Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Мэргэжил сонголтод сэтгэл хоёрдоод байна
Сайн байна уу? Би энэ жил ахлах сургуулиа төгсөж байгаа юм аа. Уг нь би аль эрт мэргэжлээ сэтгэл судлаач гээд сонгочихсон байсан юм. Түүндээ ч сэтгэл хангалуун байсан. Уг нь гэр бүлтэйгээ их л ярьж зөвлөлдсөн. Тэгсэн ээж аав минь гэнэт “Наадахаа боль. Наад мэргэжлээрээ чи ирээдүйгээ авч явж чадахгүй” гэх юм. Тэгснээ эдийн засагч бол гээд байна. Би яаж ч байсан энэ мэргэжлийг сонгохгүй гэж боддог байсан юм. Би алийг нь сонгох вэ? Давахгүй гэсэн даваагаараа гурав давдаг гээд эдийн засагч мэргэжлийг сонгох ёстой юу?
Зөвлөгөө: Гарсан хариултаа эцэг эхтэйгээ мөн дахин ярилцаарай
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдийн ихэнхид нь дээрх ээдрээтэй асуудал тулгарч байгаа. Мэдээж эцэг эхээ дагах уу, хүсэл сонирхлоо дагах уу гэдэг асуултын дунд таны сонголт байна. Тиймээс эхлээд өөрөө ямар ч мэргэжил сонгох байсан тухайн мэргэжлийнхээ давуу болон сул талуудыг маш сайн судалж мэдсэний дараа аль ч талаас нь хэнд ч эргэлзэлгүй тайлбарладаг болох хэрэгтэй. Энэ нь таны ч мөн эргэлзээг арилгах болно.
Таньж мэддэг, тухайн мэргэжлээр ажилладаг ах эгч магадгүй мэргэжил олгодог сургууль дээр нь хүртэл очоод маш олон төрлийн мэдээлэл цуглуулах боломж байгаа. Тэгэхээр ирээдүйд сонирхолгүй мэргэжил эзэмшээд хийхийг хүсээгүй ажил хийж явах эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонирхож байгаа мэргэжлийнхээ яг юу нь танд таалагдаж байгаа вэ, тухайн мэргэжлийг эзэмших авъяас надад байгаа юу, цаашлаад сургуулиа төгссөний дараа ажлын байрны олдоцыг хүртэл судалж үзэх хэрэгтэй шүү. Энэ бүхний эцэст гарсан хариултаа эцэг эхтэйгээ мөн дахин ярилцаж үзээд эцсийн шийдвэрээ гаргаарай. Танд амжилт хүсье
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх