Хоолны мэргэжилтнүүд ч хүртэл гаргадаг эрүүл хооллолтын 11 алдаа


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-10-03

Бид эрүүл амьдралын хэв маягийг өөрсдийн амьдралд хэвшүүлэх гэж хичээсэн ч үр дүн нь санаснаар болохгүй тал байдаг. Үүний гол шалтгаан нь бид өөрсдийгөө амьдралын зөв хэв маяг баримталж байна гэж эндүүрч яваагийнх ч байж магад. Илүү нухацтай судлаад үзвэл бидний үнэн гэж итгэдэг маш олон онол, аргууд зарим нэг байгууллага, компанийн бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн маркетингийн нэг хэсэг байдаг. 

Ийнхүү бид эрүүл хооллолтын талаарх хамгийн түгээмэл 11 алдааг та бүхэндээ танилцуулах гэж байна. 

1. Бид органик бүтээгдэхүүн хэрэглэдэг.
8 настай балчраас 80 настай буурал хүртэл "Органик бүтээгдэхүүн биед сайн, аюул багатай" хэмээн боддог ч үүнийг батлах шинжлэх ухааны баримт, судалгаа одоогоор хийгдээгүй байна. Супермаркет, сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй "Органик" гэсэн шошготой хүнс ногоог ургуулахдаа химийн бордоо ашиглалгүйгээр байгалийн бордоо ашигладаг.
Харин байгалийн бордооны үр нөлөөний талаар маш бага судалгаа хийгдсэн байдаг. Цаашлаад бүтээгдэхүүний баглаа боодол дээрх "Эко", "Байгалийн гаралтай" гэх шошго нь тухайн бүтээгдэхүүнийг эрүүл гэх баталгаа болж чадахгүй нь харамсалтай. Ихэнх тохиолдолд энэ нь бүтээгдэхүүний борлуулалтаа нэмэгдүүлэх гэсэн маркетинг байдаг.
Тиймээс энэ төрлийн хүнсийг худалдаж авахаасаа өмнө гарал үүсэл, орц найрлага, гаднах төрхийг нь сайтар шинжсэний дараа худалдан авалтаа хийгээрэй.

2. Бид глутонгүй хүнс хэрэглэхийг илүүд үздэг.
Сүүлийн үед цавуулаг буюу глутон ихтэй бүтээгдэхүүн аюултайд тооцогддог болсон байна. Хоол боловсруулах эрхтэн, системийн өвчний улмаас цавуулаггүй бүтээгдэхүүн хэрэглэх ёстой хүмүүс байдаг ч бидний ердөө л 1% нь энэхүү өвчин туссан байдаг. Өөрөөр хэлбэл үлдсэн 99% нь заавал цавуулаггүй хүнс хэрэглэх гээд байх шаардлагагүй гэсэн үг.
Цавуулаггүй хүнс идэх нь биед сайн гэх шинжлэх ухаанаар батлагдсан судалгаа ч байхгүй. Сүүлийн үеийн нэгэн судалгаанд дурдсанаар цавуулаггүй хүнс хэрэглэх нь хүнснээс үр тариан төрлийн бүтээгдэхүүнийг хасаж, энэ нь эргээд зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг хэмээсэн байна.


3. Бид аль болох тослог багатай бүтээгдэхүүнийг сонгодог.
Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх гэж буй хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бол тослогийн хэмжээгээ багасгах. Тослогийн хэмжээг багасгаснаар үүнийг орлуулахын тулд давс, амтлагч, ханаагүй тос зэргийг хэтрүүлэн хэрэглэх тохиолдол бий.
Байгалийн гаралтай тослогтой хүнсийг бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэх хэрэгтэй. Тодорхой хэдэн өвчний үед тослогийг бүрмөсөн хасах шаардлагатай боловч үүнээс бусад тохиолдолд маш бага хэмжээгээр бууруулахад л хангалттай шүү дээ.

 

4. Бид жимсний жүүсийг эрүүл гэж боддог.
Жимсний жүүсэнд маш их хэмжээний чихэр агуулагдаад зогсохгүй ямар ч эслэг агуулдаггүй нь харамсалтай. Тиймээс хоолны дуршил нэмэгдүүлж, хэтрүүлэн идэх, жин нэмэх гол шалтгаан болдог.
Үүнээс гадна өл, цангаа аль алийг нь ч дардаггүй. Та бүхэн жимсний жүүс уусны дараа жүүс уухынхаа өмнөхөөс ч илүү цангадгийг анзаарсан уу? Тиймээс оронд нь зүгээр л жимсээ бүхлээр нь идсэн нь илүү ашигтай юм шүү. 

 

5. Бид эрч хүч нэмэгдүүлэх хүнс хэрэглэдэг.
Өглөө яарч явахдаа ч юмуу, өдөржин завгүй явахдаа "Energy Bar" гэсэн шошготой бүтээгдэхүүн аваад идчихдэг үү? Мэдээж энэ төрлийн хүнс шуудхан идэхэд амар. Мөн дэлгүүрийн эрүүл хооллолтын тасагт худалдаалагддаг.
Энэ төрлийн бүтээгдэхүүнд чихэр, шоколад, карамел зэрэг орцууд агуулагддаг учир өөрт агуулагдах чихэрний хэмжээгээр бусад чихрийн төрлийн амттанаас огт ялгарахгүй бөгөөд агуулагдах калори нь өдрийн хоолны нийт калоритой тэнцдэг.
Хооллож ундлахдаа хангалттай цагийг зарцуулж байж л эрүүл хооллоно шүү дээ. Амттай зүйл идмээр байвал бага зэрэг цэвэр хар шоколад идээрэй. Хар шоколад эрүүл мэндэд ач тустайгаараа алдартай бөгөөд амттан идэх хүслийн тань ч дарна.

6. Бид хатаасан жимсэнд дуртай.
Жимсийг хэрхэн хатааснаас шалтгаалан хортой юу, тустай юу гэдэг нь шийдэгддэг. Ихэнх тохиолдолд үйлдвэрлэгчид жимсээ хатаахаас өмнө бүтээгдэхүүний муудах хугацааг уртасгах бодис цацдаг бөгөөд улмаар жимсний ашигтай бодис нь устаж алга болдог.
Харин таны гэртээ хатааж идсэн жимс хамаагүй эрүүл бөгөөд найдвартай байх болно.
 

7. Бид бор хальстай өндгийг сонгодог.
Цагаан хальстай өндөг сайн уу? Бор хальстай өндөг сайн уу? Энэ асуултыг олон жилийн турш эцэслэж чадахгүй л байна. Гэвч өндөгний хальс болон хэмжээ нь тухайн тахианы үүлдрээс шалтгаалдаг бол өндөгний шар нь хэр тод байхаас тахиа юу идэж байсан нь шалтгаалдаг байна.
Нэгэнт л өндөгний хальсны өнгөнөөс тухайн өндөг сайн, муу нь мэдэгдэхгүй тул аль нэг хэсэгтээ хагараагүй, хөргөгчинд хадгалсан өндөг худалдан авч байгаарай.

8. Спорт ундаа уух дуртай.
Спорт болон эрүүл мэнд хоорондоо салшгүй холбоотой учир хүмүүс спорт ундааг эрүүл гэж үздэг. Үнэн хэрэгтээ тэд чихэр, чихэрлэг сироп, будагч бодисууд, бас бус химийн нэмэгдлийг агуулдаг.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бэлтгэлийн үеэр энэхүү ундаагаар цангаагаа тайлахыг зөвлөдөг ч энэ нь цангаа тайлахгүйгээс гадна дасгалын тань үр дүнг бууруулдаг. Таны өөрийн гараар хийсэн спорт ундаа хамаагүй дээр сонголт ч болж магадгүй.

 

9. Бид импортын бүтээгдэхүүн худалдан авдаг.
"Гадны бараа чанартай." Энэ үгийг олонтаа сонсож байсан л биз. Зарим тохиолдолд үнэн байж болох ч байнга ийм байдаггүй. Жишээлбэл шинэ ургацын үеэр худалдаалагдаж буй дотоодын хүнс урт зам туулж, химийн бодис агуулж ирдэг импортын бүтээгдэхүүнээс эрүүл байх нь мадаггүй.
Мэдээж чанартай импортын бүтээгдэхүүн байх хэдий ч худалдан авалт хийхдээ үйлдвэрлэгдсэн огноо, орц найрлага зэргийг анхаарахаас гадна баглаа боодол нь бүрэн бүтэн эсэхийг шалгаарай.

 

10. Бид Гранола худалдан авдаг.
Олон төрлийн самар, үзэм зэргийг багцалсан зууш болох Гранолагийн талаарх ам дамжсан яриаг ихэвчлэн борлуулагчид нь үүсгэсэн байдаг. Биед хэрэгтэйгээсээ хэрэггүй бодис их агуулдаг гэж хэлж болно.
Та энэхүү бүтээгдэхүүнээс эслэг, төмөр гэх хүний бие махбодод тустай бодисыг авч болох ч хэт их чихэр болон хэрэггүй тос, тослогийг агуулдаг байна. Гэвч зарим дэлгүүрт ашиггүй элементүүдийг нь багасгасан Гранола худалдаалагддаг. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа орц найрлагыг сайтар анхаараарай.

 

11. Эрүүл хооллолтын талаар нэгэн сонирхолтой баримт хүргэхэд шарсан өндөг ойролцоогоор 160 калори, чанасан өндөг ойролцоогоор 94 калори агуулдаг байна. Сонирхолтой байгаа биз? 

Эх сурвалж: www.brightside.me

#Зөвлөгөө #Хооллолт