Н.Ананд: Би залууст эерэг хандлага бий болгохыг хүсдэг


Үжин | YOLO.MN
2016-07-01

Гэрийхэнтэйгээ ширээ тойроод оройн хоолоо идэж байхдаа утсаа "маажиж" байснаас тэдэнтэйгээ сайхан яриа өрнүүлээд суувал хамаагүй гоё. Яахав, бусад хүмүүсийн юу хийж, хаагуур явж байна гэдэг нь сонирхолтой л доо. Гэхдээ түүнийгээ бас хязгаарлаж байх хэрэгтэй.

Н.Ананд

Сурлагаараа, авъяасаараа, хоббигоороо гээд бусдаас онцгой шинж чанартай өсвөр залуу үеийнхнийг та бүхэнтэй уулзуулж, үлгэр дууриалал аваасай гэсэндээ YOLO.mn нь сонирхолтой яриа өрнүүлдэг билээ.

Энэ удаагийн ээлжит зочноор бид сошиал ертөнц тэр дундаа фэйсбүүкт 52 мянган дагагчтай, хөгжилтэй постуудаараа алдартай, нийгмийн идэвхтэй Н.Анандтай уулзаж түүнийг чухам хэн болох, ямар зүйл хүсч мөрөөддөг, бүр ямар охид таалагддаг гээд олон сонирхолтой зүйлсийн талаар ярилцлаа.

YOLO: Өөрийгөө танилцуулаач?
Намайг Нямдоржийн Ананд гэдэг. Одоо 20 настай. Улаанбаатар хотод төрж өссөн. Дунд сургуулиа Плехановын нэрэмжит дунд сургуулийг төгсөөд одоо бол АНУ-ын Вашингтон ДиСи хотод Олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж байгаа.

YOLO: Чи яагаад ийм олон дагагчтай юм бол. Үүнийг чи өөрийн ямар онцлогтой холбож ойлгодог вэ?
Би өмнө нь энэ талаар тийм ч их боддоггүй байсан ч сүүлийн үед “нээрээ яагаад юм бол...?” гэж бодож эхлээд байгаа. Миний хувьд би өөрөө эерэг хүн, ямар ч зүйлийг эерэг талаас нь харж эерэг хандлагатай байж чаддаг. Фэйсбүүк орчинд нэгнээ муулсан, өөлсөн гоочилсон, уурлаж бухимдсан, хэрэлдсэн зүйлс их байдаг. Миний профайл руу хэн нэгэн ороход тэндээс эерэг зүйлийг аваасай, шинэ юм мэдээд эсвэл инээгээд гараасай гэсэндээ би эерэг пост бичдэг. Анзаарвал миний фэйсбүүктээ оруулсан зургууд дунд инээгээгүй нь ховор байдаг. laugh  Манай залуучуудад өнөөдөр эерэг хандлага дутагдаад байдаг юм болов уу гэж боддог шүү. Тэгэхээр саарал хар бараан зүйлээс зайлсхийж эерэг зүйл рүү хандах хүмүүс нь дагагчид маань юм болов уу гэж бодоод байгаа.

Тэрнээс гадна би өөрөө юу мэддэг, юу чаддагаа бусадтай хуваалцах дуртай. Нэг шинэ зүйл мэдэх эсвэл миний гаргасан алдааг битгий давтаасай гэсэндээ би бусадтай постоороо хуваалцаж заримдаа шууд бичлэгээр холбогдож яриа хийдэг. Жишээ нь би Америкид суралцах гээд сургууль сонголтоо хийх болон шалгалт өгөхдөө эвтэйхэн тойруу замаар явчих юмыг маш төвөгтэйгөөр туулаад гарсан байсан. Тэр мэтчилэн би бусдад туслах, мэддэгээ хуваалцах дуртай. Энэ хоёр зүйлээс шалтгаалж миний дагагчид олон байх гэж бодож байна.

 

YOLO: Сошиал медиаг чи тэгвэл бусдад эерэгээр нөлөөлөх зорилготойгоор ашигладаг гэж болох нь ээ?
Ер нь бол тийм. Гэхдээ бас миний хувийн орон зай юм чинь хааяа элийрэх үе байна байна. Харамсалтай нь яг бусдад сайн хүрээсэй гэсэн мэдээллүүд маань заримдаа тийм ч сайн түгдэггүй. Жишээ нь, саяхан улаанбурхан өвчний дэгдэлт болоход би энэ талаарх судалгааны ул суурьтай мэдээлэл оруулахад тийм ч сайн хүрэхгүй байсан. Харин хошигносон постууд маань их хүрч байгаа юм л даа. Гэхдээ үүнд ч буруу зүйл байхгүй л дээ. Харин энэ бүгдийг анзаарсан дүү нар маань “аан, хэрэгтэй мэдээлэл түгээснээс илүүтэй цээжээ гаргасан, гоё позтой зургуудаа оруулбал хүмүүсийн анхааралд  илүү өртөх юм байна” гэсэн бодолтой болж цаашдаа энэ нь хүрээгээ тэлж бие биедээ уусч, нэг тийм хэв маяг тогтчихоод байгаа юм.

Харин энэ бүгдийг эвдээд сошиал медиа гэсэн том хэрэгслийг ашиглаж бусдад хэрэгтэй мэдээллийг түгээн нийгэмд эзлэх байр суурь арай өөр зүйлээр хэмжигддэг гэсэн мессежийг л бусдад өгмөөр байдаг. Нэг үгээр залууст эерэг хандлагыг бий болгохыг хүсдэг. yes

YOLOЧиний хамгийн их ашигладаг, хэрэглэх дуртай цахим хуудас чинь?
Өмнө нь ask.fm байсан. Учир нь хүмүүс миний дотор хүнээс их асуулт асуудаг учир би ашиглах дуртай байлаа. Цэнэтэй асуулт үнэтэй хариулт авна гэдэг байдаг даа. Өдөр тутмын, нэгэн хэвийн асуултууд ихэвчлэн ирэх болсон учир орхичихсон. Харин хийсэн зүйл, бичсэн юм нь хүмүүст их хүрдгээр нь фэйсбүүкийг ихэвчлэн ашиглаж байна даа.

Гэхдээ л би хувийн гэсэн болгоноо аль ч цахим хуудсаараа дэлгэх дургүй дээ. Ялангуяа зуныхаа амралтаар ирчихсэн байгаа надад аав ээжтэйгээ өнгөрөөх цаг минь илүү үнэтэй байна. Залуус маань найз нөхөд гэсээр гэр бүлтэйгээ хамт үр дүнтэй цагийг өнгөрөөх нь маш бага мэт санагддаг. Адаглаад л гэрийхэнтэйгээ ширээ тойроод оройн хоолоо идэж байхдаа утсаа маажиж байснаас тэдэнтэйгээ сайхан яриа өрнүүлээд суувал хамаагүй гоё шт. Яахав бусад хүмүүсийн юу хийж, хаагуур явж байна гэдэг нь сонирхолтой л доо. Гэхдээ түүнийгээ бас хязгаарлаж байх хэрэгтэй.

Үүнийг би яг хэзээ ухаарсан юм бэ гэхээр анх гэрээсээ хол, гадаад руу сургуульд явахдаа тэнд маш их ганцаардсан. Тэр хугацаандаа амьдралын үнэ цэнэ нь цаг хугацаа, хамгийн чухал хүмүүс нь хэн бэ гэдгийг л сайн ойлгосон доо.

Би өөрөө гэр бүлтэй боллоо гэхэд аав ээжтэйгээ өнгөрөөх цаг маань бүр хомс болно. Тэгэхээр тэдэндээ эрхлэх, ярилцах боломж нь надад одоо л байна гэсэн үг. Ялангуяа бие хүн болж төлөвшиж байгаа, шилжилтийн насны яг энэ үедээ байгаа надад тэднийхээ үг, зөвлөгөөг сонсох л хамгаас чухал шүү дээ. Тиймээс залуусыгаа ээж аав гэр бүлтэйгээ өнгөрөөх цагаа нэмээсэй, тэдэнтэйгээ ойр байгаасай гэж хүсдэг дээ.

YOLO:  Хэдэн настайдаа гадагшаа сурахаар явсан бэ?
Би 17-тойдоо дунд сургуулиа төгсөөд ганцаараа үүргэвчээ үүрээд л явчихсан. Яагаад ч юм гадаад руу хаа нэгтээ суралцах их хүсэл дотор минь байдаг байсан. Шинэ орчинтой танилцаж биеэ даах, өөр соёл, өөр хүмүүстэй уулзаж аливааг өөр өнцгөөс харах хүсэл их байсан гэх үү дээ. Тэр хүсэлдээ хөтлөгдөн гадагшаа сурахаар явсан.

YOLO: 17-н настай өсвөр насны хүү ганцаараа гадаад улс руу сурахаар явахад бэрхшээл хэр их гарсан бэ?
Би айлын ганц хүүхэд болоод ч тэр үү ээж аав маань ч намайг явахад “Дахид 2, 3 жил Монголдоо сураад явахгүй юм уу” гэж ч ятгаж байсан. Гэхдээ тэр хоёр минь хүүгийнхээ хүслийг хүндэтгээд явуулсан даа. Бэрхшээлтэй зүйл гаралгүй яахав. Жишээ нь, байр түрээслэх гээд гэрээ байгуулах гэхээр насанд хүрээгүй гээд татгалзах ч юм уу бэрхшээл гарна. Тэгэхээр нь таньж мэддэг хүнээр дамжуулан төлөөлөл болгон гарын үсэг зуруулсан. Гэх мэт наад захын жижиг бэрхшээлүүд гардаг байсан.

YOLO: Арван жилийн дараах Анандыг чи хэрхэн харж байна вэ?
30 настайдаа гэсэн үг. Мммм... яг тийм гэж таамаглаж мэдэхгүй байна. Гэхдээ ямартай ч эхнэр хүүхэдтэй, гэр бүлтэй болчихсон байна байх. Мөн боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус байгууллагатай болно. Бас ээжийнхээ хүслийг биелүүлнэ.

YOLO: Ямар хүсэл?
Ээж маань намайг бага байхаас минь л таван гадаад хэлтэй болоосой гэж хүсдэг. Ээжийнхээ хүслийг биелүүлэхэд ганцхан хэл эзэмших дутуу байна. Одоогоор би англи, орос, испани, хятад хэлтэй. Тав дахь хэлээ хараахан сонгож амжаагүй л байна.

 

Би яагаад ч юм, мэдлэгтэй хүн болохыг хүсдэг. Шинэ зүйл сурч мэдэхийг их хүсдэг. Олон төрлийн мэдлэгтэй, тэгээд түүнийгээ бусдад ч мөн хуваалцдаг болохыг хүсдэг. Жишээ нь ирээдүйд миний эхнэр эсвэл хүүхэд мэдэхгүй зүйл гарлаа гэхэд над руу залгаад асуучихдаг ч юм уу тийм байвал гоё шдээ. cheeky Ер нь хүнд олон төрлийн мэдлэг байхад илүүдэхгүй. Одоо үед ахмадууд хүүхдүүдийг ном уншихгүй байна гэж их зэмлэдэг. Гэхдээ миний бодлоор мэдлэгийг одоо сонин сэтгүүлээс эсвэл цахим хэлбэрээр авч болдог болсон. Харин уншсан мэдээллээ өөрөө боловсруулаад түүнийгээ хэрэгтэй зүйл болгон ашиглаж чадаж байна уу гэдэг нэг зүйл байгаа. Мэдээллийг хүлээн авсан ч “энэ яагаад ингэв, ямар учраас ийм байгаа юм бол” гэхчлэнгээр тал бүрээс нь эсвэл эсрэг талын өнцгөөс нь боловсруулан тунгааж дараа нь өөрийн дүгнэлтийг хийх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхгүй бол нэг хүн ямарваа нэгэн зүйлийг сайн гэвэл сайн, муу гэвэл муу гээд л шүүлтүүргүйгээр ойлгочихож болохгүй юм. Нэг үгээр хүнийхээр биш, өөрийн гэсэн үзэл бодолтой бай. Үүнийг ч мөн хүүхэд залуус ойлгоосой гэж хүсч явдаг.

YOLO: Зуныхаа амралтыг хэрхэн өнгөрөөж байна даа?
Өө завгүй л гүйгээд байна. Би хувийнхаа компанийг байгуулахаар ажилдаа орсон. Хийх ч зүйл их байна. Дараагаар нь аавынхаа ажилд тусална. Мөн эх орондоо ирснийх, гэр бүлийнхэнтэйгээ сайхан аялал хийнэ. Ер нь би аялах их дуртай.

YOLO: Ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулах компани вэ?
Боловсролын чиглэлийн үйл ажиллагаа явуулах компани. Миний ажигласнаар улс орныг хөгжүүлье гэвэл боловсролын салбарыг нь сайн дэмжих хэрэгтэй юм шиг санагдсан. Тиймээс боловсрол, ёс зүй, монгол өв уламжлалыг багтаасан үйл ажиллагааг эрхэлдэг компани гэж ойлгож болно.

YOLO: Чи хэр олон найзтай вэ?
Ер нь олон шүү. Миний бодлоор надад танилууд, найзууд, андууд гэж байдаг. Танилууд, найзууд олон харин андууд бол арван хуруунд багтахаар л байдаг даа.

YOLO: Найз охинтой юу?
Одоогоор найз охингүй ээ.

Дотны хүмүүстээ ямар нэгэн зүйл хэлмээр, талархмаар байгаа бол битгий түүнийгээ хойш нь тавьж байгаарай. Найз охин, хөвгүүндээ харамгүй хэлдэг хэрнээ аав ээждээ, өвөө эмээдээ хэлэхээсээ бүү харамлаасай, бүү ичиж зовоосой гэж хүсэх байна.

Н.Ананд

YOLO: Онгоцны буудал дээрх үдэлтээр эхэлсэн бичлэг фэйсбүүкт нэг хэсэгтээ л олны анхаарлыг ихэд татсан. Тэр бичлэгийг үзсэн хүмүүс насны хязгааргүй л бүгд “хайлж”, анхны хайрынхаа тухай эргэн нэг санагалзсан байх. Тэр түүхийг сөхөж болох уу?
Болно оо. Би тэр үед чинь.....(хэсэг бодолхийлэв) 16 настай байсан байх. Яг тэр жилийн зун нь  түүнтэй хүүхдийн “Найрамдал” зуслан дээр танилцаж байсан юм. Одоо гэхдээ эргээд бодоход тэр миний анхны хайр байсан юм шиг санагддаг. Учир нь би анх удаа л тэгтлээ догдолж, анх удаа л хэн нэгнийг хайрлаж үзээгүйгээрээ их гоё мэдрэмж авч байсан.

Түүндээ зориулж бичлэг их хийх дуртай, тэгээд хийсэн бичлэгээ түүнд үзүүлээд дараа нь түүний гаргаж байгаа догдлол, эмоцийг би өөрөө харах дуртай байсан. Бидэнд хамтдаа байсан үеэс хол байсан цаг хугацаа илүү их байсан. Холын зайнаас бие биеэ хайрлаж, санаж үгүйлдэг байсан ба би тэр болгоныг хадгалж үлдэхийг хүссэн. Дараа нь түүнд хэлэлгүйгээр Монголдоо ирж буйгаа ч бичлэг болгочихсон юм. Харин хэд хоногийн дараа бичлэгүүдээ нэг нэгээр үзээд сууж байхдаа ер нь нийлүүлээд үзвэл гоё бичлэг гарах юм байна гэж бодоод эвлүүлээд бэлтгэсэн нь тэр л дээ. Оройн 23 цагаас үүрийн 6 цаг хүртэл хийснээ санадаг юм. Фэйсбүүктээ оруулаад л өглөө нь босоод хартал "бүүм" surprise болсон байсан, би тэгнэ гэж огтхон ч төсөөлөөгүй юм.

YOLO: Та хоёрыг салсанд олон хүн харамсдаг юм шиг санагддаг?
Хүмүүс харин асуудаг юм, “яагаад салчихав аа” гэж... Холын зайн үерхэл хамтдаа байдаг хосуудынхаас хоёр дахин хичээл зүтгэл хэрэгтэй байдаг байх. Хамтдаа нэг зорилгыг тавиад, хоёр талд байгаа ч гэсэн өөрсдийгөө хөгжүүлээд, бүр боломжтой бол хамтдаа сураад, ирээдүйд хамтдаа байх туйлын хүсэл зорилготой байх хэрэгтэй юм болов уу гэж боддог.

YOLO: Чиний хувьд харамсаж явдаг зүйл өнгөрсөнд бий юу?
Би өвөө эмээдээ их амь хүүхэд байсан. Ялангуяа өвөө минь надад их зүйл зааж сургасан. Надад сэлэх, дугуй унахыг гээд маш олон зүйл заасан даа. Тэрэлжид явж байхдаа би живж буй хүний амь аварсан. Магадгүй би сэлж чаддаггүй байсан бол тэр хүн яах ч байсан юм билээ гэж боддог шүү. Зан ааш, хандлага гээд их олон зүйлээрээ би өвөөтэйгөө их төстэй.

Өвөө маань нэг удаа бие нь муудаад эмнэлэгт хэвтсэн юм. Намар хичээл дөнгөж эхэлчихсэн байсан болоод ч тэрүү би өөр зүйлд сатааран өвөөгөө тоотой хэдхэн эргэж очсон юм. Өмнө нь ч эмнэлэгт хэвтээд л гараад ирчихдэг байсан болохоор би яг л тэгэх байх гэж бодож байсан. Гэтэл нэг өдөр ээж залгаад “Хичээлээ тараад шууд хүрээд ирээрэй” гэхээр нь яваад очтол манайд зөндөө хүн цуглачихсан, өвөөг маань өөд болчихсон гэдгийг хэлсэн. Жаахан хүүхэд байсан болохоор эмнэлэгт байхад нь буцаад гараад ирэх л юм шиг санагдаж байж билээ. Надад тийм их зүйл зааж сургасан, надад маш их хайртай өвөөдөө би хэр олон удаа “хайртай” гэж хэлж байсан билээ дээ гэж одоо бодогддог юм.

Тиймээс ямар нэгэн зүйл хэлмээр, талархмаар байгаа бол битгий түүнийгээ хойш нь тавьж байгаарай. Найз охин, хөвгүүндээ харамгүй хэлдэг хэрнээ аав ээждээ, өвөө эмээдээ хэлэхээсээ бүү харамлаасай, бүү ичиж зовоосой гэж хүсэх байна.

YOLO: Манай сайтын редакци хүүхдүүдээс асуудал бүхий захидлуудыг хүлээн авч мэргэжлийн сэтгэлзүйчийн зөвлөгөөг хүргэдэг юм. Тэдгээр захидлын дийлэнх асуудал нь “Би нээлттэй биш, би хүнтэй чөлөөтэй ярьж чадахгүй байна” гэсэн байдаг. Чи их нээлттэй, чөлөөтэй яриатай юм. Энэ зан чанарыг хэрхэн олж авсан бэ?
Би өмнө нь их ичимхий хүүхэд байсан. Бага зэрэг мяраалаг жаалхүү байсныг ч хэлэхүү хүүхдүүд намайг “бүдүүнээ” гэж шоолно. Олон хүүхэд бөөндөө зогсож байвал хажуугаар нь биш тойрч гардаг, тийм хүүхэд байсан.

Ээж аав маань надтай их чөлөөтэй байдаг. "Чи бол хүүхэд" гэсэн өнгө аясаар харьцалгүй яг л үеийн юм шиг ханддаг. Аливаа том шийдвэр гаргалаа гэхэд надаас мөн асуудаг. Тиймээс гэр бүлийн хүмүүжил их нөлөөлсөн юм болов уу гэж боддог.

Мөн 2012 онд Улаанбаатар хотноо болсон Ялалтын баярын үйл ажиллагааг орос хэл дээр хөтөлж байсан юм. Түүний дараа л “Би чадах юм байна, хүсвэл болох юм байна” гэсэн итгэл найдвар бий болж билээ.

2014 онд Их сургуулийнхаа илтгэлийн тэмцээнд оролцсон юм. Тухайн үед 2000 гаруй оюутнууд оролцсон ба ятгалгын чанартай илтгэлийн төрөлд нь “Ухаалаг утсыг яагаад бага хэрэглэх ёстой вэ” гэсэн сэдвээр оролцон тэргүүн байр эзэлсэн минь улам хурцалж өгсөн. Тэмцээнд орохоос өмнө “За би гадаад оюутан, ийм мундаг англи хэлтэй хүүхдүүдээс илүү байж чадах болов уу. Юу ч гэсэн оролдоод л үзье” гэсэн бодолтой байсан. Тиймээс боломжгүй зүйл гэж байхгүй. Чи хүсч л байгаа бол оролд. Нэг алдвал бүү шантар дахиад л оролд. Боломжийг бүү алдаж бай, дараа нь харамсахгүйн тулд боломж гарч ирэх бүрт л ашиглахыг хичээх хэрэгтэй.

YOLO: Хотын гудмаар явж байтал дугаарыг нь авахгүй өнгөрвөл маш харамсалтай санагдмаар охин явж байлаа. Чи дугаарыг нь авах уу?
Түрүүн хэлсэн дээ, дараа нь харамсахгүйн тулд боломж гарвал бүү алд гэж хэхэ. cheeky

YOLO: Чи анх танилцаж буй эмэгтэй хүний юунд эхэлж ач холбогдол өгдөг вэ?
Хүмүүжил. Надад нэг таалагддаг охин байсан юм. Бид танилцсан өдрөө машинд суугаад юм ярьж байлаа. Бид чихэр идлээ, гэтэл тэр чихрийн цаасаа цонхоор гаргаад хаячихсан. surprise Би хэлэх ч үггүй болсон. Хүмүүжлийн байдал жижиг зүйлээс ч анзаарагдана. Өөр зүйлийг бол өөрчилж болно. Харин суурь хүмүүжил хэзээ ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр энэ маш чухал.

Дараа нь, хүн өөрт байхгүй зүйлдээ дуртай гэдэг шиг надад давхраатай нүдтэй охид таалагддаг.

YOLO: Яг одоо чиний утасны дэлгэцийн зураг?

Ийм зураг байна. smiley

"Чи л хийхээс нааш чиний хүсэл мөрөөдөл биелэхгүй"


YOLO: Чиний дуртай өнгө?
Цэнхэр. Тэр дундаа хөх цэнхэр.
Yolo зурхай: Цэнхэр өнгөнд дуртай хүмүүс их уужим сэтгэлтэй байдаг. Юмыг их гүн гүнзгий бодож тунгаадаг ч зан чанартай байх нь бий.

YOLO: Юуны орд вэ?
Ихэр.
Yolo зурхай: Ихрийн ордынхон ухаантай, бүх талын мэдлэгтэй, дасан зохицох чадвартай. Сэтгэн бодохдоо, яриа өрнүүлэхдээ сайн. Маш нийтэч хүмүүс байдаг.

YOLO: Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Цаашдынх нь хичээл сурлага, бүтээх их ажилд нь амжилт хүсье. wink

Маш их баярлалаа. laugh

#Freetime #Facebook #Purpose #Lesson