"Би түүнийг өөрөөсөө холдуулчихаад байх юм"


ССҮТөв | YOLO.MN
2016-06-20

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Бие биедээ сайн хэдий ч огт тохирч өгөхгүй байна

Би өөрийнхөө түргэн зангаас болоод салчихсан юм. Бид хоёр огт харьцахгүй хэдэн сар болсон. Би тэр хугацаандаа үнэхээр их хүлээж анх удаа л тэгж шаналж үзсэн.

Сайн байна уу. Юун түрүүнд танай хамт олонд ингэж их сэтгэл гаргаж хүүхдүүдэд тусалж байдагт чинь маш их баярлалаа.

Би нэг хүнтэй үерхээд жил болсон боловч үргэлж муухай зан гаргаж өөрөөсөө түлхдэг байсан юм аа. Тэр хүн надад их сайн, үргэлж тусалж дэмждэг, миний буруу байсан ч намайг аргаддаг. Би өөрийнхөө түргэн зангаас болоод салчихсан юм. Бид хоёр огт харьцахгүй хэдэн сар болсон. Би тэр хугацаандаа үнэхээр их хүлээж анх удаа л тэгж шаналж үзсэн, тэгээд өөрөө зориг гаргаж харьцаж эхэлсэн ба тэр надад сайн хэвээрээ байсан. Гэхдээ би шууд л “хоёулаа эргээд нийлье” гэж хэлээгүй, харин бага багаар ойлгуулахыг хүссэн ч дахиад л өөрөөсөө холдуулчихсан. Одоо бол удаан хугацаа өнгөрсөн ч мартаж чадахгүй, орой болгон бодож дандаа зүүдэлдэг. Бие биедээ сайн хэдий ч огт тохирч чадахгүй байна. “Тэр надад сайн хэвээрээ гэж” хааяа би бодож байгаа нь зөвхөн өөрийгөө тайтгаруулах гэсэн бодол юм болов уу гэж боддог. Би яг яах ёстой вэ?

Зөвлөгөө: Хэзээ ч оролдож үзэхгүй байснаас оролдож үзээд алдсан нь хамаагүй дээр байдаг юм шүү

Энэ бүхний дараа түүнтэй нийлэх нь үнэхээр зөв алхам гэж бодсоор л байвал айж түгшилгүй, хойшлуулалгүй өөрөө эхэлж холбоо бариад уулзаж ярилцаарай.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Та хоёрын үерхлийн салах болсон шалтгааныг таны түргэн зангаас болсон гэж бичсэн байна. Тэгэхээр та эхлээд өөрөөсөө тэр хүн таны хувьд хэр үнэ цэнэтэй хүн бэ, үерхэл гэж таны хувьд юу болох талаар, тухайн хүнээс би яг юу хүсээд байна вэ гэдгийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Өөрөө өөрийгөө танин мэдсэн хүн бусдыг танин мэдэхэд  илүү хялбар болдог. Тэгэхээр та эхлээд би юунд дуртай, юунд баярлаж юунд гомддог, бусадтай хэрхэн харилцдаг гэх мэтчилэн олон асуултаар өөрийгөө олж нээгээрэй.

Энэ бүхний дараа түүнтэй нийлэх нь үнэхээр зөв алхам гэж бодсоор л байвал айж түгшилгүй, хойшлуулалгүй өөрөө эхэлж холбоо бариад уулзаж ярилцаарай. Энэ алхмын дараа олон өдөр шөнө бодсон асуудал чинь нэг бол сайн тал руугаа, эсвэл сөрөг талдаа шийдэгдэх болно. Гэхдээ таны хийх ёстой зүйл бол асуудлаа сайн сөрөг хамаарахгүй шийдэхэд л оршиж байгаа болохоос биш бодож шаналж олон хоног явах огт биш гэдгийг санаарай. Хэзээ ч оролдож үзэхгүй байснаас оролдож үзээд алдсан нь хамаагүй дээр байдаг юм шүү. Танд амжилт хүсье.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Итгэл #Trust