BTS хамтлаг “Шилдэг хамтлаг” шагналыг хүртлээ


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-05-02

Хүн төрөлхтнийг бүхий л цаг үеийн туршид өөр юу ч чадахааргүй тийм гайхалтай, бүр “сүнслэг” гэмээр түвшинд нэгтгэж чаддаг зүйл бол яахын аргагүй урлаг билээ. Тэгвэл өнөөдөр “Billboard Music Awards”-ын тайзнаа дахин нэг түүхийн шинэ хуудас бичигдсэн нь BTS хамтлаг “Шилдэг Хамтлаг” шагналыг “Top Social Awards”-ын хамт хүртсэн явдал болоод байна.

Тэд “Billboard Music Awards”-т гурав дахь жилдээ оролцож буй анхны ази уран бүтээлчид бөгөөд “Шилдэг хамтлаг” төрөлд нэр дэвшсэн нь анхных юм.

“Maroon 5”, “Dan and Shay”, “Panic! At the Disco”, “Imagine Dragons” зэрэг хамтлагтай өрсөлдөн ялж энэхүү шагналыг хүртсэн “BTS”-ийн уран бүтээлчид сэтгэгдлээ хуваалцлаа.

“RM: … Одоо ч энэхүү гайхалтай тайзан дээр, ийм олон мундаг уран бүтээлчидтэй хамтдаа зогсч буйдаа итгэж чадахгүй байна. Энэ бүхэн зөвхөн бидний нэгэнтэйгээ хуваалцдаг жижигхэн зүйлсээс эхтэй. Тийм биз дээ? BTS&Army Power! Бид зургаан жилийн өмнөх хөвгүүд одоо ч хэвээрээ байгаа. Одоо ч бидэнд адилхан мөрөөдөл, адилхан бодол бий. Хамгийн гайхалтай мөрөөдлүүдийг хамтдаа мөрөөдсөөр л байцгаая! Баярлалаа, ARMY”

Тэдний амжилт зөвхөн энэ хүрээд зогсоогүй бөгөөд “Шилдэг Хамтлаг”-аас гадна “Top Social Artist” шагналыг гурав дахь жилдээ хүртжээ. Энэхүү шагналыг 2001 оноос хойш Justin Bieber зургаан жилийн турш хүртсэн бөгөөд 2017 онд анх BTS энэ шагналыг хүртсэнээр түүний амжилтыг эвдсэн ажээ.

Top Social Artist шагнал нь үзэгчдийн саналаар шийдэгддэг бол “Шилдэг Хамтлаг” шагнал нь олон нийтийн саналаас огт хамаарахгүйгээр мэргэжлийн шүүгчдийн шийдвэр дээр үндэслэдэг байна. Энэхүү шагналыг өнгөрсөн жилүүдэд “Destiny’s Child”, “Backstreet Boys”, “Imagine Dragons”, “Black Eyed Peas”, “One Direction” зэрэг хамтлагууд хүртэж байжээ.

Нэгэн жижигхэн энтертайментын дор 5 жилийн өмнө урлагийн гараагаа эхлүүлсэн BTS хамтлаг хүн бүрийн боддог шиг дардан замыг туулаагүй бөгөөд хоол идэх, эсвэл автобусанд суух хоёрын аль нэгийг сонгож, нэг өрөө жижигхэн байранд өсвөр наснаасаа л эхлэн хамтдаа амьдарч, төсвийн асуудлаас болон хамтлаг нь тарах дээрээ хүртэл туулж байсан ч огт бууж өгөлгүй өдийг хүрсэн билээ. “Сайн багийн ажиллагаа том мөрөөдөлд хүргэдэг” хэмээн бахархан ярих дуртай эдгээр хөвгүүд харин боловсролын эрүүл мэндээс эхлүүлэн сэтгэцийн эрүүл мэнд, өөрийгөө хайрлах хайрын талаар маш хүчтэй зурвасуудыг хөгжмөөрөө дамжуулан хүргэсээр ирсэн бөгөөд дуу бүрээ хооронд нь холбон түүгээрээ бүтэн түүхийг өгүүлдгээрээ бусдаас ялгардаг ажээ.

Тэд таван сарын 4-нөөс эхлэн “Love yourself: Speak Yourself” аялан тоглолтоо Лос Анжелес хотын Rose Bowl стадионд эхлүүлэн Бразил, Англи, Франц, Япон зэрэг орнуудад үргэлжлүүлэх бөгөөд тоглолтын бүх билетүүд аль хэдийн зарагдаж дууссан байна.

Азиудын нөлөөллийг шинэ түвшинд хүргэж буй хөвгүүддээ болон тэдний үнэнч фэнүүдэд дахин нэг удаа баяр хүргэе!

#Kpop