ЗАХИДАЛ: Төрөл сэтгэлтэн олдохгүй юм шиг санагдаад байна


ССҮТөв | YOLO.MN
2019-02-18

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Төрөл сэтгэлтэн олдохгүй юм шиг санагдаад байна

Сайн байна уу? Би 12 настай, эмэгтэй. Энэ жил би өөр сургууль, өөр ангид шилжиж ирсэн юм л даа. Шинэ ангийнхантайгаа дасаж нөхөрсөг сайхан байгаа ч сэтгэл доторхоо уудлах дотнын найз надад алга. Хуучин ангийнхаа дотно найзуудаа санана. Шинэ ангийн охидоос надтай "төрөл сэтгэлтэн" олдохгүй юм шиг санагдаад байна. Харин шинэ ангийн хөвгүүдтэй найрсаг харилцаатай болж байгаа. Дотнын "төрөл сэтгэлтэнтэй" болохын тулд би яах ёстой вэ, надад туслаач?

ЗӨВЛӨГӨӨ: Ямар ч харилцаа тодорхой үе шатыг тодорхой хугацаанд туулдаг

Сайн уу? Захиа очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Мэдээж шинэ орчин, шинэ найзууд гээд дасахад тодорхой хугацаа хэрэгтэй. Хүн бүр ямар нэгэн зүйлд, орчинд адилхан хугацаанд дасдаггүй. Зарим хүүхэд 1 жил болсон ч шинэ ангидаа дасаж өгөхгүй байхад зарим нь 1 сар хүрэхгүй хугацаанд дасах нь бий. Шинэ найзуудтай болж, шинэ ангидаа дасаж байгаа нь сайн хэрэг. Харин найзуудтайгаа илүү дотно болохын тулд тодорхой цаг хугацаа хэрэгтэй болов уу.

Чи тэднийг ойлгож хүлээж авах, эсвэл тэд чамайг ойлгож хүлээж авахад цаг хэрэгтэй. Зарим тохиолдолд бидэнд бусдыг өөртөө тааруулах биш, бусдад өөрөө таарах хэрэг гардаг. Мөн яг чамтай адил сэтгэлтэй хүн байхгүй учраас өөртэйгөө адилхан найз хайх биш одоо байгаа найзуудынхаа бодол санааг хүндэлж, сонсдог байгаарай. Мэдээж ямар ч харилцаа тодорхой үе шатыг тодорхой хугацаанд туулдаг. Тиймээс өөрийн бодол санаагаа хуваалцаж найзуудтайгаа ярилцдаг байгаарай. Чиний үзэл бодлыг дэмжих, чамд итгэх дотно найз гараад л ирнэ.

Хэрвээ хуучин ангийн дотно найзуудаа санаж байвал уулзаад, утсаар яриад байж болно шүү дээ. Хуучин ангидаа гоё байж дээ гэж бодох биш шинэ ангидаа яавал илүү гоё байх вэ гэдэгт төвлөрөөрэй. Одоо хамт сурч байгаа хүүхдүүд нь чиний анги хамт олон шүү дээ. Амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter