Шинэ оны эхэнд бид ярилцлага буландаа оны онцлох хүүхдүүдийг цувралаар урьж оролцуулахаар болсондоо баяртай байна. Энэхүү цувралынхаа хамгийн эхэнд урлаг, уран бүтээл номинацад шалгарсан 50-р сургуулийн 8-р ангийн сурагч С.Түмэнжаргалтай ярилцлаа.
YOLO: Оны онцлох хүүхэд шагналыг авахад юу хамгийн их нөлөөлсөн бэ?
Авьяас чадвар маань болон оролцсон тэмцээнүүд болон хамт олны минь тусламж дэмжлэг маш их нөлөөлсөн гэж бодож байна.
YOLO: Өөрийнхөө амжилтаас хуваалцвал?
-Арабын нэгдсэн Эмират улсад зохиогдсон “Junior Model International 2018” тэмцээнд “Гранпри” болон “Super Talent Winner”, Сөүл хотод зохиогдсон “LBMA-star-2018” олон улсын тэмцээнд хамтлаг бүжгийн тэмцээнд багаараа оролцож Гранпри, “12 дугаар шилтгээн” уран сайхны киноны гол дүрд тоглож, Гүрж улсын Батуми хотод зохиогдсон “TOP TEEN/CHILD MODEL OF THE WORLD” олон улсын тэмцээнд “BEST OF BEST PHOTO MODEL” зэрэг амжилтуудыг гаргасан.
YOLO: Junior Model International 2018 тэмцээнд орж түрүүлээд Монгол гэж дуудах үед ямар мэдрэмж төрсөн бэ?
-Mongolia гэж дуудах болгонд сэтгэл зүрх огшоод гоё болдог. PreTeen Grandprix улс Монгол гэж шүүгч болон хөтлөгч хэлэхэд нэг л итгэж чадахгүй уйлах гээд маш их баярласан. Тууз зүүж өгөөд титмээ тэргүүндээ залаад үзэгчдийн өмнө гараа даллаад явахдаа л ийм үйл явдал болсонд итгэж байсан даа. Тэгээд тайзнаас буугаад шууд л Монголынхоо фэйсбүүк найзууддаа мэдэгдэх гээд догдлолтойгоор шууд бичлэг хийж байсан яг л саяхан юм шиг санагдаж байна
YOLO: Тэмцээнийхээ дурсамжаас хуваалцвал
-36 орны 70 гаруй охид хөвгүүд оролцсон. Энэ тэмцээнд охидоос нэг, хөвгүүдээс нэг ялагч тодорсон. Тэмцээн маш сонирхолтой болж өндөрлөсний дараа бид Арабын Нэгдсэн Эмират улсаар аялж, дэлхийд хоёрхон байдаг долоон одтой зочид буудлуудыг үзсэн. Мөн загварын хувцасны их дэлгүүрүүд нь маш сонирхолтой санагдсан.
YOLO: Аль орны оролцогч хүүхдүүд илүү таалагдсан бэ?
-Непал улсын оролцогчидтой дотно танилцаж амжсан.
YOLO: Энэ тэмцээний гол шалгуур юу байсан бэ?
-Гол шалгуур бол англи хэл дээр өөрийгөө танилцуулах. Монгол улсаа болон өөрсдийн түүх уламжлал үндэсний хувцсаа таниулах, загварын алхааны техник, авьяас үзүүлбэр зэрэг чадварууд дээр тулгуурладаг. Мөн бусад орны оролцогчидтой хэрхэн харилцаж байгаа буюу харилцааны соёл шалгуур болдог.
YOLO: Дараа оролцохоор төлөвлөж буй тэмцээнүүд байгаа юу?
-Одоогийн байдлаар 2019 онд зохион байгуулагдах ОХУ-ын Улаан-Үүд хотод “Агуу их цайны зам” олон улсын 6-р их наадмын урилга ирсэн байгаа ба бэлтгэлээ хийж эхэлсэн.
YOLO: Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Би ирээдүйд Голливудын алдартай жүжигчин болохыг хүсдэг. Мөн загварын салбараа ч орхихгүйгээр Vicтoria Secret-ын топ модель болохыг хүсдэг. Бас Miss Universe, Miss World тэмцээнүүдийн тэргүүн титмийг эх орондоо авчирч монголчуудаа баярлуулахыг хүсдэг.
YOLO: Анх тайзан дээр гарж байхад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Анхны юм бүхэн үнэхээр сайхан шүү дээ! Миний анхны тайз “hero king” брэндийн үндэсний болон гадуур хувцасны коллекцын үзүүлбэр байсан. Гоё хэмнэлтэй дуу явахаар л бүжиглээд байдаг болохоор шоуг эхлүүлж алхаад урд поз авахдаа 3, 4 юм хийгээд зургаа авахуулчхаад тайзны ард орчихоод амжилттай болсон болохоор шууд бүжиглээд байснаа санадаг. 9 настай жоохон байсан болохоор сандрал гэдгийг мэддэггүй байсан байх даа.
YOLO: Олон хүмүүсийн дунд хэрхэн биеэ авч явдаг вэ?
-Би хүмүүстэй нээлттэй харилцах дуртай. Хүмүүстэй анхнаасаа нээлттэй харилцах нь дараа нь үл ойлголцол гардаггүй. Үүнийгээ дагаад олны дунд тийм ч даруухан байдаггүй. Гэхдээ даруухан үедээ даруухан, ярилцах үедээ ярилцаад явчихдаг.
YOLO: Өдөр тутам өөртөө ямар зарчим баримталдаг вэ?
-Өдөр болгон заавал бүжгийн болон алхааны бэлтгэлээ хийдэг. Мөн өглөө бүр сэрээд нэг аяга ус уудаг. Өглөөний цайгаа заавал уудаг. Орой 6 цагаас хойш хоол иддэггүй. 7 хоногт нэг ном уншиж дуусгахыг хичээдэг. Шагнал авах үеэр төрийн ордноос бэлгэнд маш гоё номууд өгсөн. Тэдгээр номуудыг бүгдийг нь заавал уншина гэж бодож байна.
YOLO: Нууц биш бол ямар номууд бэлгэнд авсан бэ?
-Хүүхэд залуучуудын нэвтэрхий толины 1 болон 3р ботийг өгсөн. Номоо дэлгээд үзсэн чинь 2018 оны "Оны Онцлох Хүүхэд"-ээр шалгарсан эрхэм дүүдээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, их соёл, зан заншлаа өвлөн дээдэлж, монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөж явахыг ерөөе У.Хүрэлсүх ахаас нь гэж бичсэн үнэхээр сайхан захиас байсан. Бас Монголчууд хэмээх нэртэй Дэмбэрэлийн Өлзийбаатар гуайн сонсдог ном, МУ-ын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ахын гарын үсэгтэй 2 өөр өгүүлэх зүйлтэй сонсдог номууд өгсөн.
YOLO: Гэр бүлийнхэнтэйгээ хэр ойлголцдог болон тэд чинь чамайг хэр тусалж дэмждэг вэ?
-Гэрийнхэнтэйгээ найзууд шиг маш дотно байдаг. Ээж минь миний хамгийн сайн найз, миний туслагч, миний менежер, миний зөвлөгч байж чаддаг. Аав минь намайг хүргэж өгч авдаг, хамгаалдаг миний баатар. Харин сүүлийн үед би өөрөө биеэ даахыг хичээх болсон. Гэр бүлийнхэн минь намайг маш их дэмжиж, зурагтаар гарч байвал хамгийн түрүүнд үзэж, их урам өгдөг болохоор өдий зэрэгт хүрсэн гэж боддог.
YOLO: Ямар хүмүүсээс үлгэр дуурайлал авдаг вэ?
-Би Gigi Hadid-аас үлгэр дуурайлал авдаг, бас түүнийг дэмждэг. Энэ хүн дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой 30 топ модельд байнга багтдаг. Одооноос бэлтгэлээ хийж эхэлсэн болохоор би түүнээс илүү болохоор зорилго тавьсан.
YOLO: 10 жилийн дараа өөрийгөө хаана байгаагаар төсөөлж байна вэ?
-Би 10 жилийн дараа Victoria Secret-ын тайзан дээр гэрэлтэх болно.
YOLO: Оны хүүхэд болоод ерөнхий сайдаас шагналаа авахад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Ерөнхий сайдаас шагналаа авахдаа анх хараад ямар өндөр хүн бэ гэж бодсон. Шагнал гардаж авахад хүүхэд бүрийн хацар дээр үнэсэж, урмын үг хэлээд оны онцлох хүүхдийн цомыг гардуулж өгч байсан. Энэ бол тэр болгон олдоод байхгүй ховор боломж учраас маш их хөөрч баярласан.
YOLO: 2019 ондоо гурван хүсэл биелэх боломжтой гэвэл юу хүсэх вэ?
-2019 онд биелэх боломжтой гурван хүсэл гэвэл хамгийн эхэнд өндөр болох, дараагийнх нь Англи хэлийг эх хэл шигээ сайн эзэмшиж гадаад хүмүүстэй ойлголцож, эх орноо сурталчилж чаддаг болох, сүүлийнх нь гэвэл би чадлаараа хүмүүст туслахыг хүсэж байна.
YOLO: Өөрийнхөө үеийн модель болох хүсэлтэй охидод зөвлөгөө өгвөл?
-Одооноос өөрийгөө бэлдэж эхлэх хэрэгтэй. Агентлагуудад бэлтгэлд явж өөрийгөө нээж энэ салбарт авьяастай үгүйгээ мэдэх хэрэгтэй. Бас өөрийнхөө өндөрт эртнээс маш сайн анхаарах хэрэгтэй ба олон улсад гарахыг хүсэж байвал англи хэлээ маш сайн сураарай гэж зөвлөж байна.
YOLO: Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх