ЗАХИДАЛ: Би яаж өмнөх шигээ болох вэ?


ССҮТөв | YOLO.MN
2019-06-21

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би яаж өмнөх шигээ болох вэ?

Сайн байна уу? Би одоо 13 настай. Би 4 жилийн өмнөөс өөрийн зорилгыг тодорхойлж түүнийхээ төлөө маш их хичээсээр өдийг хүрсэн. Гэвч сарын өмнөөс ямар ч нийгмийн идэвх оролцооны сонирхолгүй өөрийгөө хөгжүүлэх хүсэлгүй болж, бүр хичээлээ хийх ч дургүй болж нэг үгээр зэвэрч байна. Хэчнээн өөртөө урам өгөхийг хүсч алдартай хүмүүсийн намтрыг уншиж ишлэл уншсан ч нэг л тийм залхуу байдалтай байсаар л байна. Өмнө нь хийх дуртай байсан нийгмийн ажлуудыг одоо хийх гэхээр нэг л ял юм шиг хүлээж аваад улам залхуу болсоор байна. Би яаж өмнөх шигээ хичээлдээ сайн нийгмийн идэвхтэй зорилгынхоо төлөө болох вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Дотроосоо тэмүүлж буй зорилго бэлэг шиг мэдрэмж өгнө

Сайн байна уу? Захидал илгээсэнд баярлалаа.

Юуны түрүүнд чи аль хэдийн зорилго тодорхойлоод үзчихсэн, мөн түүнийхээ төлөө үйлдлүүдийг хийгээд үзсэн байна гэдэг нь бахархмаар байна. Харин чиний тавьсан зорилго нь ямар сэдлээр эхэлсэн бэ гэдэг нь чухал. Хэрвээ хэсэг зуурын сэтгэл хөдлөлөөр эсвэл хэн нэгнийг дуурайж эсвэл хэн нэгний хүлээлтэд нийцэх гэж гэх мэтээр өөрөө дотроосоо хүсэлгүй өнгөцхөн тавьсан зорилго бол ял мэт мэдрэгдэх хандлагатай. Дотроосоо, өөрөө хүсээд, тэмүүлээд явж буй зорилго бол ял биш харин бэлэг шиг мэдрэмж өгнө. Чи өөрийгөө хэт хүчлээд байж магадгүй. Дандаа идэвхтэй байх ёстой, алдартай хүмүүс шиг амжилттай байх ёстой гэх мэт. Хааяа хүн амралт авах хэрэгтэй байдаг. Ямар ч сайхан хоолыг өдөр бүр идээд байвал уйддаг ч идэхээ болиод хэсэг хугацааны дараа идвэл ямар гоё амттайг нь ахиад мэдэрдэг. Хэсэг хугацааны дараа зорилгын мэдрэмж нь ахиж сэргэх байх гэж найдаж байна. Өөртөө хэт хатуу хандалгүй хэсэг биеэ амраагаад өөр зүйлс хийгээд үзээрэй. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Ц.Пүрэвсүрэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.

#Захидал #Letter