Энэ удаагийн ярилцлагаараа Америкийн ахлах сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй Flex хөтөлбөрөөр сурч байгаад ирсэн Дорнод аймгийн сурагч М.Цогтбилэгтэй уулзуулж байна. Америкийн ахлах сургууль болон тэнд очоод юу сурч ирсэн талаар сонирхолтой яриа өрнүүлснийг хүргэе.
Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Нэг сураад ирсэн сургуулийнхаа талаараа товч танилцуулаач?
Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. АНУ-ын Колорадо мужийн Колорадо Спрингс хотын "СИВА Чартер Ахлах Сургууль"-д нэг жил суралцаад ирсэн.
Америкт анх очоод төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач.
Хамгийн анх энэ улсад очоод “Хөөх, ямар гоё юм бэ?” гэж бодогдоод тэр өдрөө бүр дуу гарахгүй хэмжээний маш их баярлаж байсан. Нэлээн олон хонож байж дасаж, соёлоос нь суралцаж эхэлсэн.
Америк соёл Монгол соёл хоёр хоорондоо маш их ялгаатай шүү дээ. Тэнд очоод соёлын шоконд орж байсан уу?
Анх онгоцны буудал дээр очиход өөр өөр орны хүмүүс өөр хэлээр ярих байдал болон миний хийдэг зүйлс тэнд хийж болохгүй байх ч юм уу жижиг жижиг шоконд орж байсан. Харин хамгийн том шок гэвэл Молдав улсад Америк руу явахаас өмнө хэлний бэлтгэлд сууж байсан. Тэр үед багш хүрч ирээд “Hi five” гээд өөдөөс гараа гаргах үед нь би гайхаад гараа хумхиад сууж байсан. Харин миний дараагийн хүүхэд рүү тэгж очиход эргүүлээд гараа цохиж байхыг нь хараад “Аан ингэх ёстой байсан юм байна” гэж ойлгож авч байсан. Мөн “АНУ”-д хамгийн их таалагдсан соёл нь хүнтэй тасралтгүй мэндэлж, харилцахад маш хялбар байдаг. Гудамжаар явж буй танихгүй хүнтэй хүртэл инээмсэглээд мэндэлдэг.
Анх яагаад Flex хөтөлбөрт оролцохоор шийдсэн бэ?
Манай багш хамгийн анх ийм хөтөлбөр байна гэдгийг дуулгасан. Тэгээд ямар ч байсан өөрийгөө сориод үзье гэж бодоод орсон. Тэгсэн чинь тэнцчихсэн.
Англи хэлээ бие дааж сайжруулж байсан уу? Сургалтад сууж байсан уу?
Манай Дорнод аймгийн Чойбалсан хотын “Flower” сургууль нь англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тул 2-р ангиас нь эхлээд англи хэл заадаг. Англи хэлний сургалтад ганц, хоёр л сууж байсан. Бусдаар бол сургуулийнхаа мэдлэгийн түвшинд л байсан.
Америкийн ахлах сургууль болон Монголын ахлах сургуулийн ялгааг хэлж өгөөч?
Хамгийн том ялгаа гэвэл дүрэмт хувцас өмсдөггүй. Хүссэнээ өмсөж болдог ба хэн ч юу өмссөнийг нь шүүх эрхгүй байдаггүй. Бараг сургуульдаа унтлагын хувцастайгаа ч ирж болно. Гэхдээ зарим сургуульд хувцасны дүрэм гэж байдаг. Жишээлбэл: Урт өмд өмсөх ч юм уу заавал захтай цамц өмсөх гэх мэт байдаг. Үсээ хүссэнээрээ өөрчилж болдог. Мөн Монголд а, б, в гэсэн ангиуд анги болгон өөрийн гэсэн ангитай түүнд нь багш нь орж хичээл ордог бол Америкт багш болгон өөрийн гэсэн ангитай түүнд нь ангиуд орж хичээлээ ордог. Бас хүүхдүүдийн дүн, хийсэн хичээлүүд, хоцорсон тасалсан нь бүгд цахимаар харагддаг. Түүнийг нь ээж, аавууд нь хянах боломжтой. Америкт хувь хүний хөгжлийг их анхаарч үздэг. Сургуульд компьютерын лаборатори байдаг. Тэнд хүүхдүүд хэвлэгч, хувилагчийг хүссэнээрээ ашиглан бие даалт, хичээл зэргээ хийж болдог. Өдөр болгон хянагч багштай цонхтой цаг гэж байдаг. Түүн дээр сурагчид даалгавраа хийж болно.
Энэ хөтөлбөрийн үеэр тохиолдсон хамгийн хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?
Бүх зүйлүүд л маш их хөгжилтэй байсан. Гэхдээ нэг хөгжилтэй зүйл хэлэхэд Америкийн ахлах сургуульд үдэшлэг болдог. Тэр нь бараг албан ёсны гэхэд болно. Би нэг удаа тэр үдэшлэгийнхээ талаар стори хийсэн чинь манай Монгол багш нар, эцэг эх маань “Чи Америкт хаагуур, юу хийгээд яваад байгаа юм бэ? Болохгүй, бүтэхгүй газруудаар битгий яваад бай” гэж хэлсэн. Гэтэл энэ нь өөрөө Америкийн соёлын нэг хэсэг нь юм л даа. Харин монголчуудад энэ нь бараг паб, клубтэй адилхан санагдаж байсан.
Одоо чиний өөрийн чинь талаар ярилцъя. Амьдралыг ямар өнгөөр хардаг вэ?
Гэгээлэг өнгөөр л хардаг. Маш гэсгээлгээр хардаг.
Монголд байхдаа болон Америкт байхдаа чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байсан бэ?
Монголд байхдаа бол бүжгийн дугуйланд явж байсан. Харин Америкт чөлөөт цагаараа сайн дурын ажил хийх, найзуудтайгаа зугаалгаар явах, гэр бүлийнхэнтэйгээ зугаалгаар, аяллаар явах зэргээр өнгөрөөж байсан даа.
Сайн дурын ажил хийдэг гэж байна. Тэгвэл сайн дурын ажил хийснээр юу сурч авсан бэ?
Сайн дурын ажил хийснээр ямар ч зүйлд сэтгэлээрээ хандан, бусдад тусалсан шиг тусалж сурсан даа. Маш олон чадварууд суралцдагаас хамгийн чухал нь аливаа хүнд хариу нэхэлгүй тус хүргэх байсан юм. Хүнээс авах биш өгөхийг илүүд үздэг болсон.
Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу?
Энэ жил мэргэжлээ сонгосон. Америкт байхдаа өөрийнхөө бүх сонирхол, чадваруудыг бодож үзээд сонгосон доо.
Америкт байх хугацаандаа сурч авсан хамгийн том сургамж юу вэ? Бас Монголдоо байхдаа ийм зүйл сурч байхгүй яав даа гэж харамсаж байсан зүйл бий юу?
Хамгийн том зүйл гэвэл шагнал, дүнгийн төлөө бүхнээ зориулж амьдралынхаа чухал цаг хугацааг харамсахаар өнгөрүүлэхгүй байхыг, мөн амьдралдаа сэтгэл хангалуун байхыг сурч авсан. Харамсаж байсан зүйл гэвэл Америкт очоод тэр хүмүүст Монголынхоо талаар сурталчлах хэрэг гардаг. Харин тэр үед би Монголынхоо түүх, соёлыг бүрэн гүйцэд ч мэдэхгүй байсан. Тийм болохоор Монгол улсынхаа соёл, ёс заншил, түүхийг сайн судалж байхгүй яав даа гэж харамсаж байсан.
Бурхан чамд дэлхийг хүссэнээрээ ганцхан зүйлийг өөрчлөх боломж өгвөл чи юу хийх байсан бэ?
Хэрвээ надад тийм боломж олдвол бүх хүмүүсийн хар бараан бодол, муу муухай зүйлсийг байхгүй болгохыг хүснэ. Энэ жижигхэн дэлхийдээ дайнгүй байж, бүгд нэгдээд ертөнцийн утга учрыг олох хэрэгтэй.
Flex хөтөлбөрт оролцсон маш олон хүүхдүүд байгаа. Тэгвэл өөрийгөө тэр дундаас хэрхэн онцгойрч тэнцсэн гэж боддог вэ?
Би зүгээр л өөрийнхөөрөө байсан. Шалгалтдаа орохын өмнөхөн үгсийн сан, болон бусад зүйлсийг бага зэрэг бэлдсэн.
Хэрвээ чамд 3 уусмал байлаа гэж төсөөлж үзье. Эхнийх нь үл үзэгдэгч болгох, хоёрдох нь хүний бодлыг унших, гурав дахь нь үүрд амьдрах. Энэ уусмалуудаас нэгийг нь сонгох болбол алийг сонгох байсан бэ?
Үл үзэгдэгч болох. Учир нь би аялах маш их дуртай. Хэрвээ үл үзэгдэгч болчихвол онгоцны буудал дээр очоод онгоцонд нь суугаад л нисчихнэ. Тэгвэл хүссэн газраараа аялж болно.
Үеийнхэндээ зориулаад юу гэж хэлмээр байна?
Өөрийгөө хайрлаад, бусдыгаа ч хүндлээд, улс эх орондоо хувь нэмрээ оруулахын тулд яг одооноос хичээгээрэй.
Ярилцлага өгсөнд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх