ЗАХИДАЛ: Надад аймар гунигтай санагдаад, харуусал төрөөд байна


ССҮТөв | YOLO.MN
2018-12-27

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Надад аймар гунигтай санагдаад, харуусал төрөөд байх юм

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд 

Намайг З гэдэг. Одоогоос бараг гурван жилийн өмнө нэг хүүтэй үерхэж байгаад манай гэр бүл нүүснээс болоод жил гаруй хугацаанд үерхээд бид салцгаасан. Албан ёсоор салсан юм байхгүй ч зүгээр л харьцахаа больцгоосон. Салснаасаа хойш би хүнтэй харьцахгүй байж байгаад сарын өмнөөс л нэг хүнтэй чаталж эхэлсэн үед над руу тэр чатаар “Буцаад нийлье” гэсэн ч би татгалзаад “Хэн хэндээ аз жаргал хүсье” гээд хэлчихсэн. Би угаасаа буцаж нийлэхийг огт хүсэхгүй байна. Саяхан тэр манай найзаас “З одоо намайг тоохгүй байх тээ?” гэж асуусан гэсэн. Үүнийг сонсоод надад аймар гунигтай санагдаад, харуусал төрөөд байх юм. Толгойдоо өөрийгөө түүнийг мартчихсан гэж бодож байгаа ч хааяа хааяа хараад л байх шиг санагдаад байх юм. 

Би яагаад байгаа юм бол? Надад тусална гэж найдаж байна. Баярлалаа

ЗӨВЛӨГӨӨ: Хайрлаж дурлаж байсан хүний талаарх мэдрэмж ор тас алга болдоггүй

Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Чи түүнээс татгалзсандаа харамсаад байгаа хэрэг үү, эсвэл түүнийг гомдоосон гэж ойлгоод санаа чинь зовоод байгаа хэрэг үү? Энэ хоёр мэдрэмжийн яг аль нь вэ гэдгийг өөрөөсөө асуугаад хариулахыг хичээгээрэй. Чи өмнө нь түүнтэй үерхэж байсан. Түүнийг харах эсвэл түүний талаар сонсох үед чамд ямар нэгэн мэдрэмж бодол төрүүлнэ. Хэзээ нэг цагт хайрлаж дурлаж байсан хүний талаарх мэдрэмж ор тас юу ч болоогүй юм шиг алга болдоггүй гэж үздэг. Гэхдээ энэ мэдрэмжээс болж, эсвэл өрөвдсөн сэтгэлээсээ болж гаргасан шийдвэрээ өөрчлөх нь хэн хэнд нь тустай биш. Тэгэхээр эхлээд өөрийнхөө яг юунд гуниглаад байгааг ойлгоод дахин шийдвэр гаргахыг зөвлөе.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Love, #Letter