МОНГОЛ НААДМЫНХАА талаар чи мэдэх үү


Цэцээ | YOLO.MN
2016-07-11

Монголын ард түмний баяр, цэнгэлийн манлай нэрийн хуудас болсон Монгол наадам 2010 онд ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвд бүртгэгдсэн. Эрийн гурван наадамд бөх, хурдан морины уралдаан, сурын харваа багтана. Наадмаар бөх барилдах, нум сум харвах, морь уралдахдаа эртнээс уламжилсан дэг ёсыг баримталж, тусгай хувцас өмсгөл хэрэглэн, түрүүлсэн морь, бөхөд зориулж магтаал шүлэг хэлж цоллож алдаршуулдаг. Шалгарч түрүүлсэн хүчит бөх, мэргэн харваач, хурдан морьдод мөн цол, чимэг олгодог. Зөвхөн Үндэсний их баяр наадмаар бөхчүүд, харваачид, хурдан морьдод цол олгодог.

Бөхийн барилдаан

Бөхийн барилдаан монголын үндэсний баяр наадмын хамгийн гол хэсэг юм. Монгол бөхчүүд барилдахдаа жин, насны ялгааг үл харгалзах бөгөөд тохой, өвдөг, толгой, биеийн аль ч талаар газарт хүрвэл унасанд тооцно. Улсын баяр наадамд 256, 512, 1024 бөх, орон нутгийн чанартай наадамд 32, 64,128, 256 бөх барилддаг. Улсын баяр наадмын тухай хуулинд зааснаар тав давбал начин, 6 давбал харцага, 7 давбал заан, 8 давбал гарьд, 9 давбал арслан, 10 давбал аварга цол олгодог. Монгол бөхийн гарах, дэвэх, шавах, өрөх зэрэг хөдөлгөөн нь хангарьд, харцага, шонхор шувууны дэвэлт болон ямар нэг хүчит амьтны үйл хөдөлгөөнийг дүрсэлсэн утга учиртай. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас өмсгөл бөгөөд бөх хүний өмсөх хувцас нь: малгай, зодог, шуудаг, гутал, гутлын боолт юм.

Хурдан морины уралдаан

Хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс уян шавхруулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд наадамд газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Баяр наадамд азрага, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг уралдуулдаг. Их насны морьдыг барагцаалбал 25-30 км, соёолон болон азаргыг 20 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10 км орчим газраас уралдуулна. Морьдыг 6-13 насны буюу ихэнхдээ 6-8 насны хүүхэд унаж уралддаг.

Сур харваа

Эрийн гурван наадмын нэгэн төрөл нь сурын харваа бөгөөд эртний уламжлалтай юм. Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 м орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг (сурыг) хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуут сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорилцоно. Мөн сур харвах үед уухайлдаг. Сурын харваанд шалгарсан хүмүүст мэргэн цол, чимэг олгодог. Монгол сурын харваа нь Халх, Урианхай, Буриад сурын харваа гэсэн төрлүүдтэй. Чамд хэрэгтэй мэдээлэл өгсөн байх гэж бодож байна. smiley

#наадам #дээлтэй монгол