Хүүхдүүд нэгнийгээ дээрэлхэх, дээрэлхүүлэх нь байдаг л юм гэж БОДДОГ УУ?

YOLO.mn | YOLO.MN
2018-12-24

Эцэг эхтэйгээ чи хэзээ хамгийн сүүлд дотночлон ярьсан бэ? 

Тэдэнтэй тэр бүр ярилцдаггүй, харьцахад төвөгтэй байдаг шалтгааныг юу гэж боддог вэ?

Чи хэн нэгний дарамт шахалтад өртөн, дээрэлхүүлээд эсвэл бусдыг дээрэлхээд байгаа юм биш биз?

Нээлттэй нийгэм форум 2014 оноос хойш үе тэнгийнхний дээрэлхэлтийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрэгжүүлж байна. Нээлттэй нийгэм форум дээр бид нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудын багш нар, судлаач мэргэжилтнүүдийг урьж уг асуудлын талаар ярилцлаа. Ярилцлагаас чухал хэсгүүдийг түүвэрлэн хүргэж байна.

ДЭЭРЭЛХЭЛТ СҮҮЛИЙН ҮЕД ЦАХИМ БОЛОН СЭТГЭЛ САНААНЫ ХЭЛБЭРТ

ШИЛЖИЖ БАЙГАА

Нээлттэй нийгэм форумын Боловсрол, нийгмийн бодлогын хөтөлбөр хариуцсан менежер А.Гэрэлмаагийн ярианаас.

-Үе тэнгийнхний дээрэлхэлт нь нийгэмд хэр хүнд үр дагавартай үзэгдэл вэ?

- Бид хүүхдийн сэтгэл санааны байдал, оролцоо, өөртөө итгэлтэй байдал, сонирхол зэргийг нь дээрэлхэлт хязгаарлаад байгаа учраас ид сурч хөгжих ёстой насандаа байгаа хүүхдүүд сэтгэл санааны дарамтад орж, сурч хөгжих боломжоо алдчих вий хэмээн зовж байна. 

Гэвч бид үе тэнгийн хүчирхийллийг гэмт хэргийн түвшинд авч үзэх зорилгогүй. Тайван, итгэлтэйгээр аливаад оролцоход нь саад болоод байгаа асуудал гэж хараад, үүний сөрөг үр дагаврыг нь ойлгуулаад явбал эвтэй найртай харилцах ур чадварт хүүхдүүд суралцаж, түүний хэрээр хүүхдүүд маань бидний дараачийн үе болоод ирэхээр нийгэм дэх хүчирхийлэл, бухимдал тодорхой хэмжээгээр буурах болов уу гэсэн үр дүнг бид хүлээж байгаа.

Дээрэлхэлт гэдэг ойлголт бол хүчирхийллийн нэг хэлбэр учраас энэ сөрөг хандлагыг засаж залруулахад нь нийгмийн ажилтан, хорооны нийгмийн ажилтнууд багш нарт, өсвөр насны хүүхдүүдэд өөрсдийнх нь оролцоотойгоор эерэг хандлагыг бий болгох чиглэлээр ажиллаж байна. Энэ талын судалгаа манай оронд төдийлөн хийгдээгүй ч олон улсад нэлээн судлагдчихсан үзэгдэл.

-Манай оронд хэр түгээмэл үзэгдэл вэ?

-Дээрэлхэлт байдаг ч үүнийг багш нар мэддэггүй. Нүдэн дээр нь бие биенээ дээрэлхдэггүй учраас багш нар “манай сургууль дээр дээрэлхэлт байхгүй” гэж ярьдаг. Сүүлийн үед хүүхдүүд сургууль дээр зодолдохоо больчихсныг багш нар дээрэлхэлт багассан гэж бодоод байгаа. Үнэн хэрэгтээ дээрэлхэлт сүүлийн үед цахим болон сэтгэл санааны хэлбэрт шилжиж байгаа гэдгийг ахлах ангийн хүүхдүүд өөрсдөө ярьж байна.

Бүр 2007, 2008 онд БСШУСЯ-ны болон бусад судалгаагаар өсвөр насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь дээрэлхэлтэд өртдөг ба тэрхүү дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийн 40-50 хувь нь:

  • шөнө унтаж чаддаггүй,
  • сургуульдаа явдаггүй,
  • сургуульдаа явахаас зайлсхийдэг,
  • ганцаараа байхыг хүсдэг,
  • үүнийгээ ухаж бодсоор байгаад сэтгэлээр унадаг гэж онцолсон байсан.

ДЭЭРЭЛХҮҮЛЭГЧ БАЙХАД ГЭР БҮЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛ НӨЛӨӨЛНӨ

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш, докторант Т.Оюунбилэг:

-Яагаад хүүхэд дээрэлхэгч, дээрэлхүүлэгч болдог юм бэ?

-Дээрэлхэлтэд ажиглагч, дээрэлхэгч, дээрэлхүүлэгч гэсэн гурван тал байдаг. Гэр бүлийн орчин нь хүчирхийлэлтэй, хүүхдүүдтэйгээ дээрэнгүй хүчирхийлсэн байдлаар харьцдаг бол хүүхэд нь дээрэлхэгч болох хандлагатай.  Яг үүнтэй адил дээрэлхүүлэгч байхад бас гэр бүлийн хүчин зүйл нөлөөлнө гэсэн хамаарал судалгаагаар гарсан.

-Энэ тал дээр ямар нэгэн ажил хийх шаардлагатай гэсэн үг үү?

-Эерэг эцэг эхчүүд, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг дэлгэрүүлэхэд эцэг эхчүүдийн дунд дэмжих бүлэг байгуулах санал санаачилга байвал тохиромжтой юм гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм. Түүнчлэн “Эерэг эцэг эхчүүд” гэсэн хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж болох юм гэсэн санал санаачилгыг хамтарсан багийн гишүүдийнхээ хүрээнд хийсэн сургалтаар тодорхойлсон. Тодорхой хэмжээнд үр дүнд хүрэх байх гэж бодож байна. 

-Юунаас болж хүүхдүүд нэгнийгээ дээрэлхээд байна вэ?

-Өсвөр насныхан их хийсвэр төсөөлөлтэй. “Би”-гээ батлах гэж утга учир хайдаг. Тийм учраас өсвөр насны хүүхдүүдийн хувьд тэднийг байгаагаар нь хүлээж авах орчин, дэмжлэгийг хүлээж, харж байдаг юм байна. Гэтэл ангийн багш, эцэг эхчүүдийн зүгээс дандаа тэгш бус, эрх мэдэлтэй, зааж зааварласан байдлаар харилцдаг. Ийм учир өсвөр насныхан эцэг эхтэйгээ сайн харилцдаггүй, сургуулийнхаа багштай нээлттэй харилцдаггүйгээс хоосон орон зай үүссэн нь бидний хийсэн ажиглалтын явцад харагдсан. Үр дүнд нь өсвөр насны хүүхдүүд асуудлаа найзууддаа л ярьдаг. Шалтгаан нь өсвөр насныханд маш сайн сонсогч хэрэгтэй. Хоёрдугаарт, өсвөр насны хүүхэдтэй хамтардаг ойрын хүн хэрэгтэй. Гэтэл яг энэ сонсогч байх, хамтардаг байх гэсэн орон зайг найз нөхөд нь л нөхөж өгч байгаа. Иймд сургуульд түшиглэсэн, өсвөр үеийнхэн дунд, өөрсдийнх нь оролцоог хангасан хөтөлбөр хэрэгтэй.

Тиймээс “Эцэг эхчүүдийн дэмжих бүлэг” төслийг бид санаачилсан. Бидний гаргаж буй гол санаа бол яаж хүүхдээ сонсох вэ, хүүхэдтэйгээ яаж тэгш харилцаа үүсгэх вэ, хүүхдэдээ нийгмийн харилцаанд эерэг байгаа гэдгээ яаж үлгэрлэн харуулах вэ гэдэг сургалт мэдээлэл, ухуулга сурталчилгааг хийх боломжтой.

"БИДНИЙГ СҮРТЭЙ ШДЭЭ, ТЭГЖ Л БАЙДАГ ГЭЖ БАЙХ ЗУУР ТЭНД ХҮҮХЭД АМИА ХОРЛОХ ТУХАЙ ХҮРТЭЛ БОДОЖ БАЙДАГ"

МУБИС-ийн Нийгмийн ажил арга зүйн тэнхимийн ахлах багш  М.Нямдорж:

-Үе тэнгийнхний дээрэлхэлтийн талаарх хүмүүсийн хандлагад ямар учир дутагдал байна гэж үздэг вэ?

-Дээрэлхэх үзэгдэл нь хоёр буюу түүнээс дээш хүн цугласан газар хүч, эрх мэдлээрээ давуу нэгэн нь энэ талаараа дутуу байгаа хэсэгтээ ямар нэгэн байдлаар шахалт дарамт үзүүлдэг үйл явц гэж үзэж болох юм. Дээрэлхэлт, дээрэлхэх гэдэг талаар ойлголт мэдлэг бага байна гэж хэлэх бас хэцүү. Хүн бүр мэддэг, хамгийн гол нь байдаг, байх ёстой хэвийн зүйл  гэдгийг нь хүлээн зөвшөөрчихсөн байгаа нь хор уршигтай. Хүүхдүүд “Сургууль дээр тэр намайг ингэж хэллээ, ингэж доромжиллоо, намайг дээрэлхээд байна” гэж хэлэхээр эцэг эх, багш нар үүнийг асуудал гэж үздэггүй. “Байж л байсан юм чинь” гэдэг. Хүүхдүүд бие биенээ  хочилж л байдаг, дооглож байдаг, энэ бол байдаг л юм ш дээ. Юун сүртэй юм гэх маягаар ханддаг. Эсвэл хүүхдээ өмөөрөөд, учир шалтгааныг тогтоолгүй асуудлыг улам хурцатгадаг.

-Тэгвэл буруу хандлагын хор холбогдол хэрхэн илэрдэг вэ?

-Тэгэхээр байгаа асуудлуудыг хүн бүр мэдэж байгаа боловч үүнийг багасгах, таслан зогсоох талаар ямар нэгэн зүйл хийгддэггүй. Бусад улс орнуудын хувьд энэ асуудлыг чухал гэж авч үздэг юм байна. Яагаад гэвэл сургууль дээр хүүхдүүд бие биенээ дээрэлхсэнээс дээрэлхүүлсэн хүүхэд сургуульдаа явах дургүй болохоос эхлээд сэтгэл санааны хувьд хямрах, тухайн үед эвгүй байдалд орох, амиа хорлоход  хүргэж болзошгүй учраас үүнд анхаарлаа хандуулдаг. Тэгэхээр бид  хүссэн хүсээгүй энэ асуудал дээр ажиллаж эхлэх шаардлагатай гэдэг нь харагдаж байна. Харин дээрэлхэлт гэдэг нь чухам юуг хэлэх вэ учир шалтгаан нь юу вэ, яаж таслан зогсоож болох вэ гэдэг талаар нэгдсэн цэгцтэй ойлголт бий болгож ажиллах хэрэгтэй байна.

-Дээрэлхэлтийн талаарх уламжлалт ойлголтыг эвдэх асуудал тулгадаг талаар мөн дурдагдаж байсан?

-Түрүүн хэлсэнчлэн монгол хэлэнд эртнээс дээрэлхэх гэдэг үг байна гэдэг нь энэ үзэгдэл бүүр эрт үеэс байж л байсан гэсэн үг. Бид энэ ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх талаар сургалтууд хийж байсан. Сургалт бүрийнхээ өмнө оролцогчдоос  “Хүүхэд байхдаа ямар нэгэн байдлаар хэн нэгэнд дээрэлхүүлж байсан, эсвэл хэн нэгнийг дээрэлхэж байсан хүн байна уу?” гэж заавал асуудаг. Тэгэхэд оролцогчид ямар нэгэн байдлаар бүгд л “байна” гэдэг. Энэ нь уг үзэгдэл түгээмэл байсан, одоо ч байгаа гэдгийг харуулж байна. Харин одоо хийх шаардлагатай байгаа зүйл бол үүнийг асуудал гэж авч үзэх явдал юм. Хор хохиролтой, сөрөг үр дагавар ихтэй гэдгийг нь авч үзэн, үүнээс хүүхдүүдийг хэрхэн хамгаалах вэ гэдэг чиглэлээр ажиллах шаардлагатай болж байна.

-Гадаад улс оронд илүүтэй судлагдсан ухагдахуун гэсэн. Тэдний туршлага юу байдаг бол?

-Би саяхан АНУ-д дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг Олон улсын холбооны хуралд  (IBPA) оролцоод ирлээ.  Дээрэлхэлтийг бие даасан асуудал гэж авч үздэг бөгөөд энэ талаар  мэргэжлийн хүмүүс тусгайлан ажиллаж байна.  Мөн энэ талаарх ойлголт, дээрэлхэлтийн төрөл, хэлбэрийн талаар ангилал нарийн тодорхой болж байгаа нь харагдаж байна. Манай орны хувьд ч сургуулийн  захиргаа энэ талаар онцгойлон анхаарах, сургуулийн нийгмийн ажилтнууд дээрэлхэлтэнд өртсөн болон дээрэлхээд байгаа хүүхдүүдтэй ажиллах нь өнөөгийн хэрэгцээ болоод байгаа юм.

ХҮҮХДҮҮД ҮҮНИЙГ ДАВАН ТУУЛААД ГАРДАГ ГЭСЭН ХЭВШМЭЛ

ОЙЛГОЛТ БАЙНА

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн ахлах багш С.Туяа (Ph.D):

-Дээрэлхэх үзэгдэл гарахад хүргэж буй хүчин зүйлсийн тухайд?

-Дээрэлхэлтэнд дээр дурдсан хувь хүний хүчин зүйлүүд нөлөөлөхөөс гадна гэр бүлийн хүчин зүйл, нийгмийн зэрэг томоохон хүчин зүйл нөлөөлнө. М.Нямдорж багшийн хэлсэнчлэн энэ асуудал бидний соёл, уламжлал дотор орчихсон, хамт яваад байгаа нэгэн элемент юм. Хүүхэд байхдаа дээрэлхүүлж л байсан, үүнийг хүүхдүүд даван туулаад гардаг гэсэн хэвшмэл ойлголт эцэг эх, сургууль, анги танхимын хүрээнд, цагдаагийн хүрээлэлд ч байна. Иймд том хүмүүс харилцаанд маш хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ тохиолдолд урьдчилан сэргийлэх, эрсдэлийг нь бууруулах зүйлүүдийг ярих шаардлагатай.

Жишээ нь, дотуур байранд амьдардаг оюутнуудын дунд дарамт дээрэлхэлтийн судалгаа хийж үзсэн. Тамхинд гүйлгэдэг, хөдөө орон нутгаас ирсэн хоол хүнсийг нь авдаг, тэр бүү хэл хувцасыг нь хүртэл булааж өмсөөд явдаг, шөнийн 12 цагт цонхоор архинд гаргадаг зэрэг давтамжтай зүйлүүд гардаг байсан. Дээрэлхэгчид үүнийг гэр бүлийн орчноосоо сурсан. Тэрхүү зан суртахуун засагдахгүй явсаар байгаад л нийгэм рүү орж буй жишээ юм. Энэ байдал нь гэр бүл байгуулахад ч гэсэн илэрч болох бөгөөд тухайн гэр бүлийн хүүхдүүдэд уламжлал, соёлын элемент болоод явах тасралтгүй харилцаанд орсон байдал ажиглагдаж байна.

Тэгэхээр бид харилцааны энэ асуудлыг зөвхөн өсвөр насны хүүхдүүд рүү чиглүүлэхээс гадна гэр бүл, нийгэм рүү ч чиглүүлэх хэрэгтэй.

-Мөн багшийн харилцаа үе тэнгийнхний дунд дээрэлхэлт гарах нөхцөл болж болох уу?

-Үе тэнгийн хүүхдүүдийн хоорондын харилцаанаас гадна багш, хүүхэд хоорондын харилцаанд асуудал ажиглагдсан. Нэгэн асрамжийн газар ажиллаж байхад сургууль завсардсан нэгэн охин байсан. Түүний сургууль завсардсан шалтгаан гэвэл тэр охин анги удирдсан багшдаа “Би асрамжийн газар байдаг юм. Та манай ангийнханд битгий хэлээрэй” гэж хэлж. Тухайн хүүхэд ангидаа их нэр хүндтэй, сагс сайн тоглодог, найз нөхөд олонтой байсан. Гэтэл охины битгий хэлээрэй гэсний дараа багш нь ангийнхандаа “Энэ хүүхэд асрамжийн газрынх юм байна. Та нар болгоомжтой байгаарай. Юмаа алдах вий” гээд хэлчихсэн. Тэр цагаас охиныг ангийнхан нь ялгаварлаж эхэлжээ. Хамтдаа тэмцээн уралдаанд ордог байснаа ч больж, тоохоо больсон. Энэ байдал давтагдсаар байгаад тэр хүүхэд сургууль завсардсан байдаг.

Тэгэхээр энэ асуудалд хандахдаа зөвхөн үе тэнгийнхэн гэхээс илүүтэй хүрээгээ өргөн болгох хэрэгтэй.

#Bulling