Э.Пүрэвдулам: "ҮНЭХЭЭР ХИЧЭЭВЭЛ ЧАДАХ ЮМ БАЙНА” гэж өөрийн эрхгүй урамшсан


Сондор | YOLO.MN
2016-06-28

Архангай аймгийн дунд сургуулиас Америкийн нэгдсэн улсын сургуульд элсэн суралцаж, бүр ангийнхаа тэргүүлэх сурагч, сургуулийнхаа шилдэг төгсөгч тодотголтойгоор амжилттай суралцсан Э.Пүрэвдулам охинтой YOL сонирхолтой яриа өрнүүллээ.

YOLO: Өөрийгөө танилцуулаач?
Намайг Энхбатын Пүрэвдулам гэдэг, 18 настай. Би Архангай аймагт төрж өссөн. Гурван жилийн өмнө АНУ-ын Аляскад очиж сурч, амьдрахаар явсан. Тэнд аав маань байдаг юм. Энэ жил ахлах сургуулиа амжилттай төгсөөд Монголдоо амралтаараа ирээд байна.

YOLO: Чи ямар сургуульд хэддүгээр ангиасаа шилжин суралцсан бэ?
Би Архангай аймгийн 2 дугаар дунд сургуульд суралцдаг байсан. Харин АНУ-д суралцах боломж гурван жилийн өмнө надад тохиосон юм. Тэгээд Уналаскагийн ахлах сургуулийг энэ жил төгслөө. Уг нь Монголд би 10-р ангиа төгсөөд очсон ч надад англи хэлний бэрхшээл байсан учир би тэнд 10-р ангиас нь дахин суралцсан.

YOLO: Энд байхдаа англи хэлний мэдлэг чинь хэр байсан бэ?
Аймгийнхаа англи хэлний олимпиад зэргээс бас ч үгүй медальтай, англи хэлний гайгүй мэдлэгтэй гэж өөрийгөө боддог байлаа. Гэтэл яг төрөлх нутаг дээр нь очиход хүмүүсийн яриаг гүйцэд ойлгохгүй, ном сайн уншиж чадахгүй байх гэхчлэн бэрхшээл тулгарч тухайн үедээ өөрийгөө багагүй чамлаж байсан шүү. Тийм болохоор хэлээ эрчимтэй сайжруулахаар 3,4-р ангийн хүүхдүүдийн ном уншиж, кино их үзсэн. Суурь мэдлэгтэй байсан болохоор харьцангуй хурдан сайжирсан гэж боддог. Мөн орчин их нөлөөлсөн. Тэнд хүн болгон англиар ярьж, англи хэл дээр хичээл орохоор хурдан дасч байгаа юм л даа.

 

Эндээс очихдоо л “амжилттай сурна” гэсэн зорилготой байсан болохоор хичээлийг хамгийн нэгдүгээрт тавьдаг байсан. Нэг үгээр хичээлээс өөр зүйлд тийм ч их сатаарахгүй байсан даа. Төгсөлтийн зургийн цомгон дээр сурагчдын "хамгийн, хамгийн" тодорхойлолтыг бичдэг ба намайг “Хамгийн хичээнгүй сурагч” гэсэн байсан.

Э.Пүрэвдулам

YOLO: Харин энэ их эрчимтэй хичээл зүтгэлийн ачаар чи ямар үр дүнд хүрсэн бэ?
Манай сургуульд төгсөх ангийнханд зориулсан нэг тусдаа англи хэлний анги байдаг юм. Тэр нь бараг коллежийн хөтөлбөртэй төстэй шахуу, хүнд хичээлтэй. Хэр баргийн хүссэн сурагч хүүхдүүд ороод байдаггүй. Би түрүүнд хэлсэн дээ, бага ангийн хүүхдүүдэд зориулсан ном уншдаг байхдаа би тэр ангид орох юмсан гэж маш их хүсдэг байсан. Харин 12-р ангид яг ордог жилд би тэр ангид орж чадсан. Тэгээд эхний семестрийн дүнгээ харахад ганцхан “B” дүнтэй бусад нь “A” байхыг хараад “Би үнэхээр хичээвэл чадах юм байна” гэж өөрийн эрхгүй урамшсан шүү.

YOLO: Аймгийн дунд сургуулиас Америкийн нэгдсэн улсын ахлах сургууль руу шилжин суралцахад хэр ялгаа гарсан бэ?
Ондоо байлгүй яахав. Энд байхдаа би хичээлдээ гайгүй, даалгавар тийм ч их биш, чөлөөт цаг ихтэй байсан. Харин тэнд очтол даалгавраа хийж орой хүртэл суудаг, ихэнхдээ орчуулган дээр хамаг цагаа зарцуулна. Өдөрт бараг 5-6 цаг бүтэн орчуулга хийдэг. Ер нь даалгавар, хичээлийн ачаалал их юм шиг санагдсан. Манай сургууль ч Аляска мужийн хамгийн сайн сургуульдаа ордог юм байна лээ.

YOLO: Хичээлийн хөтөлбөр нь манайхаас хэр өөр вэ?
Ер нь маш өөр юм байна лээ. Тэнд жил болгон зургаан хичээл үзнэ. Өдөр бүр нэг хичээлийг давтан үздэг бөгөөд ингэснээрээ тухайн хичээлийг илүү гүнзгийрүүлж сурдаг мэт санагдсан. Өглөө 8:30 цагт хичээл эхэлдэг ч сурагчид 8:00 гэхэд сургууль дээр ирсэн байх ёстой, өдөр нь 15:30 гэж тарна. Тараад зарим нь дугуйланд явдаг.

YOLO: Сургуулиа хэр амжилттай төгссөн бэ?
Маш амжилттай төгссөн шүү. Учир нь англи хэлийг тийм ч сайн мэдэхгүй очсон үеэ бодоход би сургуулийнхаа valedictory буюу ангийнхаа шилдэг сурагч, сургуулийнхаа шилдэг төгсөгч болж чадсан. Голч оноо нь өндөр, “A” дүн олон сурагчид тус төрөлд хамаарагддаг юм. Мөн төгсөлтийнхөө баяраар үг хэлэх боломж гардаг. Анги бүрээс нэг valedictory сурагч шалгардаг юм. Төгсөлт дөхөөд л дүнгийн жагсаалтаараа манай хөрш айлын, ангийн хүү бид хоёр урд хойноо ороод л яваад байлаа, би бага зэрэг айдастай. Гэхдээ эцэст нь би дүнгийн үзүүлэлтээрээ нэгдүгээрт бичигдэж чадсан.

Өөрийнхөө түвшинд тааруулаад ном сайн унших хэрэгтэй. Жаахан хүүхдийн ном ч гэж гололгүй уншаад байгаарай. Хэтэрхий хэцүү зүйл барьж аваад түүнээсээ халширах вий. Тиймээс багаас нь эхлээд сайжрах хэрэгтэй.

Э.Пүрэвдулам

YOLO: Тэгэхээр чи бүр ангийнхаа тэргүүлэх сурагч, сургуулийнхаа шилдэг төгсөгч нь болжээ?
Харин тэгсэн. Надад тусалж дэмжсэн гэр бүлийнхэндээ маш их баярлаж явдаг. Ялангуяа Эми ээждээ талархаж явдаг. Эми ээж маань Уналаскагийн дунд сургуульд англи хэлний багш мэргэжилтэй болохоор надад их зааж зөвлөнө. Би ч мэдэхгүй зүйлээ их асууна, надад найз шиг минь л тусалдаг байсан. Энэ дашрамд "Баярлалаа" гэж хэлмээр байна. Шилдэг төгсөгч болсны дараагаар “Анх би ямар мэдлэгтэй ирж байлаа даа?!” гэж  энэхүү үр дүнгээс маш их урамшсан.

Э.Пүрэвдулам аав П.Энхбатын хамтаар

YOLO: Энэ амжилтад чиний ямар арга барил их нөлөөлсөн гэж бодож байна вэ?
Эндээс очихдоо л “амжилттай сурна” гэсэн зорилготой байсан болохоор хичээлийг хамгийн нэгдүгээрт тавьдаг байсан. Нэг үгээр хичээлээс өөр зүйлд тийм ч их сатаарахгүй байсан даа. Төгсөлтийн зургийн цомгон дээр сурагчдын "хамгийн, хамгийн" тодорхойлолтыг бичдэг ба намайг “Хамгийн хичээнгүй сурагч” гэсэн байсан. Мөн гэр бүлийнхнээс гадна манай багш нар их тус болсон. Би ч өөрөө мэдье, суръя гэсэн хандлагатай байсан болохоор надад их сайн.

YOLO: Сургуулийнхаа шилдэг сурагч болоод олны өмнө үг хэлэх мөч ямар байв?
Бага зэрэг сандарсан. Гэхдээ үг хэлэх сурагчид урьдчилаад цаасан дээр бэлтгэчихдэг болохоор харьцангуй гайгүй. Намайг шилдэг болсон гэдгийг мэдээгүй хүүхдүүд үг хэлсний дараа хүрч ирэн мэндчилж “Чамаар бахархаж байна, мундаг байна” хэмээн урмын үгс хайрласан нь надад маш сайхан санагдсан.


 

YOLO: Сурахын хажуугаар өөрийгөө хөгжүүлэх боломжийг хэр ашигласан бэ?
Ашиглаж чадсан шүү. Би хичээлээс гадуурх олон зүйлд хамрагдсан. Жишээ нь би гар бөмбөгийн дугуйланд хамрагдсан ба сургуулийнхаа шигшээ багийн гишүүн нь байсан. Мөн гүйлтийн дугуйлан, ном унших дуртай сурагчдын клуб зэрэгт хамрагдсан. 

Аляска мужийн ахлах ангийн сурагчдын дунд зохиогддог испани хэлний тэмцээнд алтан медаль хүртжээ

Мөн би очоод удаагүй байхдаа дахин нэг гадаад хэл сурахаар шийдэж Испани хэлийг сонгосон. Тэгээд Аляска мужийн Испани хэлний олимпиадаас гурван жил дарааллан алтан медаль хүртсэн. Энэ тэмцээнд мужийн бүх сургуулийн ахлах ангийн 2000 орчим сурагч оролцдог. Америкт ер нь Мексикээс ирсэн хүмүүс их, тиймдээ ч Испани хэлний хэрэг багагүй гардаг.

YOLO: Соёлын ялгаанаас болсон хөгжилтэй зүйл тохиолдож байв уу?
Тиймэрхүү зүйл нэг бус удаа тохиолдсон. Манайхан чинь хүний хөлөн дээр гишгэхээр гар барьдаг. Харин тэнд очоод би хэн нэгний хөлөн дээр гишгэхээрээ хуучин зуршлаараа гарыг нь барьчихдаг байсан. Харин өнөөх хүмүүс нь нэг л сонин хараад байсан юм. surprise

Би тухайн үедээ гайхаад аавдаа хэлтэл “Тэгж гар барих шаардлагагүй ээ, одоо наад зуршлаа боль боль” гэсэн дээ. cheeky

YOLO: Тэгвэл хөл дээр нь гишгэхээр тэд яадаг юм бол...?
Зүгээр л “уучлаарай” гэж хэлэхэд л болно. cheeky

YOLO: Хэр олон найзтай болсон бэ?
Танилын хүрээгээ мэдээж нэмсэн. Зөндөө ч найзтай болсон шүү. Анх очиход их тус болсон, манай сургуулийн мөн хөрш айлын охин Жессикатай маш сайн найз болсон.








YOLO: Ирээдүйн мэргэжлээ сонгочихсон уу?
Сургуулийн хүүхдүүд өөрийн хүссэн сургалтад хамрагдахаар сургалтын албанд хүсэлт гаргадаг юм. Харин миний хүсэлт шалгарч тэнцээд би ноднин зуны амралтаараа 6 долоо хоногийн сургалтанд хамрагдсан. Тэр нь эмч болох хүсэлтэй сурагчдад зориулсан сургалт бөгөөд коллежийн өмнөх хөтөлбөртэй. Эхний хэд хоног хүүхдийн эмч нарыг дагаж явсан, эмч юу хийнэ дагаад л боломжтой зүйл байвал гар бие оролцон хийгээд нэг ёсондоо дадлага хийсэн гэсэн үг. Тэр үед надад маш гоё санагдсан, эмч болвол зүгээр ч юм уу гэж бодогдсон шүү.

Гэхдээ би эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа. Учир нь эмч болохын тулд тэнд дор хаяж 11-13 жил сурдаг юм байна лээ. Би бакалаврын зэргээ инженер эсвэл биологийн чиглэлээр хамгаалах бодолтой байна.  Эмчийн сургуульд ороход ямар бакалавртай байх нь хамаагүй учир коллежид сурах хугацаандаа би сайн бодож шийдвэр гаргах боломжтой гэсэн үг. Мөн би ахлах сургуульдаа математиктаа гайгүй байсан учир багш маань “Чи инженер болооч” гэж нэг удаа зөвлөсөн. Тэгэхээр сайн бодож байж л шийднэ дээ. yes

YOLO: Америк кинонууд дээр гардаг даа, ахлах сургуулийнхан дунд алдартай охидын бүлэг байдаг. Харин жинхэнэ амьдрал дээр тийм зүйл байх уу?
Бүр яг кинон дээрх шиг тийм хэтрүүлэгтэй бол биш. Гэхдээ “popularity” буюу сургуульдаа алдартай, ялгарчихсан, бүх сурагчид тэднийг мэддэг нэг тиймэрхүү хэсэг бүлэг хүүхдүүд байдаг. Тэдгээрийн зарим нь хичээлдээ сайн, зарим нь тийм ч сайн биш сурлагатай хүүхүүд ч байна.


YOLO: Тэнд байхдаа хөгжилтэй эсвэл сонин содон зүйл тохиолдсон уу?
Би очоод их таргалсан. Идэж үзээгүй гоё хоолнуудаас амсаж идсээр байгаад нэг харсан чинь маш их таргалсан байсан. Бараг 10 кг нэмсэн шүү. cheeky Тэгээд сүүлийн хоёр жил дасгал хөдөлгөөнийг эрчимтэй хийгээд жин хассан. Тэнд 18-аас доош насныханд үнэгүй төлбөргүй орж болдог спортын төв байдаг юм. Хүссэн секц дугуйландаа явж болдог гэсэн үг. Идэх хоолоо багасгаад хөдөлгөөнөө ихэсгээд л жингээ хассан даа.

YOLO: Чи Аляскагаас өөр мужид очсон уу?
Тэнд байх хугацаандаа би мужаасаа гараагүй ч мужийнхаа хотуудаар болон хөдөө нутгуудаар аялсан. Гэхдээ бусад мужуудын коллежийн оюутан солилцоогоор нэг жил эсвэл семестерээр өөр муж, хот, өөр улсад ч сурч болдог юм. Би түүнд нь хамрагдах бодолтой байгаа.

YOLO: Сурагчид тэтгэлэгт хамрагдах боломж хэр байдаг вэ?
Аляска мужийн сургуулиудад тэтгэлэг хүртэх боломж их юм шиг санагдсан. Учир нь тэнд далайн бүтээгдэхүүн, загасчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг том компаниуд их. Тэдгээр нь өөрсдийн нэрийн дор боловсролын тэтгэлэг зарладаг. Хүүхдүүд 12-р ангийнхаа эхний семестрт коллежууд руу хүсэлтээ явуулж, хоёрдугаар семестрээс тэтгэлэгтээ илүүтэй анхаарч эхэлдэг.

Манай сургуульд төгсөгчдөдөө зориулсан өрөөтэй, тэнд сурагчид өөрсдийнхөө хэрэгцээт тэтгэлэгийн хэмжээ, гаргасан амжилт, сурлагын үр дүн явц, намтар зураг гэх мэт шаардлагатай мэдээллүүдийг нэг дор багтаасан байдаг. Тэдгээрийг тэтгэлэг зарласан компаниуд руу явуулаад төгсөлтийн өдөр хэн хэн ямар тэтгэлэг хүртсэн талаарх мэдээллийг ил болгож тэтгэлэг хүртсэн хүүхдүүдэд эрхийн бичгийг нь гардуулан өгдөг юм. Тэтгэлэг хүртэх болсон шалтгаан нь янз бүр л дээ. Дан ганц сурлагаар ч биш, спорт, урлаг, авьяасыг хардаг. Манай сургуулиас хамгийн өндөр голч оноотой нэг сурагчид тэтгэлэг олгодог, түүнийг нь би хүртсэн. Мөн нэгэн том компанийн тэтгэлэг хүртсэн ба нийлээд 20 мянган ам.долларын тэтгэлэгийг хүртэж чадсан.

YOLO: Элсэн суралцах сургуулиа сонгосон уу?
Би Аляскын Анкорижийн Их сургуульд урилгаар элсэн суралцахаар болсон. Хичээл маань наймдугаар сарын 30-нд эхэлнэ. Сурч байхдаа хичээлийнхээ хажуугаар ажил хийж коллежийн сургалтын төлбөрийнхөө хагасыг нь цуглуулчихсан. yes

YOLO: Э.Пүрэвдулам гэдэг охин АНУ-д суралцах хугацаандаа өөртөө хэр өөрчлөлтийг хийсэн бэ?
Миний хандлага өөр болсон мэт санагддаг. Илүү өсөлттэй гэсэн үг. Олон хүнтэй танилцаж, өөр шинэ зүйлд суралцаад нүд нээсэн гэх үү дээ. Өмнө нь энд байхдаа өдөр тутмын хичээлдээ анхаараад л, ярианы сэдэв маань найзууд эсвэл банди нарын талаар л байхаас өөр зүйлд сатаардаггүй байсан. Тэнд очсон хойноо амьдралын талаар эргэцүүлэн бодох болсон. Энд хүмүүс ингэж амьдардаг юм байна, манай монголчуудад ийм боломж байсан бол ч…, эх орондоо ингэж өөрчлөлт оруулж болох  юм байна, хоёр улсын эдийн засгийн харьцуулалтын талаар гэхчлэн их далайцтай сэтгэж эхэлсэн. Хүнийг ойлгохдоо ч зөвхөн нэг талаас нь биш нөгөө талыг нь буюу сайн чанарыг илүүтэй хардаг болсон мэт санагдаад байгаа.

Америк руу явж боловсрол эзэмшихээр төлөвлөж байгаа бол ер нь дунд сургуулиас нь буюу 7-8-р ангидаа очсон нь дээр мэт санагдсан. Учир нь тэнд коллежид ороход ахлах сургуулийн боловсролыг их үнэлдэг. Тиймээс багаас нь хичээлээ сайн үзээд SAT (student's academic skills) АСТ (American College Testing) шалгалт буюу манайхаар бол ЭЕШ-аа сайн өгчихвөл илүү сайн их сургуульд орох боломжтой байдаг. yes

YOLO: Өөрийн энэ туршлагаасаа бусадтай хуваалцъя гэж бодож байна уу?
Тэгэлгүй яахав. Ирэх жилээс Монголдоо онлайн сургалтын төв байгуулах бодолтой байна. Хүүхдүүдэд англи хэл заах юм. Алсын зайнаас буюу цахим хэлбэрээр сургалтаа хийх бөгөөд одоо хөтөлбөрөө боловсруулж байгаа.

YOLO: АНУ-д сурахаар төлөвлөж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэх үг байна уу?
Америкыг зорьж байгаа Монгол хүүхдүүд ихэвчлэн коллежид сурахаар очдог юм шиг санагддаг. Тиймээс хэлний бэрхшээлээ арилгаад, Англи хэлээр чөлөөтэй ярьж өөрийгөө ойлгуулдаг болсон байхад алзахгүй ээ. Өөрийнхөө түвшинд тааруулаад ном сайн унших хэрэгтэй. Жаахан хүүхдийн ном ч гэж гололгүй уншаад байгаарай. Хэтэрхий хэцүү зүйл барьж аваад түүнээсээ халширах вий. Тиймээс багаас нь эхлээд сайжрах хэрэгтэй.

Мөн англи хэл дээр кино үзэх их гоё шдээ. Хэл ч сайжирна, кино ч үзчихнэ. Доороо үгэн тайлбартай бол бүр ч сайн.  Би тэнд байхдаа номын сангаас кино түрээслэж үздэг байсан. Мөн ютүб дээрх хичээлүүд, кино, харилцан яриа зэргийг давхар үздэг байсан.

YOLO: Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Цаашдынх нь хичээл сурлагад нь өндөр амжилт хүсье. 
Маш их баярлалаа laugh
 

 

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson #world #USA