Шилжилтийн насанд эрэгтэй, эмэгтэй хүүхдэд гарах өөрчлөлтүүд


Б.Мишээл | YOLO.MN
2019-07-16

Шилжилтийн нас гэдэг нь хүүхэд ахуй үеэс нас бие гүйцэж том хүн болох завсрын үе юм. Энэ үед биеийн өсөлт хөгжил хурдсан, сэтгэл зүйн олон өөрчлөлтүүд гарна. Эдгээр өөрчлөлтүүд нь бэлгийн булчирхайн үйл ажиллагаа идэвхжин тэндээс ялгарах дааврын хэмжээ ихэссэнтэй холбоотой юм.

Шилжилтийн насны охидод гарах өөрчлөлтүүд

Охидын шилжилтийн насанд гардаг өөрчлөлтүүд өнчин тархины даавар, эмэгтэй хүний бэлгийн булчирхай болох өндгөвчөөс ялгарах эм бэлгийн дааврын үйл ажиллагаанаас тус тус шалтгаалдаг бөгөөд охидод хөвгүүдээс эрт буюу 10-11 насанд эхэлдэг боловч үүнээс эрт, орой эхэлж болно.

Хөх ургах: Энэ үед хөх болон хөхний толгой томорч эхэлдэг. Хөх ургаж эхлэхдээ эмзэг байдаг. Аль нэг талын хөх томорч нөгөө тал нь жижиг байгаа мэт санагдана. Гэхдээ үүнд айх явдалгүй. Аажимдаа хоёр хөх хэмжээгээрээ ижил болдог.

Үс ургах: Үсжилт нь удамшлаас шалтгаалан харилцан адилгүй байдаг. Үсний ургалт аажимдаа нэмэгдэж, суганы хонхор, умдагны гурвалжинд мушгирсан үсээр бүрхэгддэг. Зарим хүний суганд огт үсгүй, эсвэл цөөн үстэй байх нь бий.

Биений юм ирэх: Өсөлт хөгжлийн энэ үед биед гарсан өөрчлөлтүүд ажиглагдахуйц болж анхны биений юм үзэгддэг. Эхний жилүүдэд мөчлөг нь ихэвчлэн тогтмол биш байдаг.

Үтрээ болон өндгөвчийн хөгжил гүйцэх: Умайн булчин хөгжиж, салст давхаргад өөрчлөлт гарна. Үтрээнээс сүүн цагаан өнгийн зүйл гарна. Өндгөвчид сар тутам өндгөн эс боловсорч гадагшилдаг. Энэ нь жирэмслэх боломжтой боллоо гэсэн үг.

Өндөр болох: Охидын биеийн галбир, хэмжээ 10-18 насны хооронд өөрчлөгдөж нас бие гүйцсэн эмэгтэйн төрхтэй болдог. Тухайн хүн ямар төрх байдалтай болж өөрчлөгдөх нь ихэнхдээ эцэг эхээс өвлөн авсан удамшлын шинжүүдээр тодорхойлогддог.

Шилжилтийн насны хөвгүүдэд гарах өөрчлөлтүүд

Хөвгүүдэд охидоос арай хожуу, ихэвчлэн 13-14 насанд шилжилтийн үе эхэлдэг. Бэлгийн бойжилтын өөрчлөлтүүд нь өнчин тархины боловсруулсан дааврын нөлөөгөөр төмсгөнд тестостерон хэмээх эр бэлгийн даавар ихээр ялгарсантай холбоотой.

Төмсөг, хуухнаг томрох: Хуухнаг хэмжээгээрээ томорч доош унжиж илүү үрчлээтэй болно. Төмсгөнд эр бэлгийн эс, дааврууд боловсордог. Шодойн хэмжээ хүн бүрт харилцан адилгүй байдаг боловч дунджаар энгийн үед 5-10 см урт, хөвчирсөн үед 10-15 см урт байдаг.

Дуу хоолой өөрчлөгдөх: Шилжилтийн насны эрэгтэй хүүхдийн төвөнх томорч дуу хоолойн өнгө тогтворгүй өөрчлөгдөж бүдүүн болдог. Заримдаа бүдүүн, заримдаа нарийн хяхарсан авиа гаргадаг нь тэдэнд эвгүй сэтгэгдэл төрүүлэх нь бий.

Үс ургах: Сахал ургахаас гадна шодойн биед наалдсан хэсгээр болон суганд үс ургана. Умдагны үс аажмаар тархаж илүү өтгөн, буржгар болдог. Энэ өөрчлөлт нь эцэг эхээс удамшиж ирсэн генээс шалтгаална.

Өндөр болох: хөвгүүдийн бие махбод хэрхэн өсч хөгжих нь хооллолт, дасгал хөдөлгөөн хийдэг эсэхээс их шалтгаална. 12-14 насны хөвгүүдийн 60-70%-д хөх томорч, хөхний толгой нь хөндүүрлэж эмзэг болдог. Энэ нь аажимдаа хэвийн болно.

Тосны болон хөлсний булчирхайнууд хөгжих: Тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхэжсэнээр биеэр, ялангуяа нүүр, хүзүү, цээж, нуруун дээгүүр батга гарна. Хөлсний булчирхай ч мөн хөгжих хөлрөх нь ихэсдэг.

#Шилжилтийн_Нас