Өсвөрийн хакерууд FORTNITE-ийг сандаргаж байна


М.Батчимэг | YOLO.MN
2018-12-26

Өсвөр насны /14-өөс дээш настай/ хакерууд 200 сая гаруй тоглогчтой, дэлхийд алдартай видео тоглоом болох Fortnite-ийг хакердаж долоо хоногт хэдэн мянган фунтийн орлого олдог тухай BBC нийтэлжээ.

Эдгээр хакеруудын буруутай нь нотлогдвол 2 жилийн хорих ял эдлэх юм.

Тоглоомыг нь тоглоход үнэгүй байдаг боловч Fortnite-ийн зүгээс тоглогчид өөрсдийн дүрүүдийн дүр төрх болон бусад нэмэлт зүйлсийг өөрчлөх боломжтой “Skins”-г зардаг. “Skins” нь энэхүү хар зах зээлийг өсөн нэмэгдүүлж буй гол зүйл юм. Хакерууд тоглогчийн бүртгэлийг хулгайлж, дотор нь юу агуулсан байгаагаас хамаарч 25 фунт эсвэл бүр хэдэн зуун фунтээр ч худалдах боломжтой байдаг байна.  

Британийн 14 настай хакер нэг өдөрт 1000 гаруй бүртгэл рүү нэвтэрч чадсан бөгөөд хулгайлж эхэлсэн эхний долоо хоногтоо 1500 фунт завшиж, тэр мөнгөөрөө хэд хэдэн тоглоом, дугуй худалдан авчээ. 

Тэрээр хэлэхдээ: “Би ч мөн адил анх хохирогч байсан. Нэг өдөр миний нууц үг өөрчлөгдсөн. Мөн нэвтрэх хоёр хүчин зүйлийг өөр хэн нэгэн нэмж оруулсан талаар и-мэйл ирсэн. Би бүртгэлдээ өөрийн халаасны мөнгө болох 50$-г зарцуулчихсан байсан учир надад харамсалтай байлаа. Өөрийнхөө бүртгэлийг алдсан учир би илүү дээр зүйлсийг (Skins) агуулсан өөр хэн нэгний  хулгайлагдсан бүртгэлийг 25 фунтээр худалдаж авсан. Хэдийгээр энэ нь буруу, хууль бус гэдгийг мэдэж байсан ч маш олон хүмүүс үүнийг хийж түүнээсээ их мөнгө олж байсан учир төд удалгүй би ч гэсэн энэхүү гэмт хэргийн ертөнцөд татагдсан юм.”

Өөрийнхөө веб сайтаар дамжуулж бүртгэл зарж байсан 17 настай хакер долоон сарын хугацаанд 16000 фунт олсон бөгөөд зарим хакерууд өдөрт 50 фунтээс 200 фунт хүртэл орлоготой байдаг ажээ. Гэвч энэ бол баригдахгүй гэсэн баталгаа биш бөгөөд хэрэг нь улам хүндрэх нөхцөл болж буй гэдгийг тэд мэдэхгүй байгаа нь харамсалтай.  

Маш олон хүмүүс бүртгэлээ хакердуулсан тухай гомдлоо твиттер дээр мэдэгдсээр байна.

  • Fortnite-н зүгээс энэ оны гуравдугаар сар буюу хакеруудыг нээн илрүүлсэн цагаас эхлэн хэрэглэгчдийг сонор сэрэмжтэй байхыг сануулж ирсэн бөгөөд одоогоор мөрдөн байцаалтын талаар тайлбар өгөхөөс татгалзсан ч хаягийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд ажиллаж байгаа гэнэ.
  • Үндэсний гэмт хэргийн агентлагаас энэ хэргийн талаар мэдэгдэхдээ: “Тоглоомын салбарыг хууль сахиулах байгууллагатай илүү ойртуулж, залуу үеэ илүү ёс зүйтэй, хуулийг дагаж мөрддөг болгохын тулд эртнээс анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.” гэжээ.

#Crime, #Warning