Ч.Чинбат: Бүжиг надад яаж бусдыг хүндлэх, хэрхэн өрсөлдөхийг заасан


Монголд гудамжны бүжгээр хичээллэдэг цөөнгүй залуус бий. Энэ удаагийнхаа ярилцлагын зочноор  гудамжны бүжгийн нэгэн төрөл болох электрогоор чамгүй амжилт үзүүлсэн нэгэн эрхмийг урьсан юм. Тэрээр өөрийн суралцаж буй Монгол улсын их сургуульдаа бүжгийн клуб байгуулан багшилж байгаа бөгөөд олон улсын тэмцээн уралдаанд улсаа төлөөлөн оролцдог түүний биеэ дайчлах чадвараас суралцах зүйл их ажиглагдлаа.

YOLOУрилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өөрийгөө товчхон танилцуулаач?

-Сайн байна уу? Намайг Чинбат гэдэг. Монгол улсын их сургуулийн Бизнесийн сургуульд менежментийн чиглэлээр суралцдаг. Одоо 3-р курс. Электро бүжгийн төрлөөр хичээллэдэг.

YOLOЯагаад энэ төрлийг сонирхох болов? Хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?

-Хятад улсад гурван жил суралцаад Монголд ирснийхээ дараагаар юу хийхээ мэдэхгүй байсан. Тийм болохоор би шинэ зүйлд өөрийгөө сорихоор шийдэн электро бүжиг сонирхож эхэлсэн. Энэ төрөл нь бусад төрлөө бодвол арай сүүлд гарч ирсэн залуу бүжиг. Өөрийгөө илэрхийлэх боломж илүү их, хурц хөдөлгөөн ихтэй, тэсрэлттэй болохоор сонирхолтой байдаг. Одоо бүжиглээд 4 жил болж байна.

YOLOМаш олон тэмцээн, уралдаанд орж байсан байх. Ямарваа нэгэн тэмцээнд оролцохдоо байнга биедээ авч явдаг тийм зүйл бий юу?

-Байгаа, инээдтэй ч юм шиг /инээв/ надад нэг жижиг зоос шиг бөөрөнхий юм байдаг. Зүгээр биедээ байлгадаг зүйл юмуу даа.

YOLOЭнэ жил өөртөө тавьсан хамгийн том зорилго?

-Саяхан Орост болсон нэг бүжгийн томоохон тэмцээнд анх удаа оролцоод ирсэн. Аварга болоход их ойрхон байсан ч чадаагүй. Энэ жил тэр тэмцээнд дахин оролцож аварга болно гэсэн зорилготой байгаа.

YOLOХэнээс хамгийн их урам зориг авдаг вэ?

-Өөрөөсөө урам зориг авдаг. Мөн одоо болтол шантралгүй бүжгийг орхиогүй байгаа хүмүүсийг харж үлгэр дууриалал авч, шантралгүй урагш явдаг.

Өсвөрийн сэтгүүлч Ө.Түмэндарийн хамт

YOLOБага насныхаа мөрөөдлийн тухай яриач.

-Багадаа ямар ч бүжгийн эвсэлгүй бүдүүн хүүхэд байсан зүгээр л хичээлээ байнга хийдэг. Ирээдүйд бүжиглэнэ ч гэж боддоггүй, цагдаа эсвэл мөрдөгч болно гэж боддог байлаа. Хятад явж ирээд энэ бодол маань өөрчлөгдсөн. Харин олон хэлээр ярьж сурна гэсэн мөрөөдөлтэй байсан түүнийгээ биелүүлэхээр хичээж байгаа. Ер нь олон улс орны тэмцээнд орохдоо хэлийг нь мэддэг байвал зүгээр гэж боддог.

YOLOӨмнө байсан Чинбат одоогийн гудамжны бүжигчин Чинбат хоёр юугаараа ялгаатай вэ?

-Мэдээж гадаад үзэмжийн хувьд их ялгаа байгаа байх. Урьд нь зүгээр сурдаг, хичээлээ давтдаг хүүхэд байсан. Өөр хийж чаддаг зүйл байгааагүй. Харин одоогийн "би"-гийн хувьд бүжиглэдэг болсноор хичээлээ хажуугаар нь амжуулах, бэлтгэлдээ явах гээд арай илүү биеэ дааж сурсан.

YOLOМУИС-ийн New Era Dance гээд бүжгийн клубийн тэргүүн гэсэн дээ. Тэгэхээр хичээл, бэлтгэл сургуулилт, клубийн ажил гээд олон зүйлийг хэрхэн төлөвлөж зохицуулдаг вэ?

-Өдөрт 4-5 цаг бүжгийн бэлтгэл хийдэг. Завгүй үедээ бусад юмаа амжуулчхаад шөнө болсон ч хамаагүй бэлтгэл хийнэ. Харин бусад зүйлсээ цаг ашиглаад өглөө хичээлдээ явах зам зуураа эсвэл  түгжээн дунд өдөр хийх зүйлсээ толгойдоо бодоод төлөвлөчихдөг. Сардаа хийх зүйлсээ бол бичиж тэмдэглэдэг.

YOLOБайнга ашигладаг аппликейшн чинь юу вэ?

-Ихэвчлэн дуу хөгжим сонирхож явдаг болохоор Youtube, Sound cloud ашигладаг. Бүжгийнхээ төрлөө дагаад Electro house чиглэлийн аянууд байнга сонсдог доо.

YOLOЗарим хүүхэд залуус бүжигт дуртай ч өөрийгөө эвсэлгүй гэж бодоод бүжиглэхээс зайлсхийдэг. Энэ талаар зөвлөгөө өгөөч.

-Би яг үнэнийг хэлэхэд 1, 2 жилийн өмнөөс л эвсэлтэй болж байна. Бүжиглээд 4 жил болж байгаа хүн шүү дээ. Ерөнхийдөө хүний биед дадал суучихдаг. Заавал байгалиас заяасан байх албагүй. Зарим хүн бүжиглэж байгаа бусад хүнийг хараад шоолж инээдэг. Бусдад шоолуулж шоовдорлогдсон үед л хүн сэтгэлээр унадаг. Харин энэ үед битгий бууж өгөөрэй. Тууштай байж хийж буй зүйлдээ дуртай байх юм бол эвсэл юу ч биш.

YOLOБүжиг хүнд юу төлөвшүүлдэг вэ?

-Бүжиг намайг нэлээн төлөвшүүлсэн гэж боддог. Бага байхдаа ууртай, гараа хумиад суучихдаг тийм л хүүхэд байсан. Гэтэл одоо би гэр бүлээс гадна өөр бүжгээр хичээллэдэг ах, дүү, найзууд гээд олон хүмүүс гэр бүл шиг минь болсон. Бүжиг сайхан  тайвшруулдаг. Маш их мэдлэг өгдөг. Зүгээр л энгийн хөдөлгөөний нэгдэл биш хүн яаж амьдрах ёстойг сургадаг. Бүжиг надад яаж бусдыг хүндлэх, хэрхэн өрсөлдөхийг заасан. Жишээ нь: өрсөлдөж байгаа хүнтэйгээ хэрхэн харьцах, хүндлэх, өрсөлдөх гээд олон зүйл бий.

YOLOСонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа, цаашдын бүх зүйлд нь амжилт хүсье.

-Баярлалаа.

YOLOТүүний дэглэсэн бүжиг

Түүний дэглэсэн бүжиг

#ElectroDance