Намрын налгар өдрүүд үргэлжилсээр байна шүү, охид залуусаа. Найз нөхөд болон хайртай гэр бүлийнхэнтэйгээ маш бага төсвөөр салхинд гараад ирэхгүй юм уу? Ойрд бурхан их сайхан ааштай байгаа бололтой. Нарлаг сайхан өдрүүд биднийг угтсаар л байна шүү. Эдгээр сайхан өдрүүдэд салхинд гараарай гэж зөвлөөд өөрийн аяллын тэмдэглэлийг хүргэе.
Эхлээд өөрсдийгөө танилцуулъя. Бид хоёр хамтын влог хийж эхэлж байгаа болохоор эртхэн танилууд болцгоосон нь дээр болов уу? Намайг Б. Мишээл гэдэг. 12-р ангийн сурагч. Манай үеэлийг Ш. Энэрэл гэдэг. 9-р ангийн сурагч.
Бид хоёр хоёул ЕБС-ын сурагчид. Бидний хичээл 13:15 минутад тардаг. Сургууль маань гэрээс 2 км орчим зайтай учир сургуулиас гэр хүртэлх замыг ойролцоогоор 15 минутад туулж барна. Ингээд бид хоёр 13:30 минутад гэртээ ирдэг. Өнөөдрийн төлөвлөгөө маань ууланд аялах байсан тул гэртээ орж ирээд хувцсаа солиод, авч явах аяны цайгаа бэлдсэн. Эдгээрийг бэлдэхэд 30 минут шаардлагатай тул бид хоёр 14:00 минут гэхэд гэрээсээ гарах бүрэн боломжтой. Хэрвээ цагаа зөв хуваарилж чадвал эдгээр нь нүд ирмэхийн зуур л бэлэн болно.
14:00 минутад бүх зүйлээ бэлдээд гэрээсээ гарсан бид хоёр очих газраа хүрэхийн тулд "90 саяынхаа унаа"-нд суугаад 200 төгрөгөөр зорчсон юм. Энэ 200 төгрөг бол бидний эхний зардал. Манай гэр 16-р хороололд байдаг тул Офицеруудын ордноос 65 дугаарын “Зайсан-Офицеруудын ордон” автобусанд суугаад хамгийн эцсийн буудал болох Зайсан дээр буусан. Ингэхдээ автобусанд 1 цагийг өнгөрүүлсэн юм.
Богд уулын энгэрт хүрэхэд Зайсангаас дээш 2 км орчим газрыг туулах шаардлагатай. Гэхдээ зам нь их цэвэрхэн, саад бартаа багатай болохоор алхахад тохиромжтой. Хэрвээ дээш 2 км алхмааргүй байвал 2000 төгрөгөөр уулын энгэрт хүргэж өгдөг таксинууд байдаг шүү. Энэрэл бид хоёр дээш өгсөхдөө таксигаар яваад доош уруудахдаа алхъя гэж тохирсон учир Зайсан дээр буугаад 2000 төгрөгийн унаандаа суугаад уулын энгэр рүү хөдөллөө. Энэ 2000 төгрөг бол бидний дараагийн зардал байсан. Мэдээж хуваагаад төлчихсөн. Заа ингээд 15 цагт бид аль хэдийнэ Богд уулын энгэрт ирсэн байлаа.
Намар болж, мод шарлачихсан ямар үзэсгэлэнтэй харагдаж байсан гээч. Нээрээ Богд ууланд маань гол байдаг. Ус нь их цэнгэг учир ууж ч болно. Заа ингээд бид хоёр хүрэх газраа саадгүй яваад ирлээ. Их өлссөн байснаа очоод л анзаарсан. Дэвсгэрээ дэвсээд, гэрээсээ бэлтгэн ирсэн цайгаа тухтай гэгч нь уусан даа. Агаарт хоол идэх бас л гоё. Агаар бол үнэхээр "бэст" байсан. Утаатай болохоос өмнө уушгиа нэг сайхан цэвэр агаараар дүүргэх хэрэгтэй шүү дээ.
Цайгаа уучихсан болохоор уул руугаа дээш алхсан. Оргилд нь хүрч чадаагүй буусан ч зөндөө калори шатаасан байх даа. Нээрээ дээш өгсөхөд жим гарчихсан байсан болохоор алхахад их амар байсан. Зөв л замаар явж байгаа юм байна даа гэж бодоод л. Залуу гэр бүл болон өсвөр насныхан ажил, амралтын өдөр гэлтгүй ууланд их алхдаг болсон байна лээ. Ажлын өдөр ийм их хүн алхаж байсан юм чинь амралтын өдөр бүр ч их хүн алхдаг байх гэж бодлоо.
Замдаа бид хоёр ийм хөөрхөн навч олсон. Би иймэрхүү навч харахаараа номон завсраа хийгээд хатаачихдаг. Хатсаных нь дараа слайд дунд хийж халаагаад номын хавчуурга болгон хэрэглэдэг. Үнэхээр хөөрхөн бөгөөд чамин навч байгаа биз? Бид хоёр бараг 2 цагийн хугацааг ууланд өнгөрүүлж хангалттай эрч хүч авсан тул гэрийн зүг хөдөллөө. Ингэхэд 17:30 минут болж байсан шүү.
Заа ингээд ирсэн автобусаараа буцаад гэртээ харьсан юм. Та бүхэн ч мөн адил өдөр хичээлээ тараад эсвэл амралтын өдрөөр тухтай аялал хиймээр байна уу? Тэгвэл 1200 төгрөгөөр ийм хөөрхөн аялал хийх боломжтой юм шүү. Хэрвээ дээш алхъя гэвэл автобусны мөнгө л хэрэгтэй. Та бүхний аялалд амжилт хүсье. Нээрээ аялсан зургаа манай сайт руу илгээхээ мартав аа. Мөн хамт аялах найз нөхдөө энэхүү мэдээний дор мэншион хийгээд дагуулаад яваарай. Бид хоёрын нэг өдрийн аяллыг энэ хүртэл уншсанд баярлалаа. Баяртай!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх