ЗАХИДАЛ: Тэр залуудаа одоо хүртэл хайртай гэдгийг мэдрэхэд зүрх зүсэх шиг


ССҮТөв | YOLO.MN
2019-01-14

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэр залуудаа одоо хүртэл хайртай гэдгийг мэдрэхэд зүрх зүсэх шиг

Юуны өмнө Yolo-гийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

Сайн байна уу? Дөрвөн жилийн өмнөөс би нэг охинд сайн болсон юм. Их ухаалаг хөөрхөн охин л доо. Гэхдээ тэр охин өөр залуутай үерхэж байгаад салсан юм. Бид хоёр дажгүй харилцаатай боловч түүний нүднээс тэр залуудаа одоо хүртэл хайртай гэдгийг мэдрэхэд зүрх зүсэх шиг л болдог. Тархи минь түүнийг мартахыг хүсэвч сэтгэл минь “Тэр бол намайг жаргалтай болгож чадах, энэ ертөнц дээрх цорын ганц хүн” гэж хэлнэ. Энэ жил сүүлчийн жил болохоор түүнтэй дахиж бараг уулзахгүй тул ямар нэгэн зүйл хийсэн дээр үү, эсвэл зүгээр түүнийг явуулах уу?

ЗӨВЛӨГӨӨ: Хүн сэтгэлээ илчлэх эрхтэй шүү дээ

Сайн уу? Чамд захидал очих өдрийн мэндийг хүргэе. Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа.

Аливаа зүйл тодорхой байх тусам хялбар, ойлгомжтой болдог шүү дээ. Чи асуухгүй л бол түүний бодлыг уншина гэдэг боломжгүй зүйл гэдгийг санаарай. Одоо бол чиний бодол элдэв таамаглал, төсөөллөөр дүүрэн байна. Харин одоо ямар үйлдэл хийвэл, юунд хүрч болох талаар эргэцүүлж үзэцгээе:

1.    Юу ч хийлгүйгээр түүнийг явуулах: Эрсдэл багатай ч бас үр дүн багатай сонголт. “Хэрвээ” гэдэг асуулттай хэвээрээ үлдэнэ.

2.    Зориг гарган ямар нэгэн үйлдэл хийх:  Эрсдэлтэй ч үр дүнтэй сонголт. Учир нь тэр чиний бас чи түүний сэтгэлийг мэдэж авна. Магадгүй түүнээс ямар нэг хариу хүлээлгүйгээр зүгээр л өөрийнхөө мэдрэмжийг бүгдийг үнэнээр нь хэлж болох юм. Хүн хүссэн хүндээ сэтгэлээ илчлэх эрхтэй шүү дээ. Сэтгэлээ илчлэх нь үерхэхийг гуйхаас тусдаа ойлголт.

Хамгийн зөв шийдвэр гэж байдаггүй. Харин хүн гаргасан шийдвэрээ зөв болгохын тулд хичээж хөдөлмөрлөдөг. Бас чи өөрөө л шийдэх ёстой. Өөртөө итгэлтэй байгаарай, чамд амжилт хүсье!

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Б.Алтанзул

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Love, #Letter