“Сүмо-25” гар зургийн уралдаанд түрүүлсэн Х.Хүслэн Японы "Дисней лэнд"-д аялах эрхээр шагнуулав


YOLO.mn | YOLO.MN
2018-12-11

Монгол хүн Японы мэргэжлийн сүмод барилдаж эхэлсний 26 жил, Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Монголын сүмо бөхийн холбооноос энэ түүхэн ойгоо угтан “Сүмо-25” хүүхдийн гар зургийн уралдаан, “Миний мэдэх Сүмо-25” хэвлэл мэдээллийн шилдэг бүтээлийн уралдаан, “Сүмо-25” асуулт, хариултын нэвтрүүлэг, тэмцээнийг зохион байгуулжээ. Эдгээр тэмцээн уралдааныхаа шилдгүүдийг шалгаруулж, өчигдөр /2018.12.10/ шагналыг нь гардууллаа.

Х.Хүслэнгийн зурсан зураг

25 жилийн ойг тохиолдуулан Япон орон, Японы мэргэжлийн сүмо бөхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн спортод хандах хандлага, сонирхлыг дэмжих, Монголын сүмо бөхчүүд, тэдний гаргасан амжилтыг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах зорилготой “Сүмо-25” хүүхдийн гар зургийн уралдаанд 300 гаруй хүүхэд оролцож, бүтээлээ илгээжээ. 

Зургийн уралдаанд Монгол Улсын консерваторын Төгөлдөр хуурын ангийн сурагч Х.Хүслэн тэргүүн байрт шалгарч, Япон улсын Дисней лэнд-д аялах эрхийн бичгээр шагнууллаа. Хоёрдугаар байрт, Баянхонгор аймгийн сурагч А.Чойжамц шалгарч нөүтбүүк, гуравдугаарт, Ховд аймгийн сурагч Б.Буянбадрах шалгарч 500 мянган төгрөгөөр шагнууллаа. 

 

Дисней лэнд-д аялах эрхийн бичгээр шагнуулсан Х.Хүслэн хүү энэхүү зургаараа Д.Кёкүшюзан Батбаяр Япон Монголын урлаг соёлын элч болон ажиллаж буйг харуулахыг зорьжээ. Тэрбээр, "Монголоос анх Д.Кёкүшюзан Батбаяр сүмо бөхөөр амжилт гаргаж, олон монгол залуусыг араасаа дагуулаагүй бол өнөөдөр манай бөхчүүд ингэж аварга болж чадахгүй байсан гэдэг санаа илэрхийлэхийг зорьсон" гэв.

#Competition