ЗАХИДАЛ: Би сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн юм болов уу?


ССҮТөв | YOLO.MN
2019-09-29

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Чихэвч утас хоёр л намайг түшиж байна.  
Сайн байна уу? Намайг М гэдэг. Би 19 настай. Их сургуулийн 3-р курсийн оюутан. Нийгмийн өнцгөөс хувь хүн, насанд хүрсэн том хүн боловч сэтгэл дотор тийм биш байна. Би хөдөө дунд сургуулиа онц дүнтэй, хэд хэдэн спортын зэрэгтэйгээр сэтгэл хангалуун төгсөж, их сургуульд орсон. Гэвч сурч байсан сургуулийн минь сурагчид надад дургүй, анги дотроо их хагаралтай, ямар ч найзгүй байсаар төгссөн. Эцэг эх хамаатан садан маань надаар их бахархдаг. Биеийн хөгжил сайтай. Дүнгийн голч өндөр. Гэвч надад сайн муугаа ярилцах найз байхгүй. Их сургуульд орсон ч энэ байдал хэвээр л байна. Би ресторанд зөөгч хийдэг. Бусад зөөгч , барменууд надаас нэг л хөндий, явсны дараа инээлдээд л... Их сургуулийн ангийнхан, нөгөө ангийнхан ч бас намайг араар ярьж, инээлдэж, үл тоодог. Би чадахаараа л суралцаж, ажиллаж, хүмүүстэй найзлахыг хичээдэг. Би царайлаг биш. Бас ямар ч хүнд муухай ааш гаргадаггүй. Хүнтэй унтаж байгаагүй! Сүүлийн үед тэмцээн уралдаанд хамт ордог байсан багийн охид маань намайг орхиод, надад огт хэлэлгүйгээр тэмцээнд оролцдог болчихсон. Би үнэхээр гутарч байна. Би өмнө нь найз залуутай байсан. Бид хоёр 4 жил үерхсэн. Харилцааны тал дээр өөрийгөө асуудалгүй гэж бодож байна.

Найзуудаараа хамт явж байгаа охидыг харахаар атаархдаг. Заримдаа нулимс дуслуулах ч үе гарна.

Кино үзэх, ядаж л гадуур хамтдаа алхах найз надад үнэхээр алга. Надад найзтайгаа өнгөрүүлсэн дурсамж гэх юм байхгүй. Чихэвч утас хоёр л намайг түшиж байна. Би ээждээ энэ тухай үргэлж хэлж ярилцдаг. Гэвч ээж маань нэг л гайхсан янзтай хүлээж авдаг. Тэгээд л мартчихдаг байх. Би өөрийгөө яах вэ? Би сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн юм болов уу? Ажилд ороод найзтай болно л гэх юм эгч ах нар маань. Би одоо л найзтай болмоор байна. Одоо болтол найзтай болоогүйдээ их гутардаг. Амиа хорлох ч хүсэл их төрдөг. Үнэхээр хэцүү байна. Үнэхээр олон жил бичихийг хүсэн байж бичлээ. Заавал хариулж өгөөрэй. Баярлалаа. 


ЗӨВЛӨГӨӨ: Таныг ойлгож сонсох, туслах хүмүүс байдаг юм шүү. 
Юуны өмнө бидэнд захидал илгээсэнд баярлалаа. 
Хүн өөрөө нийгмийн нэг хэсэг. Бид нийгмийн харилцаанаас маш олон зүйлийг суралцаж, ухаарч, сэдэлжиж, бусадтай харилцах харилцаанаас өөрийн давуу болон сул талаа олж авдаг. Таны захианаас уншихад та нийгмийн идэвх сайтай, манлайлагч, бусдыг байлдан дагуулах чадвартай юм гэж ойлголоо. Ийм давуу талтай атал яагаад бусадтай итгэлтэй харилцаа үүсгэж чадахгүй байна вэ? Та сул талаа олж харахгүй байна уу?

Та өөрийгөө харилцааны асуудалгүй гэж дүгнэж байгаа ч нөхөрлөлийн харилцаа үүсгэж чадахгүй байгаа нь харилцаанд тань ямар нэг сул тал байна гэсэн үг.

Энэ нь дунд сургуулийн үеийн таагүй дурсамжуудтай нь холбоотой байж болно. Мөн танд илэрч байгаа дээрх өөрийгөө буруутгах, сэтгэлээр унах, ганцаардах, амиа хорлох зэрэг шинжүүд нь удаан хугацаанд үргэлжилбэл сэтгэл гутралд өртөх эрсдэлтэй учир та яаралтай гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад сэтгэл судлаачид хандаж өөрийн асуудлыг эрт илрүүлж тусламж авах хэрэгтэй байна. Тиймээс таныг биеэрээ ирж зөвлөгөө аваарай гэж хүсмээр байна. Таныг ойлгож сонсох, туслах хүмүүс байдаг юм шүү. Та 77324233 утсаар цаг авахад л хангалттай, тиймээс үнэхээр хүсэж байвал бидэнтэй холбогдоорой. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.

 

#Захидал #Letter