ЗАХИДАЛ: Хүсэл мөрөөдлөө дагах ёстой юу?


ССҮТөв | YOLO.MN
2019-07-04

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хүсэл мөрөөдлөө дагах ёстой юу?

Яг үнэндээ мөрөөдөл минь жүжигчин болох. Тэгээд хүмүүст айгаад санаа зовоод хэлж чаддаггүй. Учир нь эгч маань надаас илүү авьяастай, бүх талаараа хавь илүү, мөн адил жүжигчин болох мөрөөдөлтэй. Тиймээс би юм юмаараа дутмаг тул ээждээ ч хэлж чаддаггүй (Жүжигчин болох амаргүй гэдэг юм). Хүмүүс намайг шинжлэх ухаанаар явах ёстой гэж хэлдэг (Учир нь би ШУ-ны хичээлүүддээ сайн). Хүсэл мөрөөдлөө дагах ёстой юу? Эсвэл чаддаг зүйлээ хийх ёстой юу?

ЗӨВЛӨГӨӨ: Эгчтэйгээ өөрийгөө харьцуулахаа болихыг хичээгээрэй

Сайн уу, бидэнд хандсанд баярлалаа. Чи үнэхээр жүжигчин болохыг хүсч байна уу, эсвэл эгчтэйгээ адилхан мэргэжилтэй болмоор байна уу? Юм юмаараа дутмаг байх боломжгүй. Чамд заавал давуу талууд байгаа. Эгчтэйгээ өөрийгөө харьцуулахаа болихыг хичээгээрэй. Нэг гэр бүлд төрж өссөн л болохоос та хоёр тус тусдаа, өөр өөрийн бодол, бие махбодтой хүмүүс шүү дээ. Үнэхээр жүжигчин болмоор байгаа бол яагаад шалгалт өгч үзэж болохгүй гэж? Хүмүүс юу гэх бол, тэнцэхгүй бол яана гэж айгаад байх шиг байна. Хүн болгонд энэ айдас их багаар төрдөг ч айдсаа давж оролдоод үздэг.

Асуултад нь хариулахад, аль нэгийг нь сонгоход хэцүү. Энэ хоёр хоёулаа байгаа үед хүн амжилттай ажиллах хандлагатай байдаг. Гэхдээ хийгээд эхлэхээр сонирхолгүй байсан зүйлдээ дуртай болж болно. Эсвэл хийгээд эхлэхээр чаддаггүй байсан зүйлээ чаддаг болж болно. Тиймээс шийдвэрийг чи өөрөө л гаргана. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Сэтгэл судлаач

Б.Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.

#Захидал #Letter