ЕБС-ийн сурагчид үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ


YOLO.mn | YOLO.MN
2019-03-25

Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв ТББ “Оюу толгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр “Дээрэлхэлтийн эсрэг хамтдаа” төслийг нийслэлийн ерөнхий боловсролын арван сургуульд хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд “Дээрэлхэлт миний бодлоор” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдаан зохион байгуулсан байна. 

Үе тэнгийн дарамт, дээрэлхлийн хор уршгийн талаарх санаа бодлоо зураг, бичвэрээр илэрхийлэх тус уралдаанд нийт 200 орчим сурагч гар зураг, зохион бичлэгээ ирүүлжээ. Тэд бүтээлээрээ дамжуулан үе тэнгийнхэн, насанд хүрэгчдэд хандан үе тэнгийн дарамт, дээрэлхлийг зогсооход хүн бүрийн оролцоо чухал тул хажуугаар нь чимээгүй өнгөрч болохгүй гэх санааг хүргэхийг зорьсон байв. Мөн дээрэлхэл нь чимээгүй, далд явагддаг учир хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулж болохгүй гэсэн санааг багш, сургууль, эцэг, эх, асран хамгаалагч нарт хандаж хөндсөн байна.

Уралдаанд ирүүлсэн 200 бүтээлээс шилдэг 10 бүтээлийг шалгаруулжээ. Сурагчдын бүтээлийг олон нийтэд хүргэх ажлыг Хүүхдийн урлан бүтээх төв дэмжин ажиллаж байгаа бөгөөд онцлох бүтээлүүдийг тус төвийн “Орд Арт” галерейд гуравдугаар сарын 27-31-нд толилуулах юм байна. 

Уг компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд, өсвөр насныхны нэг нэгнээ дээрэлхэх, дарамтлах хандлагыг бууруулахад хувь нэмэр оруулж, сургуулийн орчныг аюулгүй байлгахад анхаарч энэхүү төслийг дэмжин ажиллаж байна. Тус компани арьс өнгө, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, нас, бэлгийн чиг хандлагаас үл хамааран үзэл бодол, соёлын ялгааг хүлээн зөвшөөрч, хүндэтгэхийг компанийнхаа соёлд тусган чанд даган мөрддөг аж. 

Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв ТББ нь Монгол Улсад нээлттэй нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Монголын нээлттэй нийгэм хүрээлэнгээс (Соросын сан) 1996 онд эхлүүлсэн анхны хөтөлбөрүүдийн нэг юм. Тус төв нь 2003 оноос бие даасан төрийн бус байгууллагын статустайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд гадаадад суралцах тэтгэлэгт хөтөлбөр, багш нар, судлаачдыг дэмжих судалгааны төслүүд хэрэгжүүлдэг. 

#ҮеТэнгийнхнийХүчирхийлэл #Дээрэлхэлт