КИНО ТЭМДЭГЛЭЛ: Тавтай нойрсоорой, ээж ээ (2015)


М.Тэнгис | YOLO.MN
2019-01-14

Зурагтын оройн хөтөлбөрөөр хүүхдийн найрал дууны хамтлаг бүүвэйн дуу дуулж байна. Тэдний голд зогсох нэгэн бүсгүй найрал дуу дууссаны дараа толгойгоо дэлгэц рүү аажим эргүүлж инээмсэглээд, “тавтай нойрсоорой” хэмээн хэллээ.

2015 оны долдугаар сарын 2-нд Герман улсад анх нээлтээ хийсэн “Тавтай нойрсоорой ээж ээ” сэтгэлзүйн триллер төрлийн уран сайхны кино тийнхүү эхлэх ажээ. Вероника Франц, Зеверин Фиала нарын уг бүтээл хэдий герман хэл дээр хийгдсэн ч олон улсын кино наадмуудаас цөөнгүй номинацад нэр дэвшиж, багагүй шагналын эзэн болсон. Үзэгчдийн сэтгэл ханамжийн хувьд дээгүүр үнэлгээтэй, басхүү “дутуу хөврүүлээд орхисон утасны” нь ээдрээний төгсгөлийг эрэх олон тооны шүүмж, сэтгэгдлүүдийг араасаа дагуулсан энэхүү сонирхолтой уран бүтээлийг үзсэний дараа заавал ч үгүй тэмдэглэл бичих хэрэгтэй мэт санагдсаныг нуух юун.

Кино тун минималист хийцтэй агаад хөгжим, харилцан яриа тун багатайгаараа онцлог. Үйл явдлын хувьд хэр баргийн үзэгчдийн анхаарлыг татахуйц сонин содон, гэнэтийн адал явдал байхгүй, өдөр тутмын эгэл жирийн үйл явдлуудыг ар араас нь залгуулж харуулсан нь киноны уур амьсгалыг түгшүүртэй хэдий ч цаашид юу болохыг сонирхон үзэхэд хөтөлсөн шинжтэй болгож байв. Харин төгсгөлийн хэдэн минутад киноны гол нууц задарч, үзэгчдийн сэтгэлийг эрхгүй хөдөлгөж, уур амьсгал нь дуу алдуулам хэмжээний шилжилтэд огцом үсэрсэн юм. 

ТЭР ИХ ӨӨР БАЙНА

Австрид амьдардаг нэгэн гэр бүл хагацал авчирсан осол тохиосны дараа Германы хөдөө нутаг дахь тансаг байшинд нүүн иржээ. Хоёр давхар тохилог сайхан байшингийн ойр тойронд хүн харгүй зэлүүд. Ойролцоох газарт сэлж зугаацах боломжтой нуур цөөрөм бий. Үүнээс цааш өтгөн ой модод сүндэрлээстэй. Нэг их холгүй бөглүү тосгон орших бөгөөд, харин тэндэхийн хүмүүс нааш ирж чимээ шуугиан болоод байхгүй. Энд хүүхдүүдийн хувьд гансарч хэвтмээр уйтгартай, ажин түжин боловч саяхан нүүн ирсэн ихэр хөвгүүд өөрсдийгөө зугаацуулан, халуун нар төөнөх нозоормоор өдөр хоногуудыг болгоод л байх ажээ. Тэднийг Элиас, Лукас гэнэ. 6-8 настай болов уу.

Ээж нь эмнэлгээс гэртээ ирлээ. Ихрүүд баярлалдан гүйж очтол нүүрээ шархны боолтоор өвч битүү ороосон бүсгүй угтах нь тэр. Ил гарсан нүд, ам хоёроор нь ээжийгээ гэж танив. Гоо сайхны хүндхэн мэс ажилбарт ороод ирсэн ээж нь хөвгүүдээ тийм ч таатай угтсангүй. Тэврэх гэсэн оролдлогынх нь хариуд, “Яасан заваан юм бэ? Явж хувцсаа тайлаад шүршүүрт ор. Хурдал, хурдал!” хэмээн сулхан зандарч, алгаа ташин шавдуулав. Хөвгүүд шил шилээ харан гүйлдэж, ээждээ нэг их гомдож сүйд болсон шинжгүй.

Цэвэрхэн хувцас өмссөн ихрүүд гал тогооны ширээнд сууж байна. Хөхөрсөн нүд нь цагаан боолтын араас цухуйх ээж шилэн аяганд ундаа найруулснаа гагц Элиасын урд тавьчихлаа. Лукас сандал даган аажим гулсаж ихрийнхээ чихэнд нэг зүйл шивнэвэл Элиас: “Ээж ээ, Лукас ч бас уумаар байна гэнэ” гэж дуугарав. Харин ээж, “Тийм юм бол өөрөө асуух нь яасан юм” гэж хүйтнээр ширэв татаад гарч одох нь тэр. Ихрүүдийг ээж нь ялгаварлаж харьцдаг болоод багагүй хугацаа өнгөрсөн бололтой.

Оройн цаг. Ихрүүд орон дээрээ зэрэгцэн хэвтээд гар утасны тоглоом тоглоно. Өдрөөс хойш нүүр үзүүлээгүй ээж нь удалгүй хүрч ирээд утсыг нь үг сүггүй булаагаад авчхав.

-Одоо хангалттай.

-Алив л дээ, ээж ээ. Ихрүүд ээж рүүгээ харан сулхан дуугаар гомдоллов.

-Надад хэлэх зүйл байна.

-Бид тоглож байсан шүү дээ.

-Надад хамаагүй ээ.

-Аав биднийг тоглуулдаг байсан. Элиас ингэж хэлээд нүүр буруулав.

-Аав чинь тэгдэг байсан эсэх надад хамаагүй. Энэ чухал зүйл. Над руу хар!

Ихрүүд дургүйлхсэн байртай бувтнав, “Тэгээд хэлээч дээ”

-Юу гэнэ ээ?

-Юу ч биш ээ...

-Надад амралт хэрэгтэй гэж эмч хэлсэн. Чиний туслалцаа хэрэгтэй байгаа учир хэдэн шинэ дүрэм гаргах хэрэгтэй байна. Би энэ байшинд анир чимээгүй байдлыг хүсч байна. Би унтах хэрэгтэй. Үнэхээр чухал зүйл бол хаалга тогш. Ээжийн эрс шулуухан үгс өрөөнд ар араасаа цуурайтна,

-Ямар ч зочин хүлээж авахгүй. Хэн нэгэн намайг асуувал ээж өвдсөн гэж хэлнэ. Бид хөшгөө хаалттай байлгана. Би нарны гэрлээс хол байх хэрэгтэй. Зөвхөн талбайдаа л тоглоно. Маш чимээгүй. Гаднаас юу ч оруулж ирж болохгүй. Ямар ч мөчир, ямар ч амьтан байхгүй. Элиас ээжийгээ ярьж байх үед орноосоо босч шүүгээ онгичиж гарлаа.

-Чи юу хийгээд байна?

Хүү шүүгээнээс Лукасын хамт нуураас түүсэн хоёр ширхэг дун гаргаж ирээд ээждээ сарвайв, “Нэгийг нь би, нөгөөхийг нь Лукас өгч байгаа юм”

Бүсгүй бодолхийлснээ хоёр дунгийн зөвхөн нэгийг нь аваад, “гоё юм аа” гэж хэлэнгүүтээ гэрэл унтраагаад гарч одов.

Ихрүүд хөнжил дотроо өдрийн болсон явдлыг сэмхэн ярилцах ажээ. Ээж нь огт сайхан зан гаргалгүй зандарч уурссаар байсанд сэтгэл гонсгор байлаа. Мөн мэдээж Лукасыг үл ойшоож байгаа байдал нь эрхгүй хачин санагдана.

-Тэр их өөр байна хэмээн Лукас ам нээв.

-Мэс заслаас болсон байх гэж Элиас шивнээд хөнжил дотроо гэрэл асаалаа.

-Тэгж бодож байна уу?

-Тийм ээ.

-Мэдэхгүй юм даа. Чи түүн шиг хагалгаанд орсон бол юу мэдрэх байсан бэ? гэж Элиас ихрээсээ асуув.

-Мэдэхгүй ээ. Тэр ээж шиг минь биш байна хэмээгээд Лукас, “Ахиад тоглуул даа” гэвэл нь Элиас хөнжлөөсөө толгойгоо цухуйлгаад хөгжимд нэгэн ая тоглуулж эхлүүлээд орондоо оров. Ээжийнх нь ихрүүд рүү илгээж байсан дуут захидал ажээ.

-Ээж нь зөндөө үнэсэлт илгээе. /утасны цаанаас хэдэнтээ үнэсэх дуулдана/ Гэртээ харина гэхээс тэсч ядаж байна. Хөнжлөө нөмрөөд нүдээ аниарай. Ингэж хэлээд ээж нь бүүвэйн дуу дуулж эхэллээ.

“Тод гэрэлтэх оддыг чи харж чадах уу?

Тэнгэрт гялалзах тэдгээр одод.

Хөвөн нисэх үүлсийг чи тоолж чадах уу?

Ногоон талын дээгүүр хөвөх тэдгээр үүлс.

Бурхан минь , эзэн минь тэднийг адислаач.

Унтаж чадахгүй үед нь тэдэнтэй хамт байгаач.

Тэр бүгдийг хардаг.

Тэр бүгдийг хайрладаг.

Тавтай нойрсоорой”

БИД ЭЭЖИЙГЭЭ ЭРГҮҮЛЖ АВМААР БАЙНА

Ихрүүд өдөр хоног өнгөрөх тусам боолтын цаанаас танигдахтай үгүйтэй харагдах хүнийг ээжийгээ гэдэгт эргэлзэх болжээ. Хоёргүй сэтгэлээр ижилхэн хайрладаг байсан ээж нь Лукасыг үзэн яддаг болсон мэт харц буруулж, гагц Элиастай харилцах явдал тэдний хувьд хэрээс хэтрэх мэт санагдана.

Дараачийн өдөр ихрүүд зургийн цомог үзэж суугаад хачирхалтай зүйл олж мэдэх нь тэр. Ээж нь хуримын бүх зургуудаа цомгоос авч хаяжээ. Харин өөртэйгөө усны дусал мэт адилхан нэгэн бүсгүйтэй авахуулсан зураг байх аж. Тэдний ээж ихэр юм гэж үү?

Удалгүй, ээжийнхээ төрөл арилжсан мэт өөр зан араншинг тэвчихээ байсан Элиас нэгэнтээ уурсан хашхирлаа,

-Би ээжийгээ эргүүлж авмаар байна!.. Харин үүний хариуд бүсгүй Элиасыг тас алгадаж орхив. Чингээд хүүг үстэж аваад дээд давхарт чирэн гаргаж, өрөөнд нь ороод хаалгаа түгжих нь тэр. Лукас тэдний хойноос хэчнээн чанга орилж, хаалгыг нь нүдээд нэмэр болсонгүй. Хаалганы цаанаас уурандаа багтарч ядах ээж, айж эмээсэн хүүгийн дуу гарна.

-Та бол миний ээж гэж арван удаа хэл. Хэлээч!

-Та бол миний ээж

-Чанга!

-Та бол миний ээж

-Над руу хараад хэл!

-Та бол миний ээж, та бол миний ээж

- Чанга!

- Та бол миний ээж, та бол миний ээж...

-Одоо энэ тэнэглэлээ зогсоо! Би ахиж чамтай ингэж тоглож чадахгүй, ойлгов уу? Өглөө бүр би нэг л өглөөний цай, нэг л өмсөх хувцас бэлдэж тавина. Тиймээс надад ахтайгаа ахиж ярихгүй гэж амла.

-Үгүй.

Алгадав.-Амлаач! Галзуурахад ганц хуруу дутуу байна шүү, амлаач!

 

Энэ явдлын дараа ихрүүд ээжээсээ зай барихаар нэгэнт шийдлээ. Бие биенээсээ өчүүхэн ч ялгагдахааргүй адилхан болохын тулд үсээ хайчилж, усны дусал мэт адилхан хувцас өмсөв. Хаалгаа даруулж ширээ тавиад дээр нь олон ном өрөв. Чингээд өрөөнөөсөө хамраа ч цухуйлгахгүй хэмээн тогтсон учир лонхонд бие засч, ээлжээр хаалгаа манах боллоо. Шөнө дунд Элиас ээжийн нь гэдэс дотроос олон арван жоом арвалзан гарч ирж байна гэж зүүдэлжээ.

Өглөө болоход ээж нь хаалганы цаанаас эелдэг дулаахан өнгөөр тэдэнтэй ярилцах гэж оролдох нь тэр. “Бид найзууд хэвээрээ биз дээ? Хаалгаа нээчих л дээ”.

Элиас хаалгаа нээвэл ээж нь нүүрнийхээ боолтыг авчихсан байлаа. Ихрүүд ээжийнхээ боолтгүй царайг хэдэн хором ямар ч сэтгэл хөдлөлгүй ширтэн зогслоо. Ээж хүүхдүүд рүүгээ харан дотно инээмсэглэнэ. Өнөөх хуучны царай нь яг мөн. Гэвч яагаад ч юм, ээж нь биш мэт санагдах нь арилсангүй. Тэр нэг л хуурамч харагдана.

Ихрүүд гэрээсээ зугтлаа...

Элиас, Лукас хоёр ой модыг нэвтлэн гарч тосгонд ирлээ. Хамтдаа тосгоны сүмийг хайн олж, санваартнаас тусламж хүсэхээр шийдэв. Сүмд санваартан байсангүй, харин шал шүүрдэн зогсох манаачтай таарвал, тэрбээр ихрүүдийг ламтантай утсаар яриулжээ. Удалгүй ихрүүд санваартны машины арын суудал дээр сууж явлаа.

-Та бид хоёртой хамт цагдаагийн газар орж чадах уу? гэж Элиас асуувал санваартан тэднийг машины толинд зурвас хараад, “Тэгье ээ, асуудалгүй” хэмээн хариулав. Харанхуй болж аадар бороо цутгаж эхэллээ. Гэтэл санваартан ихрүүдийг гэрт нь буцаагаад аваад ирэх нь тэр. Өөрсдөөс нь өөр хэн ч туслаж чадахгүйг тэд ойлгов. Ихрүүд өөрсдийн гараар үнэн мөнийг олохоор шийдлээ.

БИ ТҮҮНИЙГ ХАРЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ!

Бүсгүй нүдээ нээвэл толгой нь айхавтар маналзаж өвдөхийг мэдэрлээ. Тэрбээр хэсэг хугацааны өмнө хүүгийнхээ аймшигт тамлалаас амь гарахаар хар гүйхээрээ зугтаж байгаад хаалганы үүдэнд бэлдсэн урхинд бүдэрч унан ухаан алдсан билээ.

Эргэн тойрноо харан өндийхөөр оролдоод чадсангүй. Бүсгүй шалан дээр хэвтэж байх агаад, биеийг нь газартай хамт цавуугаар наачихсан бололтой. Түүнийг тойруулан нэжгээд тооны лаа асааж тавьсан байхыг олж үзэв. Удалгүй хүү Элиас нь ойртон ирэх нь тэр. Гартаа лаа барьжээ.

-Бидний ээж хаана байна?

Өнөөх л асуулт. Элиас энэ асуултаа хэдэн удаа давтсаныг бүсгүй санах тэнхээгүй болжээ. Чингээд өөр ямар ч арга байхгүйг ухамсарлан өдрөөс хойш олон удаа давтсан хариултаа хэлэхээр ам ангайвал уруул нь тэсэмгүй ихээр хорсч өвдөх нь тэр. Түүнийг дуу гаргахгүйн тулд уруулыг нь цавуугаар наасныг санав.

Бүсгүй энэ өдрийн өглөө орон дээрээ хүлээтэй сэрсэн билээ. Дөрвөн мөчийг нь дөрвөн тийш сарвайлган орны толгойд хүлж орхисныг удалгүй ойлгосон агаад, дэргэд нь зогсох хүү рүүгээ хоолой мэдэн орилж, хүлээс тайлахыг шаардсан боловч тусыг эс олов. Харин Элиас,  “бидний ээж хаана байна?” гэх асуултаа тавьсаар байв. Халааснаасаа нэг зураг гаргаж ирээд, “энэ хэн бэ?” гэж асуувал нь үзвэл өөртэй нь ялгах аргагүй адилхан бүсгүйн хамт авахуулсан зураг байх нь тэр. “Миний найз. Бид хоёр үргэлж адилхан хувцасладаг байсан” хэмээн хариултал хүү итгэсэнгүй.

Удалгүй Элиас гар утсаа гаргаж ирээд бүсгүйд нэгэн бичлэг үзүүлжээ. Бичлэгт бүсгүйн хүүгээ, “Би ахынхаа хэлэхийг дахиж сонсохгүй гэж 10 удаа хэл! Хэлээч!” хэмээн зандарч байгаа дүрс буусан байв. “Миний ээж байсан бол хэзээ ч ингэхгүй байсан юм” гэж Элиас хэлжээ.  Бүсгүйд гэмших сэтгэл төрж, уучлалт гуйсан хэдий ч бас л Элиасыг зөөлрүүлж чадсангүй. Хүлээсийг нь тайлаагүйгээр үл барам тусламж дуудан орилсных нь хариуд уруулыг нь нийлүүлж цавуудсан билээ. Харанхуй болсон хойно сиймхий гаруут зугтаж байгаад бүдэрч унан, одоо ийнхүү сэргэж байгаа нь энэ.

-Би чиний ээж мөн шүү дээ.

Бүсгүй ингэж хэлээд өөрийн эрхгүй эхэр татан уйлж гарлаа.

Элиасын чихэнд Лукас шивнэнэ: “Чи түүнд итгэж байна гэж үү?” Ингэж хэлээд Лукас лаагаа бариад хөшигний дэргэд очиж зогслоо.

-Лукас юу хийж байна? гэж Элиас ээжээсээ асуув.

Тэсэх аргагүй болсон бүсгүй ам нээлээ,

-Элиас. Хоёулаа тэсч гарна аа. Лукас амьдарна. Лукас нас барсан нь чиний буруу биш шүү дээ.

-Лукас юу хийж байна гэж хүү асуултаа давтав.

Бүсгүй уйлан зангирах хоолойгоор арай ядан,

-Би түүнийг харж чадахгүй шүү дээ! хэмээн ориллоо.

БУРУУТАН БУРУУГҮЙ БОЛСОН НЬ

Аюулт осолд өртсөний дараа хоёр ихэр хүүгийн нэг болох Лукас амь үрэгдсэн ажээ. Харин Элиасын сэтгэцэд өөрчлөлт орж, нас барсан ахыгаа амьд мэтээр хажуудаа үргэлж харж, ярилцдаг болсон нь ээжийн уур бухимдлыг эрхгүй барж байсан нь энэ. Харин киноны чухаг хөшүүрэг болсон энэ бүх нууц төгсгөлийн мөчид ил гарч буйгаараа онцлог болж чаджээ.

Кино эхлэхээс дуусах хүртэл үзэгчдийн сэтгэлзүйг ээжийн эсрэг чиглүүлсэн найруулагчийн арга барил тун чиг чадварлаг байлаа. Нүүрээ боосон, хоёр хүүгээ ялгаварлан үзэж адайр аашлах ээжид хамаг асуултын тэмдгийг тохож, харин хөөцөлдөн тоглох гэнэн балчир хоёр хүүд эерэг сэтгэл тээхгүй байхын аргагүй. Харин эцсийн мөчид буруутан буруугүй болсноор кино дууслаа. Гэсэн хэдий ч ажигч гярхай үзэгчдийн хувьд, Лукасыг бодит оршин байхгүй байгааг арай эртнээс ялган ойлгох боломжтой байсныг дурдах нь зүй. Аливаа үйлдлийг гагц Элиас үйлдэж, Лукас хэлэх үгээ түүний чихэнд шивнэж хэлүүлж байв.

Мөн зарим үзэгчийн хувьд Элиасыг ах Лукасынхаа “сүнстэй” харилцдаг байсан хэмээн ойлгох тохиолдол гарах болов уу хэмээн бодож байгаагаа мөн хуваалцъя. Басхүү хий юм хардаг болсон хүүгийнхээ гарт тамлуулж амиа алдаж буй бүсгүй үнэхээр ээж нь мөн байсан уу? Эсвэл мөнөөх зураг дээр гарсан өөрийнх нь ихэр байсан уу? гэдэг үзэгчдэд үлдэж буй үл тайлагдсан асуулт юм. Осолд орж гэмтсэн учир эрүүл мэндийн шалтгаанаар бүсгүй гоо сайхны хагалгаанд орсон байж болох. Нөгөөтэйгүүр ихрүүдийн ээж мөн ослоор амь үрэгдсэн агаад, түүний ихэр нь Элиасын ээж болохоор шийдэж, царайгаа адилхан болгохын тулд мэс ажилбарт орсон байхыг ч үгүйсгэхгүй. Энэ бол үзэгч, уншигч та бүхэнд нээлттэй орхиж буй сонирхолтой хэсэг юм.

Энэхүү киног үзээд өнгөрөхөд ээжийгээ гэх хүүхдүүдийн сэтгэлзүйн тухай бодолхийлж хоцрох нь аргагүй болов уу. Үнэхээр ээжийнхээ халуун дулаан хайрыг эргүүлэн мэдрэх гэсэн, эсвэл ээжийгээ үнэхээр мөн эсэхийг таних гэсэн, хайртай ээжийгээ хаачсаныг мэдэх гэсэн үрийн сэтгэл эцэстээ хачирхалтай үр дүнд хүргэж буйг үзүүлсэн нь найруулагч, зохиолчдын гаргаж ирсэн өвөрмөц шийдэл. Бодит амьдрал дээр хүүхдүүд ээждээ тийм зэргийн хайртай, шаардлага гарвал тэр мэтийн үйлдлийг гаргахаас буцахгүй гэнэн томоогүй, сониучхан байх магадтай биш  гэж үү? Гэхдээ киноны гол дүр Элиас сэтгэцийн хувьд эрүүл биш хүүхэд байсныг санах нь зүйтэй.

Бага балчир хүүхдүүдийн хувьд төсөөллийн найзтай болох үзэгдэл элбэг тохиолддог билээ. Сэтгэцийн эмч нар, сэтгэл судлаачид үүнийг өвчин эмгэгт тооцдоггүй агаад, хүүхдүүд том болж төлөвших тусмаа тэдгээр төсөөллийн найзуудаа мартаж, санахаа болих учиртай гэдэг. Бодит орчлонд байхгүй болсон ахыгаа санагалзахдаа төсөөллөөр бий болгон харилцаж эхэлсэн нь сүүлдээ бодит мэт санагдах болж түүндээ үнэмшин, ах маань нас бараагүй юм байна гэх дүгнэлтэд Элиас хүрсэн ч байх боломжтой. Тийм ч учраас бага насны хүүхдүүд болон дүү нартай эцэг эх, ах эгч нарын хувьд “төсөөллийн найз” хэмээх мартаж болохгүй чухал нэгэн ойлголтын тухай сануулж өгч буйгаараа ач тустай мэт санагдсанаа тэмдэглэл сийрүүлэгч би энд буулгая.

Онц сонирхолтой энэхүү киноны үйл явдал бүрийг шил даран өгүүлээгүй гэдгээ мөн тэмдэглэх нь зүйтэй. Уг бичвэрт ороогүй олон сонирхолтой, хурц өрнөлүүд кинонд бий.

Ингээд танд уг киног үзэх л үлдлээ.

#MovieReview