Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Чулуунбатын Хулан энэ сарын 6-13-нд "0222" хэмээх контемпорари урлаг ба уран зураг хосолсон анхны бие даасан үзэсгэлэнгээ толилуулах гэж байна.
Уг үзэсгэлэн Бела Виста хотхоны "Q Art Gallery"-д дээрх өдрүүдийн 11-19 цагийн хооронд гарах юм.
Уран бүтээлч Ч.Хулан 2002 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрээр “Энэхүү бие даасан үзэсгэлэн маань ирээдүйн мэргэжил, мөрөөдлийнхөө чиг хандлагыг тодорхойлох том алхам болно. Мөн оршин буй нийгэмдээ өөрийн хэмжээнд хувь нэмрээ оруулж, чадах, мэдэх бүхнээ дайчлан улс орноо хөгжүүлэхийн төлөө чармайж буй хэлбэр минь юм” гэлээ.
Ч.Хулан үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдээ худалдан хуримтлуулсан бүх мөнгөөрөө тусламж шаардлагатай хүмүүст хүргэн, сайн үйлсэд зориулах гэнэ.
Үзэсгэлэнгээ нэрлэсэн 0222 гэсэн цифрүүд нь түүний хувьд маш онцгой. Эдгээр тоонууд төрсөн он сарыг нь илтгэхээс гадна, бүх л амьдралынх нь хувьд түүнтэй хамт оршихоор сонгогдсон тэмдэгтүүд хэмээн уран бүтээлч тайлбарласан юм...
Мөн үзэсгэлэнд дэлгэн харуулах бүтээлүүдийг нь ч эдгээр тоо тодорхойлж буй учир үзэсгэлэнгээ ийнхүү нэрлэжээ.
Аливаа зүйлс хоёр бөгөөд түүнээс олон талтай бөгөөд чухам аль өнцгөөс хэрхэн харж буйгаар тодорхойлолт үүсдэг хэмээн уран бүтээлч тайлбарласан юм. Үзэсгэлэнд дэлгэгдсэн зургууд нь жирийн нэгэн урлагт хайртай, зураг зурах дуртай өсвөр насны охины зургууд байгаа хэдий ч нийгэмд үүссэн ба тулгамдаж буй асуудлуудыг хөндөн, өөрийн дотоод ертөнцөөр илэрхийлэхийг зорьсон бөгөөд аливаа юмсыг олон өнцгөөс эсвэл бүр шууд утгаар ойлгож болох сонголтуудыг үзэгчдэд өгөхийг хичээсэн ажээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх