Т.Саруултөгс: Крис Брауны ард бүжиглэхийг үгүйсгэхгүй


Цацаа | YOLO.MN
2016-06-10

“АНУ -ын алдарт дуучин Крис Брауны бүжиг дэглээчидтэй "Aim4R Production" хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаа мэдэгдэхэд таатай байна. Зургаадугаар сарын 16,17,18 -ны өдрүүдэд "Aim4R Dance Festival" олон улсын анхны бүжгийн арга хэмжээгээ хийх болно. Гайхамшиг үргэлжилсээр...” хэмээн “Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч, “Aim4R Dance studio”-гийн захирал, “Aim4R Production”-ы  үүсгэн байгуулагч Т.Саруултөгс бичиж байв. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

YOLO: Дуучин Крис Брауны бүжиг дэглээчтэй хамтарч ажиллахаар болсон гэлээ. Ямар гэрээнд гарын үсэг зурсан бэ?
Крис Брауны бүжиг дэглээчид байнга солигдож байдаг. Яагаад гэвэл Крис Браун өөрөө Майкл Жексон, Жэймс Браунтай ижил хэмжээнд дэлхийн хамгийн шилдэг энтертейнер байхын тулд тухайн цаг үеийн шилдэг бүжиг дэглээчидтэй хамтарч ажилладаг.
Альбом болгонд түүний бүжиг дэглээч солигддог юм билээ.  Хамгийн сүүлд өөрийнхөө охины нэрээр нэрлэсэн “Royalty” альбомдоо Японы бүжиг дэглээч Ри Хата болон түүний нөхөр Дий Бласттай хамтарч ажилласан.

Би гуравдугаар сард Сингапурт “Summer jam dance” camp сургалтанд оролцохдоо анх удаа тэдэнтэй уулзаж байлаа. Би тасралтгүй найман жил бүжиглэж байна. Гэхдээ  Ри Хататай уулзаад бүжгийн сургалтанд нь суусны дараа 21-р зуунд, 2016 онд бүжгийн ямар хэв маяг моодонд орж, хөгжмийн хэмнэлд хүмүүс яаж бүжиглэж байгааг хараад энэ хүн заавал Монголд ирэх ёстой гэдгийг ойлгосон.

Монголчууд дэлхийд Монголоос гадна ийм юм байдаг гэдгийг мэдэх ёстой гэж бодсон юм. Монголд ирээд “Jam Republic” агентлагтай холбогдож, Монголд зохион байгуулах гэж байгаа үйл ажиллагаагаа танилцуулаад тэднийг авчрахаар болсон.
 

Ри Хатагийн дэглэсэн бүжиг

YOLO: "Aim4R Dance Festival"  наадам нь ямар арга хэмжээнүүдээс бүрдэж байна вэ?
Урьд нь бүжгийн томоохон арга хэмжээ Монголд болж байсан ч бид өөрсдийн нэр дээр хийж байгаагүй. Дандаа олон улсын тэмцээнүүдийн салбар болгон зохион явуулж байлаа. “Aim4R  production”-ы таван жилийн ой энэ жил тохиож байгаа учраас өөрсдийн нэр дээр томоохон үйл ажиллагаа зохион байгуулж дараагийн түвшиндээ орж, ахих ёстой гэж үзсэн.

Энэ удаад гадны хоёр бүжиг дэглээч өөрсдийн менежертэйгээ ирж байна. “Aim4R Dance Festival”-ийг бид зургаадугаар сарын 17-ны өдөр “Женко Тур”-ын зохион байгуулж байгаа “Хүннү Мюзик Фестиваль”-тай хамтад нь нэг багц байдлаар хийнэ. “Хүннү Мюзик Фестиваль”-д дандаа гадаад DJ  нар ирдгээрээ алдартай. Монголд хамгийн чанартай party болдог.

YOLO: Энэ фестивальд хэчнээн бүжгийн баг оролцож байна вэ?
Фестиваль олон хэсэгтэй.  Бүжгийн сургалт, шилдэг бүжигчин шалгаруулах халз тулаан, хамтлаг бүжгийн УАШТ болно. Шүүгчээр гадны энэ хоёр бүжигчин маань сууна. Мөн  хоёр бүжигчин маань сургалтын үеэр Монголын шилдэг бүжиг дэглээчидтэй хамтдаа туршлага солилцох байдлаар хичээл заана. 16 болон 18-ны пүрэв, бямба гаригуудад бид Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Хар сувд онгоцон дээр сургалт явуулна. Хоёр өдрийнх нь такс нийтдээ 10 мянган төгрөг юм. Бүжгийн халз тулаан болон хамтлаг бүжгийн УАШТ нь энэ сарын 17-ны 12:00-19:00 цагт Цонжин болдогт "Хүннү мюзик Фестиваль"-тай болно. Тэнд хоёр бүжигчин очиж шүүлтээ хийгээд, оргил цаг дээр нь өөрсдийн үзүүлбэрийг үзүүлэх юм.

YOLO: Гадны бүжгийн түвшин манайхаас ялгарч байна гэсэн. Өөрийн тань ажигласнаар юу нь анхаарал татаж байв?
Бүжиг бол их хотын соёлын нэг хэсэг. Их хотын соёл гэдэг үгийг ихэвчлэн бид party-нуудаас сонсож байна. Гэвч их хотын соёл бол олон хүн нэг дор амьдрах харилцаа юм. Энд залуучуудыг нэгтгэж байдаг нэг зүйл бол залуучуудын хувьд хөгжим байдаг. Энийг дагаад бүжиг тусдаа бие даасан соёл болчихсон. Хөгжим, хувцаслалт, мэдрэмж, харилцаа бүх зүйл Монголоос өөр түвшинд байна. Гэтэл бид өөрсдийнхөө баримжаагаар яваад байдаг. Олон улстай харьцуулахад Монголд уранхай жийнс өмсдөг хүмүүсийг ойлгохгүй байна. Trap  хөгжим хөгжөөд байгааг ойлгохгүй, хуучин мэдрэмж дээрээ яваад байна.

Ялангуяа бүжиг, орчин үеийн хөгжимд хуваалцах, чадах чадахгүй нь хамаагүй хоорондоо хуваалцдаг соёл хамгийн чухал. Энэ соёл хөгжчихсөн газар хүмүүс хамтдаа маш хурдан хөгждөг. Тийм мэдрэмжүүд Монголд орж ирэхгүй бол бид эндээ хэчнээн хичээгээд хэлбэр дүрсийг дуурайгаад хөгжиж чадахгүй. Тийм болохоор бид гадаад хүмүүстэй харилцаж, нэг бол өөрсдөө очиж, эсвэл тэднийг авчирч их хотын соёлыг төлөвшүүлэх ёстой. Монголд баримжаагаар их хотын соёлыг хөгжүүлэх боломж алга байна. Ийм мэдрэмж гадаадад байна гэж үгээр хэлж чадахгүй ч реклам дээрээс хардаг, төсөөлдөг эрч хүч үнэхээр тэнд байдаг.

YOLO: Танай продакшн сургалтуудаас гадна ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
Сүүлийн үед бид Төрийн соёрхолт дуучин Д.Болдын Channel 11 сувагтай хамтраад “Туйлаас дээгүүр” реалити шоу хийж байна. Удахгүй дэлгэцнээ гарна. Дээр нь Mongol HD  телевизтэй хамтраад “Time to go буюу Төгөөгийн цаг”  гэсэн аяллын нэвтрүүлэг хийгээд, эхний зургаан дугаар нь бэлэн болчихсон байна. Бас энэ зуны төлөвлөгөөгөөр дахиад дөрөв, таван улсаар аяллын дугаар бэлтгэх гээд төлөвлөж байна. Гадаадаар явж их хотын соёл гэж юу вэ гэдгийг өөрөө танилцаж, давхар бүжиглэж явдаг нэвтрүүлэг юм.

Мөн анх удаа бид “Aim4R  Dance festival”-ийг хийх гэж байна. Энэ зундаа бид олон хүнд зориулсан сургалтуудыг хийхээр төлөвлөж байна. Есдүгээр сараас манай "Aim4R" сангийн үйл ажиллагаа эрчтэй ажиллах болно. Бидний төрсөн өдөр есдүгээр сард болдог учраас таван жилийнхээ ойдоо зориулан өмнөх таван жилийн хугацаанд гаргасан тооны бичлэгээ энэ зундаа бататгаж, тэр хэмжээний уран бүтээлийг гаргая гэсэн төлөвлөгөөтэй байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд бүжиглэдэг залуусын тоо нэмэгдэж 5000-6000 шавьтай болсон. Цаашлаад энэ тоо маань улам ихээр нэмэгдэх хандлагатай байна. Фэйсбүүктээ нэг зураг тавихад л 10 мянган гаруй лайк авч байдаг. Бидний пэйжний лайк 400 мянгад хүрлээ. Тэгэхээр бид хангалттай хүнд хүрдэг болчихсон гэж боддог.

Их хотын соёлоор граффит, DJ хийх, үглэх, бүжиглэх, паркур хийх гэх мэтийг нэрлэж болно. Энэ дундаас хамгийн хүчтэй нь гудамжны бүжгийн нэгдэл болчихоод байна. 2016 оны “Авьяаслаг Монголчууд”-д манай бүжигчид орно. Зөвхөн Төөгөө гэж соло уран бүтээлч байсан бол энэ удаад томоохон хамтлагуудыг харах боломжтой юм.

YOLO: “Туйлаас дээгүүр” реалити шоугаар үзэгчдэд юу хүргэх вэ?
Юм болгон гадаад нэртэй байгаа болохоор бид “Туйлаас дээгүүр” гэсэн Монгол нэр  өгсөн. Манайхан “би гэдэг үгэнд бус бид гэдэг үгэнд хүч байдаг” гэсэн философтойгоор ажлаа хийдэг учраас хүмүүс рүүгээ хандъя гэсэн үүднээс хийж байна. Хүн  сэтгэлгээнээсээ хамаараад өөрийгөө "чадна", "чадахгүйд" хувааж байдаг. Ямар ч хүнд чадвар байгаа учраас туйлаас дээгүүр давуулна гэсэн утгатайгаар ийм нэр өгсөн.  Сонгон шалгаруулалтыг жилийн өмнөөс явуулаад 1000 гаруй бүжигчнээс сүүлийн шатанд дөрвөн бүжигчин үлдээд байна. Удахгүй ялагч маань тодрох болно.

YOLO: "Aim4R production", "Aim4R dance studio"-гийн үйл ажиллагааны чиглэл нь ямар ялгаатай юм бэ?
"Aim4R Production" илүү өргөн хүрээнд гудамжны бүжгийн хөгжилд хувь нэмрээ оруулах талаасаа чиглэн ажилладаг. Үндсэн таван гишүүнтэй. "Aim4R Dance studio" нь бүжгийн сургалт, бүжигтэй холбоотой бүх л үйл ажиллагааг явуулдаг. Бид есдүгээр сараас зөвхөн бүжиглэдэг залуусын нэгдэл биш бүх л залуучуудын төлөөлөл болсон нэгдэл болох гээд төлөвлөлтийн шатан дээрээ явж байна.

YOLO: Энэ зуны та бүхний төлөвлөгөө?
Энэ зун бид уран бүтээлээр л бөмбөгдөнө дөө. Гол нь есдүгээр сараас залуус юу хийж бүтээх вэ гэдгээс төлөвлөчихсөн орж ирдэг. Тэр бүх төлөвлөлтөнд бид нөлөөлмөөр байна. Бүжгийг өсвөр насны хүүхдүүдийн хийдэг зүйл гэх хандлага Монголд байдаг. Тэр хандлагыг өөрчилж байна. Их хотын цоглог залуус гэдэгт яагаад бүжгийг холбодог, хамгийн эрч хүчтэй залуустай рекламанд яагаад бүжигчид байдаг гэдгийг хүмүүст таниулах үүднээс бид ажиллах болно.

Энэ бол эрүүл амьдралын хэв маяг, эрч хүч, хөдөлгөөн. Үүнийг дагаад байнгын залуу байх сэтгэлгээ дагалдаж байна. Өдөр болгон сурахгүй л бол бид хэзээ ч энэ хөгжлийг гүйцэхгүй. Монгол бүжиг шиг тогтсон хөдөлгөөн гэж байдаггүй. Яг л хөгжим шиг хурдтай хөгжиж байна. Монгол залуус нүдээ аниад, чихээ таглаад, баримжаагаараа өөрсдийн юмаа хийгээд явж байж болохгүй. Олон улсын түвшинд заавал гарч, хөгжиж чаддаг гэдгээ харуулах ёстой гэж боддог.
 

Би өөрөө сурагч байхдаа их ичимхий хүүхэд байсан. Бүжгээ дагаад өөрийгөө илэрхийлэх байдалд суралцаж, өөрийгөө нээсэн учраас өөртэйгөө адилхан хүмүүст тусалж, тэдэнд нөлөөлье гэж боддог. Бүжиг бол цэвэр илэрхийлэл.

Т.Саруултөгс

YOLO: Танай бүжгийн сургалтын талаар сонирхъё.
"Aim4R  Dance studio" бүжгийн сургалтаа сүүлийн таван жилийн хугацаанд боловсруулж гаргасан. Таван шат дараалалтай таван одтой системийг бид боловсруулсан юм. Би өөрөө Солонгос, Японд сурч амьдарч байсан. Дээр нь дэлхийн 10 гаруй улсаар аялж байсан болохоор олон улсад ямар системтэйгээр заадгийг мэднэ. Гэхдээ энэ дундаас шигшээд, монгол хүний сэтгэхүйд тааруулан гаргасан систем юм. Шат шатанд шалгалт авч дээш гаргадаг академик талдаа.

Бүжгийг цаг зуурын юм гэж бодохгүйгээр академик талаас нь бодож, лекц хүртэл ордог. Ихэвчлэн өөрийгөө нээе, хамт олонтой болж, чаддаг болъё гэсэн хүсэл эрмэлзэлтэй залуус орж ирээсэй гэж хүсдэг. Яагаад гэвэл би өөрөө 10 жилдээ их ичимхий хүүхэд байсан. Бүжгээ дагаад өөрийгөө илэрхийлэх байдалд суралцаж, өөрийгөө нээсэн учраас өөртэйгөө адилхан хүмүүст тусалж, тэдэнд нөлөөлье гэж боддог. Бүжиг бол цэвэр илэрхийлэл.

Энийг дагаад хүн өөр болж эхэлдэг. Ахиж төрж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Би өөрөө 4,5-р ангид нь хичээлээ ордог. Нийтдээ 15 багштай, 100-130 мянган төгрөгийн төлбөртэй байдаг. Ихэвчлэн 16-23 насны залуус ирж суралцдаг.



 

YOLO: Танай байгууллагыг анзаараад байхад ашгийн бус юм шиг санагддаг. Нэг бол үнэгүй сургалт эсвэл такс нь 5000 төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Ямар зорилгоор ингэж сургалтаа явуулдаг юм бэ?
Гадаадын бүжигчид маш өндөр өртөгтэй байдаг. Шоу бизнесийн ямар ч төрөл бай бүжигчид чухал байр суурийг эзэлдэг. Дэлхийн хамгийн шилдэг энтертэйнерүүд болох Жексон, Бейонсе нарыг бүжиггүйгээр төсөөлөшгүй.  Адель шиг зогсож байгаад дуулдаг хүмүүс биш. Бейонсегийн хоёр бүжигчний 5 минутын гараа 30 саяар үнэлэгддэг. Бид өөрсдийнхөө үнэлэмжийг шууд тэгж тогтоох боломжгүй.  Хэтрүүлээд хэлэхэд гудамжны бүжгийг “Авьяаслаг Монголчууд” шоунаас хойш манайхан ойлгож эхэлж байна. Тийм болохоор гудамжны бүжгийг хөгжүүлэхийн тулд бид ашгийн төлөө явдаггүй. Бид биш  дараагийн үе маань үнэлэгдсэн  ч асуудал байхгүй. 

Яагаад гэвэл бид бүжигт хайртай. Хүнд өгдөг мэдрэмж, үр дүнгий нь бид мэдэж байгаа учраас. Дээр нь монгол залуучууд 25 нас хүрээд ирэхээр жин нэмж, тэрнээс хойш өөртөө итгэлтэй байдал, өөрийгөө сорих нь унтарч эхэлдэг юм шиг.  Тэрийг дагаад бүжиглэдэг хүмүүс нь дандаа  өсвөр насныхан байдаг. Гэтэл өсвөр насныхан санхүүгийн хувьд аав ээжээсээ хамааралтай, эсвэл цагийн ажил хийдэг учраас бид үнэ дээр ач холбогдол өгдөггүй. Гол нь энэ үеийнхэн таван жилийн дараа ямар хүмүүс болохыг бид мэдэж байгаа учраас хүлээцтэй, цар хүрээтэйгээр төлөвлөгөөнийхөө түвшинд явж байна.

Бүжгээрээ бид мэдээж мөнгө олж, сургалтууд маань ч сайн явж байгаа. Их хотын соёлыг хөгжүүлж, гадаадаас бүжигчин авчрахын тулд бид тодорхой хэмжээний хангалттай санхүүгийн бололцоотой байж л хийж чадна. Жишээ нь, Монголд рэп бүжиг байсан. Тэр бол дэлхийд байдаггүй бүжиг. Монголчууд өөрсдөө загварчлаад хийчихсэн. Тэрнээс биш гадаадаас бүжигчин авчраад, энийг рэп бүжиг гэдэг юм шүү гэж хэн ч бидэнд зааж байсангүй. Тэр түүх давтагдахгүй байх үүднээс гадаадын хүмүүсийг авчрах тал дээр анхаарч ажиллаж байна.

YOLO: Хоёр бүжигчинтэй цаашид хамтран ажиллах төлөвлөгөө бий юу?
Тийм байж болно. Цаашдын үүд хаалга нээгдсэн. "Jam republic"  бол дэлхийн шилдэг бүжигчдийг нэгтгэсэн Ази дахь том төлөөлөгч юм.  Энэ агентлагт дэлхийн 30 орчим улсын хамгийн шилдэг бүжигчид байдаг. Энэ үйл ажиллагаанаас цааш хамтарч ажиллаад нэрээ оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр олон улсын агентлагт бүртгэлтэй, олон улсын хэмжээнд сургалт авч чаддаг, хамтдаа хөгждөг болно. Гэхдээ хамгийн хэцүү нь түрүүн хэлснээр фэйсбүүкээр шууд харьцаад байж болдоггүй. Би өнгөрсөн гуравдугаар сард Сингапурт очоод "Jam Republic"-ийн төв студид очоод захиралтай нь уулзсан. Крис Брауны хоёр бүжиг дэглээчийг захирал нь өөрийн биеэр дагуулж ирж, Монголд ирээд бүжгийн хөгжилтэй танилцсаных нь дараа бид ярилцах ёстой байх.

 

Big Bang болон Tae Yang-н бүжиг дэглээч Lyle Beniga, Chris Brown-ы бүжиг дэглээч Rie Hata 2-той

Big Bang болон Tae Yang-н бүжиг дэглээч Lyle Beniga, Chris Brown-ы бүжиг дэглээч Rie Hata 2-той


YOLO: Өөрийн чинь яг одоо сонсож байгаа хамгийн гоё дуу юу байна?
Terror JR дуучны "3 strike" гэдэг дуу. Myke  гэдэг DJ-ийн хийсэн ремикс юм. Энэ дууг сонссоноос эхлээд би  бүтэн сар сонссон. Youtube-ээс олж сонссон шөнөө би унтаагүй.  Цоо шинэ ертөнц, мэдрэмж байсан. Энэ дуун дээр тун удахгүй Aim4R-ийнхан шинэ уран бүтээл хийх гэж байгаа.

YOLO: Цаашдын мөрөөдөл эсвэл зорилго тань юу вэ?
Би мөрөөдөөд суухгүй тэрийгээ төлөвлөөд зорилго болгохыг хичээдэг. Дараагийн хоёр жилд олон улсын хамгийн шилдэг бүжигчид цуглардаг сургалтуудад багшлах зорилготой байгаа. Яагаад гэвэл би сүүлийн хоёр жил тасралтгүй олон улсын сургалтуудад сууж, үргэлж шилдэг 10 эсвэл 20-т орж байсан. Дахиад жаахан хичээвэл тэнд багшлах хэмжээнд хүрчихнэ.

YOLO: Багшлах эрх олгодог юм уу?
Багшлах эрх байхгүй, их сургууль ч гэж байхгүй. Дэлхийн шилдгүүдтэй өөрөө нүүр тулж сурахаас өөр арга байдаггүй. Тийм учраас бидэнд диплом гэж байдаггүй. Гэтэл Монголд бүжиг дэглээч гэсэн диплом шаарддаг. Цэвэр мэдрэмж, чадварын асуудал байхад яагаад цаас шаардаад байгааг ойлгодоггүй. Тиймээс шилдэг бүжигчид дунд шалгарч, багшлах эрхийг авна гэдэг бол тэр зохион байгуулагч, агентлагуудын нүдэнд өөрийнхөө чадвараар өртөнө гэсэн үг.

Гэхдээ Европын аливаа арга хэмжээг зохион байгуулагчид, бүжигчид намайг мэддэг, таньдаг болсон. Маш сайн харилцаа холбоотой болсон. Жишээ нь,  Европын хамгийн шилдэг бүжигчдийн "Riddim dance" студид хоёрдугаар сард очихдоо багшлах гэж байгаад хуваарийн дагуу буцах өдөр маань таараад амжаагүй. Тэнд багшлах хэмжээнд байдаг. Гол нь тууштай зүтгэлтэй байхад болох байх.


"Riddim dance"-ийнхэнтэй

YOLO: Бүжигт өөрийг тань хөтөлсөн хүн хэн бэ?
Анх Крис Брауныг хараад надад маш гоё санагдаж байсан. Крис Браунтай адилхан шивээс хүртэл хийлгэж байсан. Маш их дэмждэг. Крис Браунтай хамтарч ажиллахыг, бүжигчнээр нь хойно нь сонгогдохыг хүсдэг. Крис Браун 21-р зуунд Майкл Жексон юу хийж байгааг давтаж байгаа хүн. Бүжиг дуу, шоу тоглолтыг хамгийн сайн хослуулж байна. Крис Брауны бүжиг дэглээчтэй хамтарч ажиллаж байгаа учраас тийм үүд хаалга нээгдэхийг үгүйсгэхгүй.

YOLO: Танд баярлалаа. Амжилт хүсье.

#AIM4R #Dance