Хүн болж дахин төрмөөргүй байна...


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-08-23
Өнөөгийн нийгмээс болж дэндүү богинохон хугацаанд амьдарсан дүү нарынхаа өмнөөс...
 
Нарны гэгээн илч гэрэл бүхнийг эн тэнцүүхэн ивээсэн энэ сайхан ертөнцөд зүүний үзүүрт будаа тогтохын адил азаар хүн болж мэндэлжээ, би. Ямар их хувь заяа, ямархан зол тавилан бэ? 
 
Арван сар эхийнхээ хэвлийд бүүвэйлэгдэн, ижийгээрээ дамжуулан мэдэрдэг байсан энэ л ертөнцийг тодоос тодоор харж, хүрэлцэн мэдэрч, хайрлах, хайрлуулахын гайхамшгийг мэдрэх юутай сайхан бэ...

Гэхдээ энэ хорвоод мэндэлснээс хойш өдөр хоног өнгөрөх тусам “Энд намайг яах гэж авчирсан юм бэ?” хэмээх гомдлын сэтгэл үерлэх юм. Аминаас амь, биеэсээ бие таслан байж төрүүлчихээд хүйтэн орц, хогийн саван хаях байсан юм бол намайг яах гэж авчирсан юм бэ?
Сархаданд мансуурч, ааг омгоо жаахан биед минь гаргаж, зодуурын бай, доромжлолын талбар болгох байсан юм бол яах гэж намайг ирүүлсэн юм бэ?
Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн, хөөр баяртай байхад минь цэцэг адил тасчиж, даль жигүүрийг минь хугалж, хүчирхийлэн эрэмдэглэх байсан юм бол тэнгэр заяат хүүхдийн диваажингаас минь дэмий юундаа энд хуурч буулгав даа... 

 
Нас минь бага, бие минь жаахан хэдий ч хүмүүстэй харилцах, томчуудад хандах эрх бидэнд үгүй юм гэж үү? “Намайг сонсооч, надтай ярилцаач, намайг хайрлаач” гэж аврал эрсэн харцаар хүн чанар эрэлхийлэн дөхөхөд минь харц буруулж, үл ойшоож, хайхрамжгүй ханддаг нь энэ ертөнцийн хүмүүний араншин юм гэж үү? Тийм юм бол энд би удаан байж чадахгүй нээ.

Би та нарыг бурханд ховлоно. Харин ганц л зүйл гуйя...

Өлсөж даарч, загнуулж зодуулж, хавчин гадуурхагдаж, эрэмдэглүүлж хүчирхийлүүлж байхад минь хэн ч дуугараагүй, хүний урманд анхаараагүй мөртлөө нүд аньж, амьсгал минь тасарч, бүх зүйл дууссаны дараа гэнэт ухаан орсон мэт уулгалан хашгираад, төд удалгүй мартагнан чимээ тасардагаа болиоч дээ.

Хэрвээ энэ нийгэм ийм харгис, хайнга, хүүхдийг үл ойшоосон, хүнийг ялгаварласан... энэ л янзаараа оршсоор байвал би дахиж хүн болж төрмөөргүй байна. Бүлээн бие, хүйтэн чулууны минь өмнө “Эргэн Монголдоо хүн болж мэндлээрэй ” гэж битгий хэлээрэй. Би айж байна. 

Харин... Хүүхдийн эрхийг хууль мэт дээдэлдэг болсон цагтаа намайг дуудаарай, биднийг “гадны нөлөөгүй” амиа алддаггүй болсон цагт дуудаарай, “Нарны хаан хүүхэд” биднийг чин сэтгэлээсээ хайрладаг болсон цагтаа дуудаарай... бид дуртайяа ирэх болно.

#Нийтлэл