"Miss Universe" тэмцээнд Монгол улсаас дөнгөж хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа боловч мисс Б. Гүнзаяа маань Монгол үндэсний хувцсаараа 90 орны үзэсгэлэнт охидоос шүүгчдийн оноогоор хоёрдугаар байранд, санал асуулгаар гуравдугаар байранд орсон байна. Ийнхүү “Хүүхэд эрдэнэ сан”-гийн тэргүүн, “Unfriend” аяны санаачлагч, эх орноо төлөөлөн 68 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд оролцсон мисс Б. Гүнзаяатай хийсэн ярилцлагаа хүргэж байна.
Та бүхэндээ "Miss Universe" тэмцээний Үндэсний хувцас төрлийн дүрс бичлэгийг хүргэж байна. /02:50 секундээс үзээрэй./
YOLO: Сайн байна уу? Юуны өмнө “Miss Universe Mongolia 2019” тэмцээний титмийн эзэн болж, “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсонд баяр хүргэе. “Miss Universe 2019” тэмцээнийхээ бэлтгэлд ханцуй шамлан ороод завгүй гүйж яваа ч биднийг урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэмцээний бэлтгэл хэрхэн явагдаж байна вэ?
- Тэмцээн дуусаад удаагүй байна. Тэмцээн дуусаад баяраа тэмдэглэж амжаагүй байтал маргааш нь шууд маш том үүрэг хариуцлага ирсэн. “Miss Universe 2019” тэмцээн рүүгээ зураг, видео, анкет явуулах хэрэгтэй болсны жишээгээр өнөөдөр хүртэл зураг авалттай явж байна. Иймээс үүнийг би баяр баясал гэхээсээ илүү маш их үүрэг хариуцлага гэж бодсоор ирсэн. Маш олон хүмүүс магтсан. Сайны хажуугаар саар гэгчээр олон хүн ч өөлж шүүмжилсэн. Шүүмжийг би ташуур гэж ойлгож байна. Хэт их магтаал сонсвол сайн сайхан үгэндээ бялуурна. Тиймээс аль алийг нь хослуулан магтаалаас урам авч, шүүмж дээрээс алдаагаа засан ташуурдуулаад тэмцээн рүүгээ мордъё доо гэж бодож байна.
YOLO: Тэмцээний үеэр “Яагаад энэ тэмцээнд түрүүлэх ёстой вэ?” гэсэн асуултанд титмийн хугацаандаа "Unfriend" аяныг үргэлжлүүлнэ гэж хариулсан. Энэ удаа уг аянаа өмнөх жилээс ямар ялгаатайгаар явуулах вэ?
"Unfriend" аян маань өмнө нь “Таны хүүхдийг танихгүй хүмүүс хүмүүжүүлж байна” уриан доор явагдаж, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлэн ажилласан бол энэ жил "Цахим орчин зөв боловсон ашиглаж, хайр түгээе" гэсэн санаачилга доор үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөөтэй байна. Мөн дан ганц Монголд гэлтгүй цахим хэрэглээ даяаршиж буй энэ үед дэлхий нийтэд ч энэ дуу хоолойг хүргэхээр ажиллаж байна.
YOLO: Уг аяны урианаас л хүүхдүүд рүү чиглэсэн гэдэг нь тодорхой харагдаж байна. Анх яагаад "Unfriend" төслийг санаачилахаар шийдсэн бэ?
Би өөрөө эрх зүйч, хуульч хүн. Мөн түүнчлэн залуу үеийн төлөөллийн хувьд үргэлж шинийг санаачилж, шинэ зүйлийг хийе гэсэн хүсэл зүрхэнд минь асаж байсан. Энэ нь гэнэт л гараад ирсэн санаа биш. Биднээс өмнө ээж аавын минь үед найз нөхөдтэйгөө орцонд уулзаж, нэгнийхээ хаалгыг тогшин биеэрээ уулзаж болздог байсан шүү дээ. Харин одоо үед бид цахим орчинд найз нөхөдтэйгөө уулзах болсон. Манай дүү нар хүртэл Фэйсбүүк хэрэглэдэг. Тэгэхээр дүү нар маань миний бичсэн постоор л хүмүүжиж байгаа. Тэгж бодохоор энэ асуудал маш ойрхон санагдсан. Би дүү нартаа маш их хайртай. Яг л над шиг дүүдээ, үр хүүхдүүддээ хайртай ах эгч, аав ээжүүд бий. Тиймээс би тэдгээр хүүхдүүдэд сэтгэлээ зориулж тэднийг минийх, чинийх гэж ялгалгүйгээр халамжилж хамгаалахыг хүссэн. Ийнхүү би “Хүүхэд эрдэнэ сан”-гаа байгуулаад гурван жил хагасын нүүрийг үзэж байна. Хүүхдүүдэд сайн сайхан зүйлсийг хүргэхийн тулд ЕБС-иуд, Их дээд сургуулиудаар явж лекц хэлэлцүүлсэн боловч энэ нь хангалтгүй санагдаж, яаж бүх хүүхдүүдэд хүртээмжтэй ажиллах вэ хэмээн удаан бодсоны эцэст "Unfriend" аянаа санаачилсан. Уг аян эхэлснээр эцэг эхчүүд миний оролцоогүйгээр үр хүүхдээ асарч халамжлах, хэнтэй нөхөрлөж юу хийж буйд нь анхаарах боломж бүрдэх болов уу гэж бодсон юм.
YOLO: Энэ жилийн “Miss Universe Mongolia” тэмцээн "Фото мисс", "Нөхөрсөг мисс", "Шилдэг ярилцлага" гэсэн гурван номинацитай явагдсан. Та гурван номинацидаа гурвууланд нь өндөр амжилттай оролцож, шилдэг тавд шалгарсан. Үүнээс оролцогчид бие биедээ санал өгдөг нөхөрсөг мисс номинацийг онцолмоор байна. Уг номинацийн талаар бидэнд сонирхуулаач.
Нөхөрсөг миссийн шилдэг тавд багтсандаа баяртай байна. Олон улсын тэмцээнд ч энэ номинаци чухал ач холбогдолтой. Миний хувьд бүх хүнтэй чин сэтгэлээсээ харьцахыг зорьдог. Тийм ч учраас оролцогч охидтойгоо сайхан найзууд болж нэгнээсээ суралцаж, нэгэндээ зөвлөсөн. Номинаци болгон маань чухал. Тухайн номинацийг авахын тулд жүжиглэдэггүй. Амьдрал дээрх зан араншингаараа л бусадтай харилцсан. Тэр маань бусдаас өндөр үнэлгээ авч чадсанд баяртай байна.
YOLO: Шилдэг тавд багтаад зогсохгүй “Шилдэг ярилцлага” номинацийн эзэн болсон шүү дээ. Энэ удаагийн шилдэг ярилцлага номинацийг хэрхэн шалгаруулсан бэ?
“Шилдэг ярилцлага” бол аль ч тэмцээнд хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Миний хувьд уг номинацидаа маш их бэлдсэн. Хийдэг ажилтай минь ч ойрхон учраас миний хувьд бэрхшээлтэй байгаагүй. Надаас шүүгчид маань англи хэл дээр 5 асуулт, монгол хэл дээр 5 асуулт асуусан. Сандралгүйгээр, үнэн бодитоор, зөв боловсон, асуултууддаа бүдрэлгүйгээр хариулах нь чухал. Тухайн асуултуудад үнэн зөв, оновчтой хариулж чадсанаар “Шилдэг ярилцлага” номинацийг тэргүүлсэн байх гэж бодож байна.
YOLO: Энэ жил Монгол дахь шалгаруулалтад “Хүмүүнлэг мисс” номинаци яагаад явагдаагүй юм бол? “Miss Universe” тэмцээнд уг номинаци ер нь байдаг уу?
“Хүмүүнлэг мисс” номинаци яагаад явагдаагүйг мэдээгүй. Гэхдээ миний хувьд уг номинацидаа тодорхой хэмжээний юм бэлдсэн байсан. “Miss Universe” тэмцээний хувьд “Зорилтот мисс” гэж байдаг. "Зорилтот мисс"-ийн хүрээнд яг энэ индэр дээрээ юуг хүргэхийг зорьж байгаа юм? Чи яг хэн юм бэ? Олон улсад чиний дуу хоолой яагаад хэрэгтэй юм бэ? гэсэн үүднээс өөрсдийнхөө танилцуулгыг бэлтгэх шаардлагатай.
YOLO: “Miss Universe Mongolia” тэмцээний үеэр оролцогч охид маань Фэйсбүүк дээр нэг нэгээрээ лайв хийсэн. Энэ яг ямар учиртай вэ? Бас нэгэн шалгуур байсан уу? Эсвэл цахим идэвхжүүлэлт байв уу?
Бүх оролцогчдод 20 минутын хугацаа олгогдсон. Уг 20 минутын хугацаанд дуулна уу, бүжиглэнэ үү хамаагүй. Ямар нэгэн байдлаар бусдыг уйдаалгүйгээр цахим орчинд өөрийгөө илэрхийлэх боломжийг бидэнд олгосон. Шүүгчдээс гадна олон нийтэд, бусдад өөрийгөө хэрхэн илэрхийлж, бусад хүмүүс өөрийг нь хэрхэн хүлээж авч байна гэдгийг мэдэх үүднээс уг лайв маань явагдсан. Хорин минутаасаа хэтрэлгүй, хорин минутаасаа бүр эрт ч дуусалгүйгээр яг цагтаа амжуулах нь бас энэхүү шалгуурын гол анхаарах зүйлийн нэг байсан.
YOLO: Фэйсбүүк лайвын үеэр ямар асуултууд ирсэн бэ? Олон хүмүүс дэмжсэн байх.
Төсөөлөөгүй олон хүмүүс дэмжиж, урмын үг хайрласан. Бас “Ямар ажил хийдэг вэ? Ямар мэргэжилтэй вэ?” гэх мэтчилэн сонирхолтой асуултууд их асуусан. Асуултуудад тухайн мөчид нь шууд хариулан, бусадтай нээлттэй харилцах нь миний хувьд шинэлэг гоё мөч байсан. Лайв бол ер нь их өөр юм билээ. Бараг тайзан дээр гарахаас илүүтэй сандарсан. Би хувийн амьдралаа ч гэсэн их зохион байгуулалттай байлгахыг зорьдог. Үүний нэгэн адилаар хорин минутын хугацаанд бусдыг уйдаахгүй гэсэн үүднээс хийдэг зүйлсээ байршуулаад, төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг, яаж бэлддэг гэдгээ харуулаад, өмнө нь сайтар бэлдэж зохион байгуулалттайгаар лайваа хийсэн.
YOLO: “Miss Universe Mongolia” тэмцээн маань хэдий хэрийн хугацаанд явагдсан бэ? Бэлтгэлийн хугацаан дахь өдрүүдийг эргэн дурсацгаая.
Тэмцээний маань зураг авалт зун зургаадугаар сард эхэлсэн. Тэмцээндээ бүртгүүлж зураг авалт эхэлсэн тэр мөчөөс хойш өөртөө амрах, зугаалах эрх олгоогүй. Зураг авалтын дараа бид бүжгийн болон гадаад хэлний бэлтгэл сургуулилтдаа орсон. Бэлтгэлийн явц дунд шалгаруулалтууд маань явагдаж байсан. Миний хувьд 7 хоногийн 6 өдөр, өдөрт 3удаа биеийн хүчний бэлтгэл хийж, алхаа, тайзны үзүүлбэрүүдийг бэлдсэн. “Miss Universe Mongolia” тэмцээний тайзан дээрх алхаа гишгээ бүрийг 3 сарын хугацаанд хувийн бэлтгэлдээ бэлдэж байсан. Хэрхэн тайзан дээр инээмсэглэх, аятай алхаа, аягүй алхаа, биеийн үндсэн байрлал, бусдын өмнө ярих гээд бүх зүйлээ бэлдсэн. Миний өрөө яг л бэлтгэлийн өрөө шиг болчихсон. Орныхоо урд том самбар дээр хийх ёстой зүйлсээ бичээд өглөө босоод л шууд тэр самбараа хараад “Би өнөөдөр үүнийг хийх ёстой” гээд мөрөөдлийнхөө төлөө гэрээсээ гарч ажлаа амжуулдаг байсан.
YOLO: Та бусад оролцогчдоос юугаараа онцлог байсан учраас уг тэмцээнд өөрийгөө тэргүүлсэн гэж бодож байна вэ?
Мисс гэдэг бол хөөрхөн царай, гоё биетэй байгаад тайзан дээр гоё даашинз өмсөөд алхахыг хэлдэггүй. Үнэхээр чи мисс болох хүсэлтэй байвал хөдөлмөрлө. Мисс хүн ямар байх ёстойг судал. Үүний дараа зорилго зорилтуудаа тодорхойл. Түүнийхээ дагуу ажлын төлөвлөгөөгөө боловсруулж хөдөлмөрлө. Миний хувьд анх Олон улсын тэмцээнд юу ч мэдэхгүй охин гоё даашинзаа өмсөөд л ордог байсан. Яагаад сүүлийн үед амжилт гаргаж эхэлсэн бэ гэхээр хэн их хөдөлмөрлөж, зохион байгуулалттай оролцсон, хэн энэ тоглоом наадам биш ажил шүү гэж чин сэтгэлээсээ оролцсон нь амжилт гаргадаг гэдгийг ойлгосон. Тийм учраас би уг тэмцээнд цаг хугацаа, ажлаа зохицуулан бие бялдар, эрүүл мэнд, сэтгэл санаа, нийгмийн ажлын хувьд ч цаг хугацаа гаргаж өөрийгөө зориулан байж оролцсон. Миссийн тэмцээн гоё даашинз өмсөөд ороод ирдэг зүйл биш үүний цаана асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр, тэмцээний нэр хүнд, улс эх орны минь, эцэг эхийн минь нэр хүнд бий. Аливаа юманд хариуцлагатай хандаж байж чамд амжилт ирнэ. Олон улсын тэмцээнүүдийг Филиппиний миссүүд их тэргүүлдэг. Яагаад ингэдэг юм бэ гээд харсан чинь бүх зүйл нь багаар явагддаг юм байна. Багийн зохион байгуулалт маш чухал. Үс засалт дээр гэхэд би өөрөө зууралдаад байх шаардлагагүй. Чаддаг хүнээр нь үсээ янзлуул, чаддаг хүнээр нь нүүрээ будуул, чаддаг хүнээр нь маркетингаа хийлгэ, чаддаг хүнээр нь даашинзаа урлуул. Бүгдийг нь өөрөө хийх гээд дайрах шаардлагагүй. Чаддаг хүнээр нь өөрийгөө бэлдүүл. Алхаан дээрээ, суулт дээрээ хүртэл зохион байгуулалттай бэлтгэлтэй бай. Тийм ч учраас сая тодорхой хэмжээнд амжилттай оролцлоо гэж бодож байна. Миний ард маш том баг ажилласан. Энэ багаа улам өргөжүүлж, Монголчуудынхаа дуу хоолойг нийлүүлэн “Miss Universe” тэмцээний тайзан дээр эх орноо сурталчлахыг, таниулахыг хүсэж байна.
YOLO: Сүүлийн жилүүдэд миссийн тэмцээнд оролцох оролцогчдын нас улам залуужаад байх шиг. Таны хувьд асар их зохион байгуулалт, төлөвлөгөөн дээр суурилан тэмцээнд оролцож байна. Харин зарим нас залуу охид маань бэлэн болоогүй хэрнээ тэмцээнд оролцож бүтэлгүйтэж, түүнээсээ болоод шантрах тохиолдол их байдаг. Магадгүй тийм охид ярилцлагыг маань уншиж байгаа бол тэдэнд маань хандаж үг хэлээч.
Их гоё асуулт байна. “Бүтэлгүйт, бүтэлгүйт, дахиад бүтэлгүйт. Тэгээд чи чадна” гэдгийг би өөрийн бие дээрээ мэдэрч байгаа. Хэзээ ч хүн анх ороод л төгс байдаггүй. Төгс зүйлийг бүтээх эрмэлзэлтэй хүн гэж байхаас төгс хүн гэж байхгүй. Бидэнд залуу нас байна. Алдахад хэн ч шоолохгүй. Шоолсон ч тэр тийм чухал биш. Хүн хийж байж түүнээсээ суралцаж байж төгс рүү дөхсөн зүйл бүтээж чаддаг. Айгаад л гэртээ суугаад байвал хэзээ чамайг төгс болно гэж хэн хүлээх юм бэ? Аль ч салбарт байсан чи чадахгүй байсан ч хамаагүй хүмүүсийн өмнө гараад яриад үз. Энэ бас нэг сорилт. Өнөөдөр чи гурван үг буруу хэллээ гэхэд маргааш гурав нөгөөдөр хоёр болно. Эцэст нь чи алдаагүй ярьдаг болно. Тиймээс битгий ич. Зоригтой бай. Чи чадахгүй бол өөр хэн чадах юм бэ? Чадна гэдгээ бусдад итгүүл. Чамд итгэхгүй байвал харуул. Жоохон шартай бай. Гэхдээ зөв шартай бай.
YOLO: Тэмцээний үеэр Фэйсбүүк хэрэглэгчид маань өөрсдийнхөө сэтгэгдлийг илэрхийлэх бүрэн эрхтэй. Тэр дунд таныг дэмжиж байгаа хүмүүс ч байсан, шүүмжилж байгаа хүмүүс ч байсан. Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч байсан бэ?
Сэтгэгдлийг битгий унш гэсэн зааврыг манай багийнхан байнга хэлж байсан. Гэвч өөрийн эрхгүй унших тохиолдол байсан. Ний нуугүй хэлэхэд хүнд тусдаг юм билээ. Тийм аймар шүүмжлэлийг авна гэж бодоогүй байсан. Гэхдээ тунгаагаад бодоод үзэхэд ийм юм байлгүй л яах вэ. Багш нар маань хэлэхдээ “Чи сайн оролцсон учраас чамд шүүмж байгаа. Чи хүчтэй өрсөлдөгч шиг харагдаж байгаа учраас шүүмжлүүлж байгаа юм” гэсэн. Шүүмж дунд үнэн ч юм байсан. Тиймээс би шүүмжийг зөв гэж бодож байна. Ганц энэ тэмцээнээр амьдрал дуусахгүй учраас аливаа зүйлийг ухаалаг уужуу тайвнаар хүлээж авах хэрэгтэй.
YOLO: Тэмцээний дараа цахим хаягтаа олон нийтэд зориулан оруулсан анхны нийтлэл нь “Ааваа охин нь чадсан” гэж эхэлсэн байсан. Хайртай аавынхаа, гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?
Би эхээс гурвуулаа. Нэг ах, нэг эгчтэй. Манай аав спортын хүн байсан. Ээж маань ардын багш хүн. Боловсрол, спортын гэр бүлийн отгон охин нь болж мэндэлсэн. Манай гэр бүлийн хамгийн эрхэм үнэт зүйл, зорилго бол боловсрол хүмүүжил. Манай ээж аав “Хамгийн том хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө оруулалт. Миний хүүхдүүд юуг хийж бүтээж амьдармаар байна? Юу хийж энэ амьдралыг туулмаар байна? Тэр боловсролынх нь үндэс суурийг ээж аав нь тавьж өгье. Цаашаа өөрсдөө дүүлэн нисээрэй” гэж хэлж биднийг сургаж хүмүүжүүлдэг байсан. Тийм ч учраас бид өөрсдийн хүссэн салбартаа тодорхой хэмжээний амжилттай явж байна. Аав минь намайг оюутан байхад өөд болсон. Хэдий аавын минь орон зай үгүй ч манай гэр бүл бие биедээ үргэлж тусалж, дэмжицгээдэг. Тиймээс би ямар ч айдасгүйгээр амжилтын өөд тэмүүлдэг байх. Ах, эгч бид гурвын хамгийн том зорилго бол аль ч салбарт аавынхаа нэрийг өндөрт өргөж явах юм.
YOLO: Фото миссийн шалгаруулалтын зургаас харахад өндөр 174 см гэсэн байсан. Олон нийтийн ойлголтоор миссүүд, тайзан дээр алхаж байгаа хүн заавал өндөр байх ёстой, тэр дундаа 175 см-ээс дээш өндөртэй байх ёстой юм шиг ханддаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
Ер нь бол 174 см гэдэг модельд ч тэр, миссд ч тэр огт намдахгүй. Бас өндөртөө ч орохгүй яг хэвийн өндөр. Ер нь бол миссийн хувьд 168-175 см бол хамгийн зохимжит өндөр. 180 см байж болно. Болохгүй юм байхгүй. Хүн болгон сайхан гэдэг чинь л энэ шүү дээ. Моделиудын хувьд ихэвчлэн 170-180 см-ийн хооронд байдаг. Victoria’s Secret-ийн хувьд моделиуд нь 170-177 см-ийн хооронд байдаг. 168 см өндөртэй модель ч байдаг. Шинээр загварын салбарт орж ирж байгаа охидын хувьд өндрөө голох шаардлагагүй. Бүх боломж нээлттэй. Шантралгүйгээр сонгон шалгаруулалт, зураг авалтууддаа оролцоорой.
YOLO: Сонирхолтой яриа өрнүүлсэн зочиндоо баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье. Ингээд ярилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу?
Охид хөвгүүддээ хандаж хэлэхэд гэр бүл, найз нөхөдтэйгөө нээлттэй байгаарай. Хүн бусадтай ярилцаж байж өөрийгөө олдог гэж би боддог. Мэргэжлээ маш зөв сонгож, сонирхол хоббигоо битгий орхиорой. Би ч гэсэн анх шууд л мундаг болчих юм шиг санадаг байсан. Гэвч бүх зүйлийг төлөвлөж нэг нэг алхмаар хийж байтал хаалга тогшоод боломж ирэх үе байдаг шүү. Илүү их амжилтын төлөө цаашдаа ч хөдөлмөрлөх болно. Хүн болгонд боломж бүхэн нээлттэй. Зөвхөн Монголдоо гэж сэтгэлгүйгээр аль ч салбар олон улсын төвшинд ажиллах боломж байдаг. Сурсан мэдсэн бүх зүйлсээ ирээдүйнхээ амьдралын төлөө хийж байна гэж бодон шаргуу байгаарай гэж хэлье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх