Монголын анхны шоколадан урлалын үзэсгэлэн MN TOWER-т байрладаг MN ART GALLERY-д 11-р сарын 30-нд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн 12-р сарын 6 хүртэл үргэлжлэх юм. Хамгийн анхны гэдгээрээ онцлогтой уг үзэсгэлэнг залуу уран бүтээлч, 21 настай Н.Зөнбилэг өөрийн бүтээлүүдээр дэлгэжээ.
Шоколадыг зөвхөн амттан хэмээн идэхээс гадна энэ амттанаар хийсэн бүтээлээр өөр төвшинд хэрхэн хүрч болох, хүн бүрийн дуртай амттан өнөө үед хэр хөгжөөд байгааг чадлын хэрээр таниулах зорилготой энэхүү үзэсгэлэнд нийт 300 гаруй килограмм шоколад зарцуулсан гэнэ.
Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний шоколад үйлдвэрлэгч “КЛОУН АХ” ХХК болон CIELO FOOD N BAR хамтран ажиллажээ.
Үзэсгэлэнгийн онцлог:
Гадаад улсуудад энэ чиглэлийн бүтээл өндөр хөгжсөн ч Монголд анх удаа гарч буй уг үзэсгэлэнгийн бүтээлүүдээс хамтдаа сонирхоцгооё.
Галерейн давхарт лифтнээс буумагц л бидний амтархан иддэг шоколадны үнэр, шоколадан Титаник хөлөг онгоцны хамтаар биднийг угтсан юм.
Энд шоколадан бүтээлүүдээс гадна уг амттаны түүх, какаоны тухай, өнөөгийн шоколадны ертөнц болон арав гаруй улсын шоколадны хөгжил гэх зэрэг олон мэдээллийг самбар дээр байршуулжээ. Үүнээс хамгийн сонирхолтой нэгэн мэдээллийг хүргэе.
ЭМЭГТЭЙЧҮҮД ЯАГААД ШОКОЛАДАНД ДУРТАЙ БАЙДАГ ВЭ?
Олон судалгаанаас үзвэл эмэгтэйчүүд шоколадыг илүү хэрэглэдэг. Учир нь эмэгтэй хүний биед фимелатины хэмжээ харьцангуй бага байдаг. Энэхүү фимелатин нь сэтгэл санааны тогтвортой байдалтай хамаатай тул сэтгэл санааны тавгүй байдлаас үүдэн эмэгтэйчүүд хэрэглэх нь элбэг. Тэнцвэргүй байдал үүсэхэд өөрийгөө эмчлэх инстинктээрээ шоколад иддэг ажээ. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүү их шоколад худалдан авдаг шүү дээ.
Олон зуун жилийн турш шоколадыг нэр хүнд, хайр, сайн сайхан бүхэнтэй холбосоор ирсэн. Хайр дурлалын баяраар ч бид бие биедээ энэ амттаныг л бэлэглэдэг.
Удахгүй болох шинэ жилийн баярын уур амьсгал ч үзэсгэлэнд шингэжээ.
Зарим бүтээлүүд нь үнэхээр гайхалтай, нөгөөтээгүүр эргэцүүлэл төрүүлмээр. Нэгэн залуу энэхүү зургийг харж 40 минут суусан гэнэ. Түүнд юу бодогдсон бол?
Танд эдгээр болон бусад бүтээлийг нь өөрийн нүдээр үзэхийг санал болгож байна. Хүссэн хүн бүрд үзэсгэлэнгийн үүд хаалга нээлттэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх