шиг багууд ээлжлэн нэг, нэг хүнээ сандал дээр суулгаж, хамгийн түрүүнд нэг эгнээ дагуу суусан баг хожно. Зарим нь сандал дээр сууж, үлдсэн хэсэг нь тэднийг хаана суухыг нь чиглүүлэх юм. Тоглоомыг эмх цэгцтэй байлгая гэвэл багийн гишүүн ижил өнгийн хувцсаар жигдрэх хэрэгтэй. Харин илүү хэцүү, хөгжилтэй болгоё гэвэл өөр өөр өнгийн хувцас өмсөөрэй.
5. ЭНЭ ХЭН БЭ?
Энэхүү тоглоомыг нэг нэгнээ сайн таньдаг хүмүүс, эсвэл дотны найзууд тоглоход тохиромжтой байх болно.
Тоглоом бэлдэх хугацаа: 15 минут.
Хэрэг болох зүйлс: Үзэг, цаас.
Заавар: Хоёр багт хуваарилагдана. 1-р багийн хүн тус бүр өөрийн дуртай, дүргүй зүйлсийн талаар жагсааж бичнэ. Бичсэн цаасаа хэн бичсэн нь мэдэгдэхгүй болтол хооронд нь холиод нөгөө багийнхандаа өгнө. 2-р багийн гишүүд цаасан дээрхийг уншиж хэн нь аль цаасан дээрхийг бичсэн бэ гэдгийг таана. Тааж дууссаны дараа 2-р багийнхан өөрсдийн дуртай, дүргүй зүйлсийн талаар бичээд 1-р багийнхнаар таалгана. Энэ тоглоом бол бие биенээ илүү танихын зэрэгцээ хөгжилдөх боломж юм шүү.
6. ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД ДУУЛААРАЙ
Караокэ орж, нөгөө л дуулдаг дуунуудаа ээлжлэн дуулахаас залхаж байна уу? Тэгвэл дараах тоглоомыг тоглоод үзээрэй.
Тоглоом бэлдэх хугацаа: 5 минут.
Хэрэг болох зүйлс: Гоё дуулдаг найзууд
Заавар: Хоёр багт хуваарилагдана. Хүн бүрийн мэддэг, гэвч байнга сонсдоггүй дуу сонгоод нэг, нэг мөрөөр нь ээлжлэн дуулаарай. Тоглоомыг бүр ч хөгжилтэй болгохын тулд Youtube-ээс тухайн дууны Instrumental хувилбар буюу зөвхөн аяыг нь тавиад дуулж болох юм шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх