ЗАХИДАЛ: Аав минь хорвоог орхиод удаагүй байхад найз залуугаасаа ч салчихлаа


ССҮТөв | YOLO.MN
2018-12-13

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Аав минь хорвоог орхиод удаагүй байхад найз залуугаасаа ч салчихлаа

Сайн байна уу? Би одоо 19 настай. Уг нь ийм насан дээрээ ингэж гутраад яваад байх ёсгүй гэдгээ мэдэж байгаа ч цаашид яах учраа олохгүй байна.

Саяхан, хэдхэн хоногийн өмнө би аавыгаа алдлаа. Миний аав бурхан шиг л, маш сайн хүн байсан. Аав минь дэндүү эрт хорвоог орхилоо. Уй гашуугаа тайлж амжаагүй байхад найз залуу маань бас асуудалтай болж бидний харилцаа дууслаа.

Одоо би яах ёстой вэ? Энгийн нэг, өөрийгөө завгүй байлга гэх мэтийн зөвлөгөө авмааргүй байна. Надад үр дүнтэй зүйл хэлж өгөөч. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Асуудлаас зугтах биш, харин нүүр тулаарай

Сайн байна уу? Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд эмгэнэл илэрхийлье. Асуудлаас зугтаах биш, харин нүүр тулаарай. Аавыгаа алдсан шаналлаа мэдэрч, хэзээ шаналж дуусах тэр хүртэл шанал. Энэ хорвоогоос явсныг нь хүлээн зөвшөөр.

Завгүй байж, санахгүй байхыг хичээвэл санасан сэтгэл, шаналал илэрхийлэгдэхгүй байсаар бүр муухайгаар илэрч болно. Тиймээс энэ тохиолдолд хэзээ ч завгүй бай гэж зөвлөдөггүй. Гэхдээ шанал гэхээр бүх цагт сэтгэлээр унасан байдалтай бай гэсэн үг биш шүү. Хийх ёстой зүйлээ хийж, үргэлжлүүлж сайжрах хэрэгтэй. Зүгээр л өдрийн тодорхой цагийг ч юм уу эргэн дурсаж бодох, сэтгэлээ засахад зарцуул гэсэн үг. Аавынхаа сайн сайхан байсан үеийг дурсаарай. Мөн хамт байсан дурсамжаа эргэн санаарай. Эдгээр өдрүүдийн дараа тайвшрахыг хичээгээрэй. Аав нь чамайг өөрийнхөө амьдралаар үргэлжлүүлээд инээмсэглэж, сайхан амьдраасай гэж хүсэх байсан гэдэгт итгэлтэй байна. 

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter