GIRLS киноны гол дүрийн жүжигчид: Охидын үерхлийг хөндлөнгийн нэгэн ШҮҮМЖЛЭХ ЭРХГҮЙ


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2019-01-03

Уй гуниг сэтгэлд дүүрээд ирэхэд үнэнч нөхөрлөлийн түүх эхэлдэг гэдэг. Жаргалтай, зовлонтой бүх цаг үед дэргэд байсан нэгнийг сайн найз гэдэг байх. Охидын үнэ цэнтэй, юугаар ч орлуулж болшгүй нөхөрлөлийн тухай өгүүлдэг GIRLS олон ангит уран сайхны киноны гол дүрийн охидтой уулзан ярилцсан хөгжилтэй, дурсамжтай, ухаарал хайрлахуйц ярилцлагыг хүргэж байна. Сайн найзуудаа бодон ярилцлагаа уншаарай.

YOLOСайн байцгаана уу? Их ажлын дундуур хэсэгхэн зав гаргаад ярилцаж буйд юуны өмнө баярлалаа. Уншигчдад маань өөрсдийгөө танилцуулахгүй юу?

Ч.Сэлэнгэ: Намайг Ч.Сэлэнгэ гэдэг. Одоо 24 настай.

А. Наранхишигт: Намайг Амарсайханы Наранхишигт гэдэг. Одоо 20 настай. СУИС-ийн жүжигчний ангийн хоёрдугаар курс.

Э. Ариунзаяа: Сайн байцгаана уу? Юуны өмнө энэ ярилцлагыг уншиж мөн үзэж буй уншигчид үзэгчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Энхтүвшингийн Ариунзаяа гэдэг. Би СУИС-ийг страд дуулаач мэргэжлээр төгссөн. Одоо Girls олон ангит кинонд гол дүрийн дөрвөн охины нэг Ононгийн дүрээр үзэгчидтэйгээ уулзаж буйдаа маш их баяртай байна.

Б. Сэтгэлтүвшин: Сайн байцгаана уу? Намайг Б. Сэтгэлтүвшин гэдэг. Би 24 настай. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр энэ жил төгссөн. Girls-д Мишээлийн дүр дээр ажиллаж байна.

YOLOGirls 1” киноноос яриагаа эхэлье. Анх Girls-д яагаад тоглохоор болсон бэ?

Ч.Сэлэнгэ: Girls гэсэн төсөл анх яригдаж эхлээд зохиол бичигдсэн. Зохиол бичих үед ер нь дүрүүдийг сонгочихсон байсан. Хүмүүсийнхээ царай зүс, өнгө төрхөд нь тааруулж дүрүүдээ бичсэн. 2018 оны нэгдүгээр сараас төслөө ярилцаж зохиолоо бичин гуравдугаар сар хүртэл хийсэн.

Б.Сэтгэлтүвшин: Түүнээс өмнө сонгон шалгаруулалт зарлан олон охид авьяас чадвараа сорьсон. Тэндээс бид шалгаран киноныхоо нэг хэсэг болон орж ирсэн.

YOLO“Girls 2” киноноос нэг гол дүр маань хасагдан цоо шинэ өнгө төрх болж шинэ дүр орж ирсэн. Өмнөх дүр маань яг яасан юм болМөн шинэ гол дүрийн охин маань кинондоо тэнцсэн тэр үеийнхээ сэтгэл хөдлөлөөс хуваалцаач.

Э.Ариунзаяа: Хүмүүс үүнийг асуудаг л даа. “Girls 1” кино маань зурагтаар гарч байгаа. Та бүхэн үзээрэй. Арван гуравдугаар анги буюу сүүлийн анги дээр өмнөх гол дүр Зулаа  маань хайртай залуутайгаа гадаад явдаг. Ингээд манай шинэ дүр орж ирж байгаа.

А.Наранхишигт: Тэр үед сургууль дээр байсан. Баярлаад шууд багшдаа хэлээд дараа нь аав ээж рүүгээ залгаж хэлээд анги дотроо үсэрч дэвхцээд нэг тийм л юм болсон доо.

Б.Сэтгэлтүвшин: Бас сонгон шалгаруулалт хийсэн. Олон охид ч ирсэн. Гол дүрийн гуравт шинэ дүрийн шалгаруулалт хамаагүй байсан л даа. Гэхдээ л бид “Яг ямар охин авах бол?” гээд догдлоод л байсан. СУИС-ийн жүжигчний ангийн охид мөн мэргэжлийн бус охид ч шалгаруулалтад оролцсон. Тэр дундаас манай Нарка маань шалгарсан. Авьяасгүй хүнийг мэдээж кинонд тэр олон хүнээс сонгож авахгүй. Тэгэхээр энэ хүн маань авьяастай, царай зүстэй. Маш олон шалгуурыг даваад орж ирсэн охин.

YOLOДүрүүдийнхээ онцлогийн тухай яриач.

Ч.Сэлэнгэ: Мэргэжлээрээ дүрүүдийн онцлог товойж тодорч гарч ирнэ байх. Учир нь мэргэжил тухайн хүний зан аашийг харуулж байдаг. Миний дүрийг Сарнай гэдэг. Дүр маань өөрөө жүжигчин мэргэжилтэй. Би ч жүжигчин мэргэжилтэй. Тиймээс амьдралтай минь илүү ойрхон. Жүжигчин хүний гэнэт уйлдаг, гутардаг олон төрлийн эмоцийг нэг дор гаргадгаараа илүү онцлог юм болов уу.

А.Наранхишигт: Миний дүр бол Сара. Америкт олон жил амьдарсан, нэлээн нээлттэй, өөрийнхөөрөө, чөлөөтэй дүр. Монголд ирээд эндэх орчиндоо дасаж өгөхгүй байгаа тийм л дүр.

Э.Ариунзаяа: Миний хувьд эмч Ононгийн дүр. Онон бол их гэнэн цайлган, итгэмтгий, ажилч хичээнгүй. Найзууд дунд байдаг даа. Нүдний шил зүүсэн хичээнгүй, тэгсэн хэрнээ дүрсгүй тийм  охины дүр.

Б.Сэтгэлтүвшин: Миний хувьд дизайнер мэргэжилтэй Мишээл гэдэг охины дүр. Энэ дүр маань найзуудаа илүү манлайлдаг, ажил мэргэжилдээ тууштай, заавал эцсийг нь үзэх хүсэлтэй.  Загварлаг, эмэгтэйлэг, манлайлагч дүр.

YOLOҮзэгчид та бүхнийг бүтээж буй дүрээр чинь төсөөлж дүрээр чинь харж байгаа. Тэгвэл амьдрал гэх энэ том кинонд та бүхэн маань яг ямар дүртэй ямар эмэгтэйчүүд юм бол?

Ч.Сэлэнгэ: Миний хувьд дүртэйгээ хол зөрөхгүй, төстэй талууд их. Гэхдээ мэдээж өөр зүйлс ч бий. Дүр маань хөдөөний охин. Гэхдээ хотод суурьшаад хотжиж байгаа тийм дүр. Ер нь бол би дүрээ өөртэйгөө төстэй л гэж хэлнэ.

А.Наранхишигт: Би бодит амьдрал дээрээ илүү даруу төлөв хүндээ орно. Ямар орчинд ямар байхаа мэддэг. Өөрийнхөөрөө байх үедээ өөрийнхөөрөө байдаг. Тухайн үеийн нөхцөл байдалд тааруулж байдаг.

Э.Ариунзаяа: Би угаасаа өөрөө жоохон сахилгагүй. Би түүнээс ч сахилгагүй байсан. Хүн ээж болохоороо цаанаасаа даруу төлөв болчихдог юм билээ. Заримдаа эд нарынхаа дунд орохоор сахилгагүйтчих гээд байдаг юм. Гэхдээ ер нь намба сууж байгаа.

Б.Сэтгэлтүвшин: Кинон дээрээ дизайнер гэхээр мэдээж зурдаг хүн. Амьдрал дээрээ бол нар ч зурж чаддаггүй хүн. Кинон дээрээ хэтэрхий эмэгтэйлэг, уулга алдалт нь хүртэл маягтай, өөртөө итгэлтэй. Гэхдээ бодит амьдрал дээр бол би тийм ч өөртөө итгэлтэй биш. Эмэгтэйлэг зан тийм ч их байхгүй эршүүд талдаа. Энэ дүр дээрээ ажиллахын тулд их судалгаа ирсэн. Америкаас ирсэн нэг охин яаж уулга алдаж байна гэх мэтчилэн их ажиглаж судалдаг байсан. Тэгж судалж байж дүрээ өөртэйгөө илүү наалдуулсан. Тэгэхгүй бол анх уулга алдаад л аальгүйтэхэд үнэхээр эвгүй байсан. Одоо бол дасчихсан.

YOLOGirls 2 кино Girls 1-ээсээ ямар ялгаатай юм бол?

Ч.Сэлэнгэ: Ялгааны хувьд он цаг үсэрсэн юм бол байхгүй. Төгсгөлийн арван гуравдугаар ангиас хоёр сарын дараагаас үйл явдал эхэлдэг. Эхэлснээсээ хойш амьдралын баяр баясал, гуниг зовлонтой хэсгүүд хөвөрнө. Оюутан байсан хүмүүс төгсөөд яадаг гээд л амьдралтай илүү ойртсон. Найз нөхөрлөл, хайр дурлалын үнэ цэнийг ч харуулна. Илүү амьдралтайгаа ойртсон илүү амьдрал харуулсан кино.

Б.Сэтгэлтүвшин: Girls1 дээрээ өөрсдөө хөдөлмөрлөхгүй эцэг эхээсээ мөнгө авдаг байсан бол энэ кинонд "Сургуулиа төгсөөд лааз өшиглөнө" гэж ярьдаг шүү дээ. “Одоо яах уу, юу хийх үү” гэсэн тийм нөхцөл байдлыг харуулсан. Гэхдээ бүгд зорилгынхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөн буцаад сэргэдэг. Мөн шинэ дүр орж ирээд ямар үйл явдал болох бол гэсэн хүлээлттэй сонирхолтой болж байгаа.

Э.Ариунзаяа: Girls 2 маань Nomadia pictures, Mogul pictures-н хамтын бүтээл болж байгаа. Mogul pictures маань Girls ОАК-ны дараа олон бүтээлийн ард гарсан. Жишээ нь “Адерналин”, мөн монголын анхны эротик олон ангит кино “Love&Sex”. Түүнчлэн шинэ жилийн баярт зориулсан “Дооёо&Girls” бүрэн хэмжээний УСК гэж хэлж болохуйц бүтээлээ бэлэн болголоо. UBS телевизээс зохион байгуулж буй “Комеди марафон” гэх дөрвөн продакшнийг хамарсан шинэ жилийн баярт зориулсан бүтээлүүдийн нэгт манай “Дооёо&Girls” багтсан. Дараагийн уран бүтээл маань мэдээж “Girls 2”. Завсар зайгүй зураг авалттай явсаар одоо киноныхоо гэрийн хэсэгт орчихсон байна. Тун удахгүй хоёрдугаар сарын 20-нд үзэгчид маань “Girls 2” киног хүлээн авч үзэх нь ээ. Үзээд санал бодлоо бидэн рүү илгээгээрэй гэж хэлмээр байна.

Б.Сэтгэлтүвшин: Мэдээж ямар ч уран бүтээл дээр ивээн тэтгэгч байгууллагууд хамтардаг. Манай “Girls 1” дээр “Хангүг косметикс” ивээн тэтгэгчээр ажилласан бол “Girls 2” дээр илүү олон байгууллагууд хамтарч ажиллаж байна. Монос косметикс, Sonia kashuk, Pepsi. Сансар сүлжээ дэлгүүр, Asayake, Makato shop. Abigail jeans. Ивээл брэнд, Batos гээд л дурьдаад байвал зөндөө бий. Хамтарч ажилласан бүх байгууллагуудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

YOLOСанаандгүй унасан сормуусандаа хүртэл хүслээ шивнэдэг байсан бага насныхаа тухай эргэн дурсаач?

Ч.Сэлэнгэ: Олон хүүхдүүдийн бага насанд тохиолдсон байх. Надад ч мөн тохиолдсон. Бага насны минь хамгийн дурсамжтай зүйл гэвэл цагаан сарын буузаа хөлдөөх гээд зогсож байхдаа орцны гадаах төмрөн дээрх мөсөнд хэлээ нааж байсан. Тэр үед аав маань гарч ирээд сандарсандаа угз татаад тал хэл маань тэндээ үлдээд одоо ингээд ургасан /инээв/. Ийм л сайхан дурсамж байна.

Б.Сэтгэлтүвшин: Миний хувьд бага байхдаа гэрийнхээ толинд хоолоо идэж байхдаа хүртэл “Одоо ийм хоол хийнэ. Тэгэхээр энэ амтлагчийг хийж амтлах болно” гээд ганцаараа яриад, удирдлага барьж дуулаад өөрийгөө од болсноор төсөөлж мөрөөддөг байлаа. Тэрийг аав ээж маань хараад урлагийн сургуульд оруулна, охиноо урлагийн хүн болгоно гэж байсан. Тухайн үед өөрөө л мөрөөдөөд байдаг түүнээс биш аав ээж маань ч ингэж боддог гэдгийг мэдээгүй. Аав ээжээсээ сонсчхоод “Би нээрээ л урлагийн хүн болно. Дүрээ мөнхөлнө” гэж мөрөөддөг байсан минь хамгийн дурсамжтай.

Э.Ариунзаяа: Би бол аавын охин байсан. Нэлээн эрх. Бага насны дурсамж асар их. Ээж ааваасаа айгаад үсээ зангидаж гэртээ орно. Шувууны өд олбол миний өд гээд булна. Хамгийн хөгжилтэй түүхүүдийнхээ нэгээс яръя. Манай аав ээж хоёр наймаа хийж бараанд явдаг байсан юм. Тэгээд нэг өдөр эгч бид хоёр эмээгийндээ үеэл эгчтэйгээ үлдлээ. Тэр хоёрын нас ойролцоо болохоор нийлээд намайг жийх гээд байдаг.Түүнд нь гомдоод ганцаараа алхаж явж байгаад нохойд хөөгдөв. Тэгсэн хоёр эгч маань миний хойноос дагаад явж байсан юм билээ л дээ. Би ч айсандаа хашаа даваад гүйчихсэн. Нэлээн өндөр тийм том хашааг яаж давснаа гайхаад байдаг юм. Даваад эргээд харсан чинь нэг эгч маань хойноос даваад буучихлаа. Нөгөөх нь бондгор байсан болохоор хашаан дээр тохогдоод гацчихсан /инээв/. Тэр л хамгийн хөгжилтэй нь байсан даа.

А.Наранхишигт: Би багадаа нэлээн ууртай хүүхэд байсан. Нэг уурлахаараа солиотой юм шиг болчихдог. Ойролцоогоор арван настай л байсан байх. Уурлахаар хамраас цус гараад тогтдоггүй, хамаагүй уурлавал шүүгээнээс заазуур аваад эгч рүүгээ “Би чамайг ална, эсвэл би тагтнаас үсэрлээ” гэж дайраад тагтан дээр суучихдаг байсан. Манайх тэр үед Бор-Өндөрт байсан юм. Яг тэгээд сууж байтал аниа тагтны цаанаас орилоод, аав доороос орилоод би айсандаа доошоо унах шахаж байсан. Аав гялс гүйж ирээд татсанаар амьд үлдэж байсан даа.  Маргааш нь аав намайг мэдчихлээ гэж уурлаад дахиж эгч рүүгээ дайраад... Тэрнээс хойш аавдаа хэд хэлж уйлж аваад уураа барьж сурсан. Арван хоёр настайдаа ангийнхаа охины тархийг бас хагалж байлаа. Нэлээн ууртай байсан даа. Бор-Өндөрт байхад аав “Цэ оръё, Борко” гээд дуудангуут идэж байсан бабулайгаа хашаа давуулж шидчээд гүйгээд очдог нэлээн эршүүд тийм хүүхэд байсан.

Б.Сэтгэлтүвшин: Уурлуулж болохооргүй хүүхэд байна. Би чинь кинонд энэ хүнийг зөндөө уурлуулж байгаа шүү дээ /инээв/.

YOLOБ.Сэтгэлтүшин эгчийн хувьд жүжигчин болох нь багын мөрөөдөл байсан гэлээ. Бусад дүрүүдийн хувьд жүжигчин гэх мэргэжил багын мөрөөдөл байв ууу?

Ч.Сэлэнгэ: Багадаа жүжигчин болохыг л мөрөөддөг байсан. Олдмолоор сонгоогүй /инээв/

А.Наранхишигт: Би Б.Сэтгэлтүвшин эгчтэй адилхан урдаа аав ээж хоёрын утсыг тавиад шампунь ангижруулагч хоёр бариад тайлбарлаад л, багадаа хөтлөгч болно гэж мөрөөддөг байсан. Бас багадаа нэлээн зурдаг байлаа. Ватом цаасан дээр үзэгчид, дээр нь асаж байгаа гэрэл зураад өөрийгөө тайзан дээр ганцаараа байгаагаар зурчихдаг байсан. Ерөөсөө л зурагтаар гардаг, тайзан дээр гардаг тийм л хүн болно гэж мөрөөддөг байсан даа.

Э.Ариунзаяа: Би бол зөндөө юм боддог байсан. Гэхдээ дандаа урлагийн чиглэлээр. Яаж байсан ч урлагаас хазайдаггүй. Цэцэрлэгт байхдаа дуулж эхлээд дуучин болно гэж боддог байлаа. Тэгж байгаад бүжиглээд бүжигчин болно гэж гүйгээд ээж аавдаа загнуулаад дараа нь төгөлдөр хуур сонирхож байгаад сэтгүүлч болно гэж шийдсэн. Би одоо ч бүгдэд нь дуртай. Ээж ааваасаа зөрөн байж СУИС-д шалгалт өгч байсан. Урлагийн хүн болохыг маань гэр бүлийнхэн минь огт зөвшөөрдөггүй намайг хуулийн хүн болгоно гэдэг байсан ч сүүлдээ зөвшөөрсөн. Хэрвээ дуучин мэргэжлээр төгсөөгүй байсан бол эмч ч болчихсон байхыг үгүйсгэхгүй /инээв/.

YOLOЭ.Ариунзаяа, Ч.Сэлэнгэ эгч нарын хувьд  айлын сайн эхнэр үр хүүхдүүдийнхээ сайн ээж нь шүү дээ. Гэр бүлийнхээ тухай яриач.

Ч.Сэлэнгэ: Бид хоёрын гэр бүл хоёулаа урлагийн гэр бүл. Ээж болсон цаг хугацаа нь ч ижилхэн. Яг ижилхэн хүүхдүүдээ гэртээ үлдээгээд киноныхоо төлөө зураг авалтад ороод явж байна. Гэхдээ завгүйгээсээ болж хүүхдүүдээ хайр халамжаар дутуу дулимаг өсгөөгүй гэж боддог. Хүүхдүүд маань ээж аавыгаа бүр нялхаасаа маш сайн ойлгодог. Урлагийн хүмүүсийн хүүхдүүд гэсэн шиг өөрсдөө өөрсдийгөө болгоод хөөрхөн өсөөд торничихдог.

YOLOНөгөө хоёрын маань хувьд хэзээ гэр бүлтэй болох гэж байна вэ? Найз залуу бий юу?

Б.Сэтгэлтүвшин: Миний хувьд найз залуу байхгүй. Би эхлээд өөрийгөө хөгжүүлсний дараагаар нөхөртэй болно гэж боддог. Эмэгтэй хүн нөхрийнхөө гарыг хараад суух биш өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй.

А.Наранхишигт: Би найз залуутай

YOLOЭнэ кино маань хамгийн гол нь охидын нөхөрлөлийг харуулсан шүү дээ. Зарим эрчүүд “Охидын нөхөрлөлийг ямар нөхөрлөл гэдэг юм. Эрчүүдийн нөхөрлөл л яг жинхэнэ” гэж ярьдаг. Тэгвэл охидын нөхөрлөлийн үнэ цэнэ юу юм бол?

Ч.Сэлэнгэ: Бидний киног үзсэн хүмүүс маш сайн ойлгож байгаа байх. Тиймээс киног маань үзээд зөв үлгэр дуурайл аван сайхан нөхөрлөөсэй.

Э.Ариунзаяа: Тэгж ярьж болохгүй. Охидын нөхөрлөл хамгийн шилдэг нь. Тэр тусмаа “Girls”-ын нөхөрлөл. Охид л охидын нөхөрлөлийг мэднэ. Түүнээс биш хөндлөнгийн хэн нэгэн бидний нөхөрлөлийг шүүмжлэх эрхгүй.

Б.Сэтгэлтүвшин: Гол нь  охид нэгнээсээ юугаа ч нуудаггүй. Нэгэндээ маш их итгэдэг. Тэр нь л гол үнэ цэнэ байх.

YOLOМонголынхоо хатан ухаант бүсгүйчүүдийн төлөөлөлтэй уулзаж байгаа юм чинь энэ асуултыг заавал ч үгүй асуух хэрэгтэй байх. Ер нь эмэгтэй хүнд заавал байх ёстой зан чанар юу юм бол?

Охид: Тэвчээр. Эмэгтэй хүн тэвчээртэй байж уучилдаг байх хэрэгтэй.

YOLOШинэ жилийн баяр тохиож байна. Багадаа цасан охид болцгоож байв уу?

Э.Ариунзаяа: Байнга шүү дээ. Энэ жил ч гэсэн цасан охин боллоо. Бид энэ жил “Шидэт шинэ жил” гээд дуу гаргасан. Аяыг Б.Энхсайхан зохиож, үгийг манай Ч.Сэлэнгэ бичсэн. Авьяас нь гэнэт тодроод гэнэт зохиосон доо /инээв/. Хамтарч ажилладаг байгууллагууд дээрээ очин энэ дуугаа дуулж цасан охин болсон.

YOLOХэрвээ бурхан та бүхний гурван хүслийг биелүүлье гэвэл юу хүсэх байсан бэ?

Б.Сэтгэлтүвшин: Би багадаа шидэт дохиуртай болоод дохиураараа хүссэн юмаа хийгээд явж байх юмсан гэж боддог байлаа. Одоо бол яг тийм гээд хэлэх хүсэл сайн мэдэхгүй байна.

Ч.Сэлэнгэ: Хүн богинохон насалдаг. Энэ яваа насандаа хүн урт удаан үүрд амьдраасай биш, энэ олдож байгаа насандаа өвчин эмгэггүй байгаасай гэж хүснэ. Мөн хүн болгон эрүүл орчинд байж, аав ээж хоёр маань урт наслаасай гэж хүсдэг. Мэдээж хүн үүрд амьдарна гэж байхгүй. Гэхдээ ядаж зуу насалж биднийхээ дэргэд байгаасай.

Э.Ариунзаяа: Хамгийн эхэнд энэ утааг л алга болгомоор байна. Бас хүүхэд бүхэн эрүүл энх байгаасай. Харин хамгийн сүүлийн хүслээ өөртөө зориулъя. Миний дотор маш том нэг мөрөөдөл бий. Түүндээ л хүрэх юмсан гэж хүслээ хэлье дээ.

А.Наранхишигт: Бодож байсан бүх хүслийг маань хэлчихлээ. Мэдээж аав ээжийгээ урт наслуулахыг хүснэ, утаа арилаасай гэж хүснэ. Хамгийн гол нь хүн болгон хүн чанартай байгаасай.

YOLOЯрилцлагын маань төгсгөлд уншигчдад маань хандаж үг хэлэхгүй юу?

Б.Сэтгэлтүшин: Yolo.mn болон gogo.mn сайтыг хүн бүр мэддэг байх. Ялангуяа gogo.mn сайтыг хүн болгон хэрэглэдэг байх гэж бодож байна. Би ч мөн байнга уншдаг. Энэ сайтын уншигчдадаа хандаж хэлэхэд цаашдаа ч байнга уншин, хэрэгтэй мэдээллээ авч байгаарай.

Ч.Сэлэнгэ: Би өмнө нь Yolo.mn сайтад мөн ярилцлага өгч байсан. Уг сайтын өсвөр үеийн сэтгүүлчид надад их таалагддаг. Намайг анх СУИС-д суралцаж байхад хоёр хүүхэд ирээд ярилцлага авч байсан. Энэ олон залуу үеийнхэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгаад нь баярлахын зэрэгцээ биднийг зориод ирсэн та бүхэнд маш их баярлалаа.Бидний хувьд ч нэр төрийн хэрэг боллоо. Yolo.mn сайт ч цаашдаа илүү өргөжин тэлж залуу үедээ зөв үлгэр дуурайл болоосой.

Э.Ариунзаяа: Энэ ярилцлагыг уншиж буй бүх уншигчдадаа амьдралд нь аз жаргал хүсье. Урагшаа!

YOLOЯрилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

#GIRLS