ЗАХИДАЛ: Тэр над руу хараад л байсан


ССҮТөв | YOLO.MN
2019-08-08

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэр над руу хараад л байсан 

Намайг Э гэдэг. Би саяхан найрамдалд өөр бүлгийн Ө-д сайн болсон юм. Аз болж манай бүлгийн А Ө-тэй найзууд байлаа. Би зуслангийн хамгийн сүүлийн өдөр А-аар дамжуулаад сайн гэдгээ хэлэв.

Гэтэл Ө "Өөр бүлгийн хүүхэдтэй харьцахгүй" гээд намайг харж харж байснаа "Би найз охинтой" гэсэн. Би тэр үед маш их ичиж, инээгээд л өнгөрсөн. Гэхдээ миний дотор их муухай байсан нь ойлгомжтой. Ө тэр өдөр над руу хараад л байсан. Найз охин нь зуслангаас явтал над руу муухай харж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, би ч тоолгүй өнгөрсөн. Гэртээ ирээд Ө-гийн ФБ хаягийг хайж эхэллээ. Хайсны эцэст олсон л доо. Тэгээд 2, 3 өдөр хүлээж байгаад чат бичих зориг орлоо. Сайн уу гэх мэтээр чат бичсэн юм. Гэхдээ тэр одоо хүртэл уншаагүй л байна. Уг нь байнга active байдаг.

Гэтэл энд манай сургуулийн Т "Би чамд сайн, хоёулаа үерхье" гэж гуйсан. Би хариу өгөөгүй байгаа.  Найзуудаас нь асуухад их гоё зантай, найз охиндоо үнэнч, ухаантай гэсэн.

Надад Ө-д сайн хэвээр үлдэх үү, эсвэл Т-тэй үерхэх үү гэсэн 2 сонголт гарч ирсэн. Гэхдээ би яахаа үнэхээр мэдэхгүй байна. Надад туслаач!

ЗӨВЛӨГӨӨ: Ямар ч хариу өгсөн түүнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй

Сайн уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Чиний бичсэн зүйлээс дүгнэхэд чи өөрийн зүгээс боломжтой алхмуудыг хийсэн харагдаж байна. Энэ нь мэдээж сайн хэрэг. Харин тухайн хүнийхээ хариуг хүндэтгэн хүлээн авах нь зүйтэй. Эхний удаад чамд өөрийгөө илэрхийлж хариу өгсөн байна. Тиймээс одоо тэр мессэжнд хариу өгөхгүй байгаа бол түүнийг хүндлээд түүнд орон зайг нь өгөх хэрэгтэй. Ер нь цаашид анхаарах зүйл гэвэл хүмүүс хоорондын харилцаа харилцагч хоёр талын зөвшилцөл, ойлголцол дээр тулгуурлан амжилттай явагддаг. Үерхэл, нөхөрлөл ч мөн адил харилцааны хэлбэрүүдийн нэг. Иймд түүний ямар ч хариу өгсөн түүнд хүндлэлтэй хандах хэрэгтэй.

Харин хоёр дахь хүний тухайд чиний бичсэнийг уншаад чи өөрөө бас тэр хүний талаар сонирхсон бололтой. Гэхдээ хэн нэгнийг сонгож үерхэнэ гэдэг шийдвэр гаргах “иштэй ишгүй чихрийн алийг нь сонгох” гэж байгаа шиг амархан сонголт биш шүү. Чи түүнд үнэхээр татагдаагүй бол үерхэл нь түүнийг гомдоогоод л дуусах болов уу. Тиймээс тодорхой хэмжээнд тэр хүү чамд таалагдаж байна уу гэдгээ анзаарч байгаад хариугаа өгөөрэй. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Сэтгэл судлаач

Т.Батзаяа

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.

#Захидал #Letter #Love