ЗАХИДАЛ: Би маш их гомдож байна


ССҮТөв | YOLO.MN
2019-07-10

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би маш их гомдож байна 

Сайн байна уу? Намайг Г гэдэг. 15 настай. Би ангийнхаа хөвгүүнтэй 8 сар үерхсэн юм л даа. Бид салаад 3 сарын дараа тэр миний сайн найз болох Ү-г гуйсан. Тэд одоо үерхэж байгаа. Бид юм яриагүй 14 хонож байна. Би Ү-д маш их гомдож байна. Би яах вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Өөрийгөө зовоохгүй байх арга бий

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Өөрийн итгэж байсан хүнээ алдах нь бидний сэтгэл зүйд маш хүндээр тусдаг. Амьдралд чинь ойрхон таагүй үйл явдал болсон байна. Гэвч чиний сэтгэлийг ойлгохгүйгээр, хуучин найз хөвгүүнтэй чинь үерхэхийг зөвшөөрсөн найзтайгаа чи удаан хугацааны турш эрүүл, итгэлтэй нөхөрлөлийн харилцааг бий болгож чадах байсан болов уу? Найз нь өөрийнхөө мөн чанарыг энэ сонголтоор харуулжээ. Тэр хүсэх юм бол хүссэн зүйлээ хийдэг төрлийн хүн юм. Чи ийм занг нь хүлээн зөвшөөрөөд үргэлжлүүлж найзалж чадах уу? Нөгөө талаас чамд их том туршлага боллоо шүү дээ.

Өөрийгөө зовоохгүй байх арга бидэнд бий юу? Бий. Гомдож шархалсны дараах уур хилэн, бухимдлыг орлох зүйл бол уучлал байдаг. Хүмүүс дийлэнх үед нөхцөл байдал шударга бус санагдсан болохоор гомддог, уурладаг. Хэн нэгнийг уучлах нь өөртөө болон бусдад өгч байгаа тайвшрал юм. Хэн нэгнийг уучлахгүй байх нь тэр хүний хяналтанд орсон байгааг илэрхийлдэг. Тиймээс өөрийгөө хэн нэгнээс хараат байлгаж, өөрийгөө зовоох хэрэггүй. Мөн уучлана гэдэг нь заавал эвлэрнэ гэсэн үг биш бөгөөд харилцаагаа үргэлжлүүлэхгүй байсан ч болно. Хамгийн чухал нь чиний сэтгэл зүйн байдал тайван болох явдал юм. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.

#Захидал #Love