Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Тэр охиноос өөр зүйл боддоггүй байлаа
Сайн байна уу? Намайг Б гэдэг 19 настай эрэгтэй.
Анх 7-р ангидаа ангийнхаа охиноос үерхэх санал аваад тэр үедээ хѳѳрсѳндѳѳ болоод шууд л зѳвшѳѳрчихсѳн ххэ. Бид 2 их ичимхий, хичээлээ тараад хамт алхдаг байлаа. Тэр охин намайг бодвол хамаагүй зоригтой, түрүүлж гараас минь атгаад л хѳтлѳлцѳѳд хамт харьцгаадаг байлаа. Хацар дээр минь үнсэх тѳдийд л би чинь тэнгэрт хѳѳрѳѳд л тэгж явсаар би түүнд үнэн сэтгэлээсээ сайн болж эхлэв. Амьдралдаа анх удаа хүнд сайн болох нь тэр.
Мэдэхгүй ээ, тэр үедээ тэр охиноос ѳѳр зүйл боддоггүй байлаа. Тэгээд би ѳмнѳ нь үерхэж үзээгүй хүн бүрэг ичимхий зангаасаа ч болсон юм уу, тэнэгээсээ болоод ч гэх юм уу хаягдаад, өнөөх маань ѳѳр сургууль руу шилжээд явчихсан.
Анхных болоод ч тэр юм уу үүний дараа би хичээлдээ муудаж, РС тоглодог болж зожгирсоор бүх юманд нэг л бүтэлгүй болж, охидоос ер нь л хѳндий байх гэж хичээдэг болсон. Одоо би 20 хүрч байж охидтой тийм ч амархан яриа ѳдѳж чаддаггүй. Бүүр эмзэглээд байдаг.
ЗӨВЛӨГӨӨ: Чи өөрийгөө өөрчлөхийг үнэхээр хүсч байна уу
Сайн байна уу? Захиа очих өдрийн мэнд хүргэе. Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд хүн бүр өөрийн гэсэн цаг хугацаандаа амьдардаг. Амьдралын чинь хором мөч бүхэн чинийх. Өнгөрсөнд болсон зүйлсийг хэтэрхий удаан бодоод харамсаад байвал одоо цаг чинь дэмий үрэгдээд, ингэх тусам улам л бүтэлгүй болоод байгаа юм шиг мэдрэмж төрнө. Тэр охин чамд их нөлөөлсөн гэж чи боддог бололтой.
Тэгвэл, амьдралынхаа хэв маягийг болон өөрийнхөө талаарх төсөөллөө өөрчлөх шаардлагатай.
1. Өөрийгөө арчаагүй, бүтэлгүй гэх мэтээр бодохоо боль. Хүн өөрийгөө ямар гэж итгэнэ тийм л байна. Ичимхий хүн байж яагаад болохгүй гэж? Интроверт хүмүүс ихэнх нь л ичимхий байдаг шүү дээ. Тэглээ гээд бүтэлгүй, арчаагүй гэсэн үг биш.
2. Хөдөлгөөнгүй байх нь стрессдэх нэг шалтгаан болдог. Одоо чи сургуулиа хаячихсан гэхээр тодорхой цагийн хуваарьгүй байгаа байх. Ийм үед хүн илүү их цагаар суух, утас оролдох, хэвтэх гээд байдаг. Тиймээс өглөө оройдоо гарч алхаж, гүйж байгаарай.
3. Өглөө эрт сэрүүлэг тавиад босч бай, тэгвэл орой нойр хулжих нь эрс багасна, бараг л шууд унтдаг болно.
4. Тэр охин намайг хаячихсан болохоор би РС-нд орсон гэж бодож байвал үгүй л болов уу. Магадгүй эхэндээ чи сатаарах гэж тоглодог байсан байж болох ч одоо бол чи РС тоглох шалтаг, шалтгаан хайгаад байж болно. Чи РС-г юу юунаас илүү чухалчлаад байгаагаас сургуулиа хүртэл орхисон ч байж болохоор байна.
5. Огт тоглох хэрэггүй гэсэн үг биш. Чиний хобби байж болно шүү дээ. Харин РС-нээс өөр нэг зорилготой, хийдэг зүйлтэй байх хэрэгтэй. Тэр нь сургуульдаа буцаж явах байвал хамгийн сайн. Хүн зөвхөн юм сурч, мэргэжилтэй болох гэж сургуульд явдаггүй. Бас өөрийгөө завгүй байлгаж, хамт олонтой байх гэж явдаг. РС тоглоход ч гэсэн завгүй байна шүү дээ, гэхдээ “би хэрэггүй юм хийгээд байна даа” гэсэн бодол нь хүнийг дотроос нь хэмлэдэг. Харин юм сурч байхдаа хүн хэзээ ч тийм мэдрэмж авдаггүй.
5. Сэтгэл зүйчтэй биечлэн уулзах бүрэн боломжтой. 77324233 утсаар цаг авахад л хангалттай, тиймээс үнэхээр хүсч байвал бидэнтэй холбогдоорой. Амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Г.Отгонцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх